ХЗБХ: “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.20) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 31 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэхээр боллоо.
Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа болон Засгийн газраас тус тус өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулав.
Хуулийн төслийг Байнгын хорооны хорооны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж ажиллажээ. Ажлын хэсэг хуулийн төслүүдийг нэгтгэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд суурилсан бөгөөд зарчмын зөрүүтэй 3, найруулгын 1 багц санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 2 саналыг бэлтгэжээ.
Төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцээд, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байв. Байнгын хорооны дарга Б.Энхбаяр “Орчуулгаас үүдэн үндсэн конвенцын агуулгаас өөр зохицуулалтыг Эрүүгийн хуульд тусгахаар төслийг боловсруулсан байна. Үүний зэрэгцээ Эрүүгийн хуульд байхгүй ял шийтгэлийг хэрэглэхээр тусгасан байсан учраас Засгийн газартай зөвшилцөөд хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн” гээд “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргав. Энэхүү саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуралдаанаар “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч мөн дээрх шалтгаанаар төслийг хууль санаачлагчид нь буцаах саналын Байнгын хорооны дарга Б.Энхбаяр гаргав. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дээрх горимын саналыг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Энэ өдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Засгийн газраас энэ сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна.” гэж , 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана” гэсэн зорилт тусгасан.
Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан, төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хугацаа дуусгавар болж хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хэлэлцсэн байна. Дүгнэлтээр тус хөтөлбөрт төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилт дунджаар 75 хувьтай гарсныг Х.Нямбаатар сайд танилцуулав. Хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан авлигатай тэмцэх ажилд ахиц гарч тодорхой үр дүнгээ өгсөн. Үүний зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулж, хэрэгжилтийг сайжруулах, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэхэд иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг энэхүү үндэсний хөтөлбөрөөр хараахан хүрээгүй, үргэлжлүүлэн сайжруулах шаардлагатай зарим үйл ажиллагаа, арга хэмжээ хүлээгдэж байгаа гэв.
Түүнчлэн Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр 180 орноос Монгол Улс 2017 онд 103, 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарах ач холбогдолтой гэж үзсэн байна.
Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тэгш бус байдлыг үүсгээд байна. Энэ нь улс орны эрсдэлийг нэмэгдүүлэн олон улсын байгууллагуудын үнэлгээнд муугаар нөлөөлж, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулахад хүргэсэн гэжээ. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан.
Иймд дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, авлигын төсөөллийн индексэд ахиц гаргах, түүнчлэн Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 дуусаж байгаатай холбогдуулан авлигатай тэмцэх ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, дараагийн хөтөлбөрийг батлах хэрэгцээ, шаардлагыг үзэл баримтлалд тодорхойлж, түүнд нийцүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон хөтөлбөрийн төслийг боловсруулжээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хөгжлийн зорилтот хөтөлбөрт хамаарч байгаа юм бйана. Хөтөлбөрийн төслийг Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд хөтөлбөрийн төслийг авлигатай тэмцэх талаарх төрийн бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааг цогцоор авч үзэн, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зарчмыг баримтлахын зэрэгцээ Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас 2023 онд зарласан авлигатай тэмцэх “5Ш ажиллагаа” зэрэг арга хэмжээтэй уялдуулан тодорхойлсон байна.
Хөтөлбөрийн төсөлд нийт 10 зорилго, 46 зорилт, түүнийг хэрэгжүүлэх 203 үйл ажиллагааг тусгажээ. Хөтөлбөрийн хүрээнд тодорхойлсон нийт үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэх юм байна. Үр дүнд нь нийтийн албаны авлигын түвшний олон улсын үнэлгээгээр оноо жил бүр өсөж, улсын төсөв тэлэх, иргэдийн төрийн байгууллага, төрд итгэх итгэлийн түвшин нэмэгдсэн, иргэдийн орлого өссөн, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхжинэ хэмээн төсөл санаачлагч үзжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй зэрэгцүүлэн, чухалчилж анхаарахыг Ж.Сүхбаатар гишүүн уриалсан. Энэхүү хөтөлбөрийн төслийг өмнө нь баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн концепц, бодлогын реформдоо нийцүүлэх ёстой гэдэг байр суурийг Б.Энхбаяр гишүүн илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-т “Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь /хэсэгчлэн/ хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргах” хэмээн заасан байдаг. Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаан хянан шийдвэрлэсэн байна. Үндсэн хуулийн цэцийн тус хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн оролцсон байна. Тэрбээр Байнгын хорооны хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийн талаар танилцууллаа.
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.
Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад “газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин.” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүснэгтийн 6 дахь заалтад “Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 10 дахь заалтад “Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн, 285 000 төгрөг” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэснийг тус тус зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн байна.
Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчөөгүй хэмээн дүгнэлт гаргажээ.
Иймд Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтуудыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг Г.Тэмүүлэн гишүүн танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ш.Адьшаа нар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс асуулт асууж, хариулт авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил нар дээрх дүгнэлттэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Дараа нь Онцгой албан татварын тухай хуулийн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.