Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалаас юу хүлээх вэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2022.II сар/Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж байв. Тэгвэл энэ удаагийн айлчлалаараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс гадна тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзах юм.
Гадныханд засгийн газрын 1.6 орчим жилийн насжилтаараа “доог”-луулдаг Монгол Улс энэ удаа хуучин Ерөнхий сайд нь түүний айлчлалаас хойших хоёр дахь Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай нь уулзах гэж буй нь энэ юм. Өөрөөр хэлбэл, харьцангуй залуу Ерөнхий сайд тогтвортой ажиллаж буй мессижээр хоёр дахь айлчлалаа хийж, ажлын таван өдөр тус улсад саатахаар төлөвлөжээ.
Айлчлалын талаар яригдаж буй мэдээллүүдээс хамгийн их анхаарал татаж буй агуулгууд нь,
- Хятадын иннавоцийн хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудаар орох,
- Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг өсгөх,
- Норинка, Чалко тэргүүтэй монголд муухан нэртэй ч БНХАУ-даа томоохонд тооцогддог компаниудтай уулзалт хийх, өдөрлөг зохион байгуулах,
- Төлөлтийн асуудал нь сөхөгдвөл Төв банкны валютын нөөцөд нэлээд жин дарах 15 тэрбум юанийн своп хэлцлийг дахин сунгах,
- Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Хангиийн чиглэл дэх төмөр замын гарцуудаа нарийн царигаар холбох асуудлыг түргэвчлэх,
- X богдын асуудлаар тусгаар улсын байр суриа илэрхийлэх зэрэг чухал асуудлууд хөндөн ярина гэгдэж буй.
Үүн дээр саяхан айлчлаад буцсан Францын Ерөнхийлөгч Э.Макроны Зүүн-Азид хийсэн айлчлал давхар холбогдож буй. Францын амбиц нь, өөрийн улсын технологиор Хятадад атомын цахилгаан станцууд барих, үүндээ Монгол Улсыг шар нунтаг нийлүүлэгч түүхий эдийн орноор харж буй талаар шинжээчид бичсэн.
УИХ-ын намрын чуулганаар Францын “Орано” групптэй 8 тэрбум ам.доллар орчимд яригдах хөрөнгө оруулалтын гэрээ зурагдахаар эдүгээ бэлтгэл ажил нь эхлээд байна. Оюутолгойн гэрээний дараад тооцогдох эл том гэрээний өмнө Францын шар нунтагийн асуудлаарх хамтын ажиллагаатай оронд нь манай улсын Ерөнхий сайд айлчлахаар товлогдоод байна.
Нөгөө талд өнгөрөгч тавдугаар сард ОХУ саяхан Владивосток боомтыг БНХАУ дотоодын ачаа тээвэртээ ашиглаж, нэрийг нь солих шийдвэр хүртэл гарсан. БНХАУ-ын зүгээс ОХУ-тай ийм нэгдмэл харилцаанд хүрэхийн зэрэгцээ тэдний холбооноос гарсан Төв Азийн улсуудтай тусгайлсан уулзалтууд хийж, Зүүн Ази руу үлэмж хэмжээнд анхаарлаа хандуулаад байна.
Мөнхийн хөрш улс орнуудын хувьд хоёр хөршийн дээрх нүүдэл дунд Монгол Улс хэрхэн асуудалд хандах уу, Ерөнхий сайдын айлчлалаар ямар ямар асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэх үү гэдэг нь ихээхэн анхаарал татсан агуулга юм.