Хууль үйлчилдэггүй далай даян дархан сайд

images (97)

Эх сурвалж: Өдрийн сонин

Үндсэн хуульдаа “хууль хүн бүрд тэгш үйлчилнэ” гээд заачихсан Монгол улсад хүн бүр хуулийн дор амьдардаг. Цор ганц хүнд л Монголын хууль огт үйлчилдэггүй юм. Хуулийн дээр сээхэлзэж амьдардаг тэр хүнийг Батмөнхийн Батцэцэг гэдэг.

Гадаад харилцааны сайдаар бүтэн аравны турш дархлагдсан сайд эмэгтэйд Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Тендерийн хууль, Төрийн албаны хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд огт үйлчилдэггүй.


Хэвлэл мэдээллийнхэн Гадаад харилцааны сайдын хулгай, луйврыг өдөр бүр шинэ баримттайгаар дэлгэн тавьж байна. Б.Батцэцэг сайдын баруун зүүн гар болсон Н.Цэрэндолгор, Э.Ариунгэрэл нар гадаад паспорт хэвлэдэг төрийн компанид эзэн сууж, тэрбум тэрбум төгрөг завшсан баримтыг ил болгочихлоо. Сайдын ойрын хүн Б.Сувдмаа гадаад паспорт хэвлэдэг төрийн компанид 41.5 тэрбумын бараа ямар ч тендергүй шахсаныг мөн л баримттайгаар нотолчихлоо. Энэ бүхний хариуд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Сэтгүүлчид бол сангасаа гоожуулсан тагтаа, та нарын үгийг хууль хяналтынхан тоохгүй” гэж доромжилж намжирдав. Тэр бүхний эцэст Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, АТГ, хууль хяналтынхан Б.Батцэцэг сайдын тендер тойрсон маапааны талаар ганц үг ганхийсэнгүй.

Хачирхалтай нь Ерөнхий сайд, АТГ, хууль хяналтынхан Б.Батцэцэгээс бусад улстөрчийг юухнаар ч бол яллаад суудлаас нь ховхолчихдог. Л.Оюун-Эрдэнийг “Бэр нь 20 сая төгрөгийн цүнх үүрлээ” гэж цоллонгуутаа Сүхбаатарыг талбайг төлбөртэй жагсагчдаар дүүргэж, сошиалд дүүжилж байгаад Ерөнхий сайдын суудлаас нь унагачихсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрс ярьж байгаад огцруулчихсан. Хэдхэн хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатарыг “махны үнэ нэмсэн байж болзошгүй” гэж хардаад огцруулчихлаа.

Зүй нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарт үйлчилдэг хууль Б.Батцэцэгт үйлчлэх ёстой юм.Харамсалтай нь Монголын хуулийн үйлчлэл энэ хүний өмнө хүчин мөхөсддөг. Төрийн ордон дахь эрх мэдэлтэн, дарга сайд нараас эхлээд талбай дээрх чин зоригт, төлбөр ихт жагсагчид хүртэл Б.Батцэцэг сайдын нэрийг хэлэхээс айдаг.

Тэр бол бусдаас тэс өөр. Хэн хүнд заяадаггүй өөр одонд төрсөн нэгэн. Гоё үстэй, гоё дээлтэй, мөнхөд сайд байхаар заяагдсан төрийн том түшээ. Баруун, зүүн гарын хүмүүсээ ашиглаж төрийн мөнгийг хэчнээн тэрбумаар нь завшлаа ч түүнд хэн ч юу ч хэлэх эрхгүй. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд түүний дэргэд хэн ч биш. Хууль хяналтынхан түүнийг шалгавал ажил амьдралаасаа салах нигууртай. Тэр ийм л онцгой эрх дархтай монголжингоо.

Өнгө өнгийн дээлээр гоёж дэлхийд Монголынхоо нэрийг “хөөрхөн сайд” гэдгээрээ тамгалж яваа онцгой нэгэн. Өөрийнх нь хэлсэнчлэн хэрвээ хэн нэгэн сайд эмэгтэйн талаар ноцтой баримт дэлгэвэл Монголын аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлнө.

Тийм учраас Ерөнхий сайд хүртэл танхимынхаа сайд эмэгтэйн тендер тойрсон элдэв булхайн талаар ам нээж зүрхлэхгүй өнөөг хүрсэн юм. Учир нь тэр Монголын нийгэм, улс төрд хэн гэдгээ тод тамгалж чадсан “далай даян даяар дуурсагдах дархан сайд”. Түүний тухай ноцтой бөгөөд үнэн баримтуудыг дэлгэсэн сэтгүүлчид ч сайд эмэгтэйн сүр хүчний өмнө бууж өгч байна. Монгол төрд ингэтлээ сүртэй, хүчтэйгээр дархлагдсан энэ хүнийг Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг гэдэг.

About Author