Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг муухай харагдуулах сонирхолтой хүмүүс их байдаг

cbfab11ca5c1f129e0870cafb2baebc8

Эх сурвалж: Өдрийн сонин

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай ярилцлаа.


-Манай улс Рио тинто компанитай хэлэлцээр хийж, нэлээд амжилттай боллоо гэж байна. Хэлэлцээрийн үр дүн дээр тайлбар өгнө үү?

-Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар гурван ажлын хэсэг гарсан. Үүний хоёрыг нь би, нэгийг нь Сангийн сайд ахалж байна. Миний ахалсан хоёр ажлын хэсгийн нэгийнх нь хэлэлцээр үр дүнтэй болоод саяхан дууслаа. Маш сайн амжилттай ажилласан. Менежментийн төлбөрийг бууруулж, олон улсын жишигт хүргэх ажлын хэсэг байсан. Ажлын хэсэгт Монголын маань мэргэжилтэн залуус нэг баг болж, долоон сарын турш тасралтгүй хийсэн хэлэлцээрийн үр дүнд олон улсын түвшинд хүргэж, менежментийн төлбөрийг буурууллаа. Хоёрдугаарт, давхардуулж авдаг байсан хоёр ч төлбөрийг болиуллаа. Ингэснээр Оюу толгой төслийн нэгдүгээр үе шатанд хамгийн багадаа 2.2 тэрбум ам.долларын зардлыг бууруулж, Монголын талын хүртэх өгөөжийг 1.5 тэрбум ам.доллараар ахиуллаа. Төслийн хоёрдугаар шатанд бас ийм хэмжээний орлого нэмэгдэнэ. Гуравдугаар шатанд харин үүнээс их хэмжээний орлого нэмэгдэх тооцоололтой байгаа. Дараагийн нэг чухал ажил бол Онтрэ компанитай хийх хэлэлцээр бий. Үүнийхээ бэлтгэл ажлыг хангаад явж байна.

-Онтрэ компанитай хийх хэлэлцээр хэзээ хийгдэх вэ?

-Зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийгдээд явж байна.

Бас УИХ-ын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Б.Энхбаяр сайд ахалж буй бас нэг ажлын хэсэг байгаа. Энэ чинь нэг том багц ажил явж байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар УИХ-аас өгөгдсөн үүрэг даалгавар болон ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын төлөө бүхий л яригддаг сэдвүүдээр хэлэлцээр хийгдээд явж байна. Ганцхан саяны хэлэлцээрийг хийгээд болчихсон гэж бодож болохгүй.

-Менежментийн зардал гэж чухам юуг хэлээд байна вэ?

-Менежментийн зардал гэдэг бол дэлхийн хэмжээний ийм том, олон системийг нэгтгэж удирддаг төслүүд дээр зайлшгүй хийгдэж байдаг төлбөр. Энэ төлбөрийн дэлхийн дундаж нь дөрөв орчим хувь байдаг. Эсвэл үр дүн дээр суурилдаг. Гэвч энэ нь бас их өндөр байгаад байдаг. Тэгэхээр нэмэлт төлбөрүүдийг нь оруулаад ес орчим хувь хүрдэг байсан юм. Харин хэлэлцээр хийгээд бид үүнийг дөрвөөс доош хувь болгосон гэсэн үг.

-Менежментийн төлбөрийг яагаад заавал өгөх ёстой юм бэ?

-Хоёулаа гараад 1500 метрийн гүнд байгаа хүдрийг олборлох гэвэл чадахгүй шүү дээ. Үүнийг манай улсад хийж байсан хүмүүс ч, туршлага ч байхгүй. Дээрээс нь энэ ажлын санхүүгийн мөнгөн урсгал, хүний хүчийг зохицуулах гээд их ажил бий. Энд чинь 10 мянган хүн ажиллаж байна шүү дээ. Газар доорх тунелиудын байршил, хэмжээ, хөрсний нягтралыг тооцож ухах, дэлбэлэх, ашиглаж байгаа техник хэрэгслийн засвар, тохируулгыг хийх гээд бүгд мэдлэг шингэсэн ажил. Тиймээс энэ мэдлэг шингэсэн ажилд дэлхий даяараа л төлбөр төлдөг. Үүнийг л менежментийн төлбөр гээд байгаа юм. Гэхдээ одоо манай залуучууд суралцаж байна. Магадгүй Оюу толгойн уурхайн бүрэн хэмжээнд ашиглалтад ороод явах цагт манай үндэсний мэргэжилтнүүд ийм хэмжээний уурхайг удирдаад авч явж чаддаг болох байх. Одоо эхнээсээ монголчууд удирдлагад нь томилогдоод эхэллээ. Том төслийн өгөөжийн бас нэг зүйл нь хүний нөөцийн чадварыг сайжруулж байдаг.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил ямар түвшинд яваа вэ. гадаад зээллэгтэй холбоотой хуулийн төслийг дахин шинээр өргөн барьчихсан байх, тийм үү?

-Ний нуугүй хэлэхэд, энэ үйлдвэр олон жил яригдаад байгаа боловч яг бодит ажил нь дөнгөж 2020 он хавьцаа л эхэлсэн юм билээ. Тэгж байтал цар тахал гараад бас хэсэг зогссон. Ер нь их олон зовлон бэрхшээл туулж яваа төсөл. Манай улсын Үндэсний аюулгүй байдал, түлш шатахууны хамааралт байдлаа бууруулахад нэн чухал төсөл байгаа юм. Энэ төслийн бүтээн байгуулалтын ажил одоо эрчимтэй явагдаж байгаа. Харин энэ төслийг муухай харагдуулах сонирхолтой хүмүүс их байдаг. Цаад санааг нь олон түмэн ойлгож байгаа байх. Энэ төсөл дээр Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хууль яагаад чухал юм бэ гэж хүмүүс их асуудаг. Энэтхэг улсаас бидэнд зээл бүрэн хэмжээнд ав гээд тавьчихсан. Гэтэл манай Төсвийн тухай хуулиар гадаадын зээл, тусламжийг төсвийнхөө орлого, зарлагад бүртгээд гадаад өрийн хэмжээ, төсвийн боломж хоёроо харахаар энэ төслийн жилд хийх боломжит мөнгөн дүн нь 50-60 сая ам.доллараар л ажил хийх боломжтой байгаа юм. Гэтэл зээл нь бэлэн, ажил нь байгаад байдаг ч зарцуулж чаддаггүй. Тэгээд авч чадахгүй байгаа зээлдээ бид төлбөр төлөөд яваад байдаг. Үүнээсээ болоод ажил нь уддаг. Энэ маягийн хурдаараа бол бараг 10 жил явж байж дуусна. Одоо бодит ажлын гүйцэтгэл нь 50 хувь гэвэл санхүүжилт нь 20 орчим хувийг нь л өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэж байгаа компани нь ажлаа хийгээд яваад байгаа гэсэн үг. Үүнийг хуулийн үр дүнгээр санхүүжилтынх нь хэмжээг эрс нэмэгдүүлээд нэг жилд 10 ажил хийх байсан бол 100-г хийх боломжтой болно. Энэ хэрээр төсөл хурдан баригдаж дуусна. Одоо хамгийн чухал ажил бол технологийн лицензтэй тусгай үйлдвэрлэгчид тоног төхөөрмжүүдээ яаралтай захиалах хэрэгтэй байна. Эхнээсээ одоо ирж байгаа.

-Хууль батлагдчихвал 2028 ондоо амжиж ашиглалтад орох уу?

-Ингэвэл 2028 ондоо ашиглалтад орчихно л гэж үзэж байгаа. Ажил ер нь их хурдтай явж байгаа шүү дээ. Ер нь хими-технологийн асар том комплекс төсөл. Дээрээс нь манай улсын анхных. Энэ төслийг их үнэтэй гэж яриад байдаг. Гэтэл манай улс ийм ганцхан үйлдвэртэй. Энэ үйлдвэр дээр чинь янз бүрийн тосууд ирнэ. Тэдгээрийг янзалж, жигдрүүлдэг, дахиад нэг үйлдвэр баригдаж байна. Зөвхөн энэ үйлдвэрт зориулагдсан цахилгаан станц баригдаж байгаа. Бусад газрын тостой улсуудад яагаад хямдхан байгаад байдаг вэ гэхээр 7-8 үйлдвэрийн дунд тос тохируулагч үйлдэр нэг, станц нэг байхад л болчихдог. Гэтэл манайд ганцхан, бүх дэд бүтцийг нь цуг хийх ёстой учраас үнэтэй байхаас аргагүй. Ийм технологийн асуудлууд байна. Үүнийг нь ойлгох хэрэгтэй.

-Яамны зүгээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлдэж байгаа байх?

-Бэлэн болчихсон, бид өргөн барих гээд УИХ-ын даргаас цаг хүлээж байна. Бүх бүрдлээ хангасан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлчихсэн. УИХ-ын дарга цаг өгвөл өргөн бариад хэлэлцээд явна.

-Энэ хуульд орсон гол өөрчлөлтүүд юу вэ?

-Манай улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалт, эдийн засагт шинэ мөнгө орж ирэх хамгийн эхний салбар бол уул уурхай. Бид үүнийгээ хэт их туйлшрал, буруу бодлогоор удирдсанаас болоод хумиад хаячихсан. Тийм болохоор манай эдийн засаг цаашаа тэлэх боломжгүй болчихсон. Шинэ мөнгө орж ирэхгүй байгаа юм. Тэгэхээр дэлхий даяар геополитикийн тогтворгүй нөхцөл байдалтай, газрын тосны хэрэгцээ нэмэгдэж байгаа үед хөрөнгө оруулалт татах гэж уралдацгааж байна. Ийм үед бид хаалгаа хаачихаад суугаад байж болохгүй. Тиймээс сүүлийн 12-13 жил хийгдээгүй өөрчлөлтийг хийнэ. Хөрөнгө оруулалт хийх боломжийг нээнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгодог болно. Одоо зөвхөн тендерээр хийж байгаа. Ингэхээр дотоодын аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна. Ер нь монгол хүн л ажилтай, хөрөнгөтэй болж байх нь манай төрийн зорилго. Тиймээс үүн рүүгээ чиглэсэн бодлого хийнэ. Дээрээс нь уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг төв төсөв рүү төвлөрүүлээд, уул уурхайг дэмждэггүй, хариуцлагатай уул уурхайтай хамтарч ажиллаж чаддаггүй аймгуудад нь ч мөнгө өгөөд байдаг. Бараг хамтарч ажиллаж чадаж байгаад нь бага өгөөд байхаар баялгийн буруу хуваарилалт болчихож байгаа юм. Ингээд ялгаагүй мөнгө авч байгаа учраас уул уурхайг явуулахгүй гэдэг тал руугаа яваад байна. Уул уурхайг чинь байгаль, эдийн засаг, хүн ардад ээлтэй хийж болдог. Канад, Австрали улсуудын бодит жишээ байна. Энэ улсуудын жишгийг бид хийх ёстой. Тиймээс стандууртыг нь оруулж ирнэ. АМНАТ-ын хуваарилалтыг шударга болгоно. Уул уурхайтай хамтарч ажиллаж чадахгүй байгаа аймгуудад нь бага, чадаж байгаад нь илүү хөрөнгө оруулалтын хуваарилалт очдог болно. Түүгээрээ эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцээ өөд нь татах боломжийг бүрдүүлнэ. Одоо чинь уул уурхайгүй аймаг гэж зарлачихаад хамгийн их зам тавиулж, тог татуулаад сууж байна. Өмнөговь, Эрдэнэтээс орж ирсэн орлогоор амьдраад, уул уурхай хэрэггүй гэж байгаа нь шударга бус байхгүй юу. Ний нуугүй хэлэхэд, төсвийн орлогын 40 хувийг энэ салбар бүрдүүлж байна. Улсад шинээр орж ирж байгаа 100 ам.доллар болгоны 95-ыг нь энэ салбар хийж өгч байгаа. Тэгэхээр ганц авч явч байгаа салбараа зөв менежментээр удирдаж, орж ирж байгаа орлогыг зөв удирдах нь төрийн ажил. Уул уурхайг дэмжээд, дэмжээд өөрийнх нь сум сургууль, цэцэрлэггүй, эвдэрчихсэн байх юм бол ард түмэн уурлах нь зөв. Харин уул уурхайг явуулахгүй хэрнээ сургууль, эмнэлэгтэй, сайн сайхан байгаад байвал тэр хүмүүс дэмжихгүй байх нь зөв шүү дээ. Энэ бол төрийн буруу хуваарилалт, менежментийн л асуудал. Мөн энэ хуулиар бид чухал ашигт малтмалаа тодорхойлно. Ингэж байж олон улсын геополитик дээр шинэ салбарыг бий болгоно. Одоо чинь манайх нүүрс дээр л суурилсан эдийн засагтай байгаа. Эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг. Харин манай Засгийн газар эхлээд орлого олж байгаа энэ салбараа төрөлжүүлнэ. Нүүрснээс гадна зэсээ гаргаж ирэх хэрэгтэй. Зэсийн салбараа бид амыг нь боогоод хаячихсан. Дэлхийн хамгийн өндөр АМНАТ тавиад Оюу толгой, Эрдэнэт хоёроос өөр юу ч байхгүй. Цаана нь 20-иод төсөл хүлээгдэж байна. Энэ төслүүдээ хөдөлгөж чадвал бид шинэ Оюу толгой, Эрдэнэттэй болно.

-Уул уурхайн салбарын бас нэг төвөгтэй зүйл нь аж ахуйн нэгжүүд, хайгуул, ашиглалт хийх гэхээр багийн, сумын ИТХ нь хуралдаад, тэр газрыг нь орон нутгийн хамгаалалтад авчихдаг гэж ярьдаг. Өргөн барьсан хуулиар энэ асуудлыг шийдэх үү?

-АМНАТ-ын хуваарилалтаас л болоод байгаа юм. Уул уурхайг дэмжээд байхад орон нутагт нь мөнгө орж ирэхгүй бол ингэх нь зөв шүү дээ. Бодлого нь л буруу байгаад байгаа юм. Үүнийг л засах гээд байна.

-Газрын ховор элемент дээр ямар бодлого барьж байгаа вэ?

-Чухал ашигт малтмал гэдэг, энэ чинь ороод явж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийг хэн ч өмнө нь ийм хэмжээнд авч ирээгүй. Одоо бид УИХ-ын даргын цагийг л хүлээж байна.

About Author