Менежментийн зардлын төлбөр мөсөн уулаар харьцуулбал дөнгөж үзэгдэх төдий хэсэг

283c6b46acab02d233a22abe79f7c270

Эх сурвалж: Zuv.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан Оюутолгойн хэлэлцээрийн багийнханд Ерөнхий сайд Н.Учрал “…Монгол Улсын хөгжилд онцгой ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болох Оюутолгой төслийн менежментийн үйлчилгээний зардлыг бууруулах хэлэлцээрийг улс орныхоо эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө хариуцлагатай, мэргэжлийн түвшинд амжилттай хийсэн танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө уйгагүй хөдөлмөрлөж, өөрийн мэдлэг чадвар, тэвчээр хатуужил, эх оронч сэтгэл, төрийн албаны ёс зүйг нотлон харуулсан Монголын шинэ үеийн шилдэг төлөөлөл болсон танд талархал илэрхийлж, батламж хадгалуулав” хэмээн гарын үсгээ зураад шагнажээ.

Менежментийн үйлчилгээний зардлын хэмжээг бууруулсан талаар Ерөнхий сайд Н.Учрал “Ард түмэндээ шинэ сайн мэдээ дуулгая” гээд тун баяртайгаар энэ талаар мэдээлсэн. Ерөнхий сайд болсноосоо хойш дандаа хөмсөг зангидаж, шазуур зуун, нөөцийн махны хэрүүл хийж, Хотын даргаа огцруулж байгаагаа мэдэгдэж, шалгана энэ тэр гэснээс өөрөөр ингэж нүд нь гэрэлтэж байхыг хараагүй уджээ.

Ер нь таатай мэдээ цөөхөн дуулдах болсон энэ үед Менежментийн үйлчилгээний зардлын хэмжээг хоёр дахин бууруулсан тухай мэдээ сайн мэдээ юу гэвэл тийм. Гэхдээ бас туйлын ихээр хөөрцөглөх мэдээ юу гэвэл үгүй.

2009 онд Рио Тинтотой Оюутолгойн гэрээг байгуулах үеэр Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэмээх нууц гэрээг давхар байгуулсан байдаг. Энэхүү гэрээнд Оюутолгойн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах гүйцэтгэх удирдлагатай байна, менежментийн үйлчилгээний төлбөр гэж хувь эзэмшигч Рио Тинто 11 төрлийн үйлчилгээгээр төлбөр авна гэж заасан байдаг. Сүүлд Дубайн гэрээний нэмэлтээр нөхцөл бүр ч дордсон. Тэр үед шинэчилсэн 35 хуудас бүхий Менежментийн гэрээгээр менежментийн үйлчилгээний төлбөр мөн үйл ажиллагааны зардал, зарлагын төлбөр бүр давхардуулсан байдлаар ч Рио Тинто руу шилжсээр байлаа. 

Менежментийн зардлыг Монголын талаас хянах ямар ч боломжгүй, тэд дунд чөмгөөрөө дургиж байна уу мэдэх аргагүй, тэгснээ үйлчилгээ үзүүлсэн гэж тогтмол мөнгө төлсөөр. Зардал хэтрээд алдаа гарсаар байсан ч тэд үйлчилгээний төлбөрөө авсаар. Төслөөс ногдол ашиг хүртэх хугацаа 12-15 жилээр ухрав. Тэдний үзүүлж байгаа гүйцэтгэл нь алдаатай, зардал хэтэрч, хөөрхий монголчуудад ашиггүй байсан ч тэд жишим ч үгүй төлбөрөө авсаар ирсэн. Маркетинг, хууль, мэдээлэл технологи гээд Оюутолгой хялбархан хийчих асуудал дээр Рио Тинтод мөнгө төлдөг хэрэг л дээ. Баяжмалыг авдаг газар нь тодорхой. Ганц урд хөрш байхад маркетингийн зардал ч гэх шиг. Инженерчлэл, уурхайн дизайн энэ тэр яахав гэхэд ихэнхийг нь Оюутолгой өөрийнхөө нөөцөөр хийж чадах зүйл дээр мөнгө авсаар ирсэн. Ер нь хуваарилалт нь шог тохироон дээр сурснаараа Риогийнхон ашиг хийсээр ирсэн нь энэ. 

Тэрэндээ тулбал, нэг хувь нийлүүлэгч Монголын тал ч Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюутолгой компаниараа Оюутолгой төсөл дээр менежментийн үйлчилгээ, зөвлөгөө үзүүлсээр ирсэн. Тэгвэл манай талд яагаад төлбөр өгч байгаагүй вэ гэдэг асуудал ч ургаж гарна. Менежментийн үйлчилгээний төлбөрийн талаар товч дурдахад ийм.

Одоо алийн болгон Оюутолгойг хөхнөөсөө гараагүй ишиг шиг болгож, эндээс гувшиж явах вэ. Оюутолгой нэгэнт төслийн үеэ өнгөрөөж, үйлдвэрлэлийн үедээ орлоо. Биеийг нь даалгаж, борвижуулах ёстой. Хөрөнгө оруулагч нэрээр менежментийн зардал байнга татаад байж болохгүй. Энэ төслийн олон мэдээлэл биднээс далд, нууц байж ирсэн учраас бид хянаж ч чадахгүй, шүүмжилж ч чадахгүй ирсэн. Дээрээс нь мэдээлэлгүй биднийгээ төөрөгдүүлэхдээ сайн. Ойрын үед Онтрегийн асуудал шийдэгдлээ, 34 хувиар тохирсон гэсэн мэдээ харагдаад байсан. Угаасаа 34 хувиар тохирчих санаа тэдэнд байгаа, харин бид Үндсэн хуулинд заасан дийлэнх хувиа эзэмших гэрээг хийвэл хийнэ, үгүй бол лицензээ цуцлаад авах эрхтэй гэдгээ ойлгох ёстой. Үүн шиг ганц менежментийн үйлчилгээний зардлын хямдралд нь бид юутай хээтэйгээ хууртаад байж болохгүй.

Оюутолгойн гэрээг сайжруулах талаар монголчуудын хүлээж байгаа, өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-аар баталж, Засгийн газарт өгсөн даалгаврын зөвхөн өчүүхэн хэсэг нь энэ менежментийн үйлчилгээний зардал. Мөсөн уулаар харьцуулбал дөнгөж үзэгдэх төдий хэсэг нь. Харин усны доор байгаа тэр том хэсгийг энэ гэрээгээр яагаад хийсэнгүй вэ.

Энэ хэлцлийг хийж чадсанаар 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурах болж, монголчуудын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх болсон талаар Ерөнхий сайд дурдсан.

Гэрээ байгуулагдсан 2009 оноос 2024 оны хооронд гэхэд нийтдээ менежментийн төлбөрт жил бүр 120 орчим сая ам.долларыг Рио Тинтод төлжээ. Үүнийг хоёр дахин буурууллаа гэвэл жилд дунджаар 60 сая ам.долларыг бууруулсан гэсэн үг. Гэтэл бид хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүнд өдөр бүр 4 сая ам.доллар төлж байгаа шүү дээ. Бүтэн нэг жилийн хэмнэлт нь бидний хүүндээ ердөө 15 өдөрт л өгдөг мөнгө байна ш дээ. 2037 он хүртэл бид 25.1 тэрбум ам.доллар төлөхөөр байгаа. Менежментийн зардлыг буулгаснаар хэмнэж байгаа 2.2 тэрбум төгрөг энэ 25 тэрбумын хажууд нохойн жогорхой байгаа биз дээ. Ийм учраас мөсөн уулын зөвхөн орой нь юм аа. Илүү чухал асуудлуудыг хэзээ шийдэх вэ гэж амжилт гаргаад хөөрч байгаа энэ үед нь асуумаар байна. Рио Тинто компаниас Оюутолгой төслийг санхүүжүүлэхээр олгосон хүүгээс хүү тооцдог энэ өндөр хүү өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 12.5 тэрбум ам.доллар, хуримтлагдсан хүү нь 6.45 тэрбум ам.доллар байна. Өдөр бүр хөдөлж байдаг энэ зээлийн хүү нэмэгдсээр улам бүр байгаа. Өнөөдөр шагнуулаад зогсч байгаа сайд Г.Дамдиннямыг Рио Тинтотой хийх хэлэлцээрийн багийг ахлахаар болж байсан өнгөрсөн аравдугаар сард өдөрт хүүнд 10 тэрбум төгрөг төлж байлаа.

Оюутолгой төсөлд монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Онтрэгийн гэрээг хийх, Хувь нийлүүлэгчдийн гэрээг шинэчлэх, зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг бууруулах даалгаврыг УИХ-аас өгч, гэрээгээ шалавлахыг даалгаж байхад өдөрт хүүнд 13 тэрбумыг төлж байв. Харин энэ чухал даалгавруудаас зөвхөн менежментийн үйлчилгээний зардлыг бууруулчихлаа гээд баярлаж байгаа өнөөдрийн тухайтад өдөрт 15 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлж байна.

Одоо энэ баяр хөөрөөрөө хэдэн сар, жилийг өнгөрөөх бол гэж айж байгаа тул эрхгүй шагналын халуунтай энэ өдрүүдэд нь шүүмжилж байгаадаа хүлцэл өчье. Төрийн албанд зүтгэж байгаа залуусын хувьд өнөөдрөөсөө ч илүү ихээр шагнуулаасай, зээлийн хүүг буулгасандаа, Онтрэ дээр Оранатай дүйцэхүйц гэрээ хийж, Оюутолгойн гэрээг монголчууддаа өгөөжтэй үр дүнтэй болгож шинэчилснийхээ төлөө, монголчуудын хүртэх өгөөжийг гэрээнд анх дурдаж байсан дийлэнх хувь болгосныхоо төлөө, олборлолт буурч хусам дээр үлдэх үед ногдол ашиг авах биш, өрөмтэй тостой байгаа үед нь ногдолыг авдаг болгож өөрчлөөд дахин дахин шагнуулаасай гэж хүсч байна. 

Манай залуус их өөр болсон гэдгийг хөрөнгө оруулагч Рио Тинтогийн тал ойлгож байгаа байх аа. Хуучин шигээр аргацааж аргалж өдрүүдийг өнгөрөөх боломжгүй болсон. О.Батнайрамдал, Б.Солонгоо, Э.Баясгалан нар шиг олон залуус өдөр бүр хурал хийж, шаардлага нэхэж, зуудаг нохойноос дутахгүй монголчуудын эрх ашгийг нэхнэ. Тиймээс шинэ шатанд гарч, гэрээгээ шинэчлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлээсэй. Хол замд, газар дөхөх улсууд эртнээс учраа олоосой. Ойрын бодолтой хүнээс холын зовлон салахгүй.

Г.Дамдинням сайд хэлэлцээрийн ширээнд ар араас нь залгуулан сууж, Н.Учрал Ерөнхий сайдынхаа нүдийг олонтоо гэрэлтүүлээсэй. Хэлэлцээрийг улс орныхоо эрх ашиг, ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө хариуцлагатай, мэргэжлийн түвшинд амжилттай хийсэн гэж олон олон залуус шагнал аваасай гэж хүсч байна.



Эх сурвалж: www.baabar.mn

About Author