Шагайн харвааны цол, зэрэг олгох журмыг баталсан өдрөөс дагаж мөрдөнө
Монголын шагайн харвааны холбооны тэргүүлэгчдийн ээлжит тав дахь хурлыг цахимаар явуулж, үндэсний шагайн харвааны цол, зэрэг олгох журмыг баталснаар салбар холбоо, зөвлөл, клубийн гишүүд, харваач өвлөн уламжлагчид журам батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Үүнд журамд заасны дагуу 1991 оноос хойш УАШТ-ий багийн болон хүн нэг бүрийн цуваа харваанд хоёр ба түүнээс дээш удаа медальт байрт шалгарсан харваачдад спортын дэд мастер, мастер цолыг нөхөж олгох нь. Ингэхдээ харваачийн хүсэлт (амжилтыг нотлох өргөмжлөл, медаль, гэрэл зураг зэргийг үндэслэн)-ийг холбооны Ёс зүй, цол зэргийн хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэх аж. Мөн журмын 3.9.3-т заасан спортын дэд мастер цол олгохдоо энэ онд зохион байгуулсан нийслэл, аймгийн аварга шалгаруулах тэмцээн болон үүнээс хойш үзүүлсэн амжилтын нийлбэрийг үндэслэн холбооны Ёс зүй, цол зэргийн хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэх гэнэ.