АТГ: Нийслэлийн мега төслүүдийг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2026 оны тавдугаар сарын 18-нд нийслэлийн төсвийн зарцуулалттай холбоотой гэмт хэргийн талаарх мэдээлэл иржээ. Уг мэдээлэлд нийслэл Улаанбаатар хотын төсвийн зарцуулалт хаалттай, үр ашиггүй байгаа бөгөөд төсвийн нийт зарлага 1.2 их наяд төгрөгөөс 5.8 их наяд төгрөг хүртэл огцом өссөн ч бодит үр дүн, нийгэмд үзүүлж буй нөлөө, зарцуулалтын ил тод байдал хангалтгүй байгааг онцолсон байна. Мөн өндөр төсөвтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт муу байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ хийх шаардлагатай гэж үзжээ.
Уг мэдээллийг үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн 260200510 дугаартай хэрэг нээсэн байна. Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Хэрэг бүртгэлтийн хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгах юм. Мөн “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”, “Улаанбаатар метро” зэрэг томоохон төслүүдийн урьдчилсан зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлтэй холбоотой баримтуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна.