Өвөрхангай аймгийн БОЭТ-ийнхөн судасны бүлэн уусгах эмчилгээ нэвтрүүлжээ
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)- ийнхөн 2022 онд ангиографийн аппарат суурилуулан, эмч, мэргэжилтнүүдээ үе шаттайгаар бэлтгэсний үр дүнд 2025 оноос судасны бүлэн уусгах эмчилгээ нэвтрүүлжээ. Тэгвэл Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар БОЭТ-д ажиллан, бүлэн уусгах болон судсан дотуурх оношилгоо, эмчилгээнийх нь чадавхыг “шалгаж”, хамтран мэс засал хийсэн байна. Хоёр өдрийн хугацаанд зүрх, судасны нэн хүнд өвчтэй найман үйлчлүүлэгчид хагалгаа хийж, 30 гаруй хүнд зүрхний хэм алдагдал болон бусад оношилгоонд хамруулж, тусламж үзүүлсэн байна. Мөн бүлэн уусгах буюу цусны урсгалыг сэргээх яаралтай эмчилгээний чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.
Аймгийн БОЭТ нь судсан дотуурх оношилгоо, эмчилгээний чиглэлээр яаралтай тусламж үзүүлэх эмч нарын багаа сүүлийн 2-3 жил бэлтгэж, шаардлагатай аппарат, тоног төхөөрөмжөөр хангажээ. Мөн энэ төрлийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлдэг болсон нь бүсийн хүн амд давуу тал болж байна. Ингэснээр цус харвалт, зүрхний шигдээс, уушгины судасны бөглөрлийн үед яаралтай мэс засал хийж,
хүний амь, эрүүл мэндийг аврах боломж бүрдсэн аж. Ангиографийн эмч нарын мэргэжлийн ур чадвар ч сайн байгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн хэллээ. Тус эмнэлгийнхэн МОН/007 төслийн хүрээнд орон нутагт шат дараатай ажиллаж, зүрх, судасны эмч нарыг чадавхжуулан, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж буй нь энэ.