Г.Баярцэцэг: “Тролл арми”-ийн удирдагч нь Баярцэцэг байжээ гэх зэрэг хүн үнэмшихэд бэрх зүйл бичиж байна

705717846_27046548375031930_2115040198215862658_n


Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргаас огцруулсны дараа НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанд ажилладаг хоёр ажилтанг хуулийн байгууллагаас саатуулж мэдүүлэг авсан. Үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Баярцэцэг сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. 

Тэрбээр, “Гүжир үгэнд сөөм хариугүй гэдэг л болж байна даа.

Сүүлийн үед арай л хэтэрлээ. Тухайлбал, “НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Засгийн газрын эсрэг гүтгэлэг тарааж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг “Тролл арми”-аар харлуулж байсан нь илчлэгдлээ, 8-15 насны хүүхдүүдэд сард 2-3 сая төгрөгийн цалин өгч хүмүүсийг хараалгадаг байжээ, энэ Баярцэцэг тэр армийнх нь удирдагч” гэх мэтээр хүн үнэмшихэд бэрх юмыг сошиалд бичиж байна. 

Хуулийн байгууллага нь шалгаж, нягтлаад учир зүй нь олдох байлгүй гэсэн бодлоор хүлээцтэй хандаж, ажлаа хийсээр явсан ч өнөөдрөөс тайлбар хэлье гэж бодлоо. Өмнө нь элдэв цуурхал, гүжирдлэг гардаг байсан ч хэн үнэмших юм бэ гээд л хаячихдаг байлаа. Гэтэл бас үнэмшдэг хүмүүс ч байдаг бололтой. Цаг хугацаа үнэн мөнийг шүүнэ, бид бүгдээрээ л нэг цаг хугацаанд амьдарч байна. Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ.

1.Өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд “Нямбаатарын хэвлэл 200 гаруй орон сууц сэтгүүлчдэд тараажээ, ….. зуун сая төгрөг тараажээ” зэргээр үе үе пост, мэдээллүүд харагдаж л байсан. Надаас орон сууц, зуу зуун саяар нь мөнгө авсан сэтгүүлч байна уу. Тэр баримт нотолгоог ийм мэдээлэл түгээсэн хүмүүсээс одоо шаардана. НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлд зарцуулдаг жилийн төсөв нь 750 сая төгрөг байдаг. Энэ төсвөөр намайг яаж гэрээ байгуулж, ямар мэдээлэл өгч ажилладагийг хамтын ажиллагаатай редакциуд бүгд мэдэх учиртай. Би төсвийн хөрөнгийг халаасалж яваад, зүгээр тараагаад өгчихдөг юм биш. Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тайлан тооцоог нэгтгэж хаадаг юм.

2. Манай нэгж 17 хүний бүрэлдэхүүнтэй, Улаанбаатар хоттой холбоотой өдөрт багадаа 10 мэдээлэл, контент бэлтгэн нийтэлдэг. Ulaanbaatar.mn вэбсайт руу ороод үзэхэд бидний ажил нүдэнд ил харагдана. Өнгөрсөн даваа гарагт манай хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Саранцэцэгийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулан шалгасан. Хувь хүний гомдлоор кибер халдлага үйлдсэн буюу хакер хийсэн гэх утгатай зүйл ангиар шалгаж байгаа юм билээ. 

Хэрэг шалгагдаж байхад бас ярихаас болгоомжилж байна. Мушгиж гуйвуулаад Сарааг маань яачих ч юм. Хожим хойно нь ярьж хэлмээр юм зөндөө л байна. Гэвч үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын ХМОНХХ-ийнхэн Засгийн газрын эсрэг ажиллажээ, төсвийн мөнгөөр ажиллуулдаг тролл арми нь илчлэгдлээ гэсэн худал мэдээлэл цацаж байна. Албаны ямар эх сурвалж өгсөн нь тодорхойгүй ийм мэдээллүүдийг баримтжуулж, хуулийн байгууллагад хандана. Мөн ийм мэдээлэл өгсөн болон түүнийг нь тарааж байгаа хүмүүсээс “Тролл арми” гэдэг юу байдгийг хуулийн хүрээнд асууна. 

Нотолгоо, баримтыг шаардана. Би Засгийн газрын эсрэг ажиллах нь байтугай Х.Нямбаатар даргын талаар бичсэн, бичдэг нэг ч сэтгүүлч, редакц руу асуудал, гомдол ярьж залгаж үзээгүй. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Хувь хүний үзэл санаа, редакцийн бодлогыг хүндэтгэдэг учраас тэр юм.

Эцэст нь хэлэхэд би өдөр тутмын сонины сэтгүүлчийн ажлаа түр орхиж, 2018 оноос хойш төрийн байгууллагын хэвлэлд ажиллаж байна. Мэргэжилтнээс нь эхлээд шатлан дэвших зарчмаар ажилласаар өнөөдрийн албыг хаших болсон юм. Төрийн албанд дарга солигдоход хэвлэл нь дагаад солигддог гэдэг бугшсан муухай ойлголт, үйлдэл байдгийг гадарлахаас биш хэвлэлийн төлөөлөгчийг үүрэгт ажлаа хийснийх нь төлөө цагдан хорьж, цахим орчинд гутаан доромжилж, гүтгэж байсныг мэдэхгүй.

Хэвлэлийн албанд ажиллах ямар байдгийг ажиллаж үзсэн сэтгүүлч нөхөд маань гадарлах байх. Албаны мэдээ, тайлбараа түгээх, болж бүтэж байгаа юмыг нь олон нийтэд дуулгах, төрөөс гарч буй шийдвэрийн талаар иргэдийг мэдээлэлжүүлэхийн тулд дуудлага, дэлгэц хоёртой л өдрийг бардаг. Тиймээс ч ажлын цаг наргүй байдал, хувь хүний хүмүүжил төлөвшлөөсөө болоод гүжирдлэгт дуугүй явж иржээ. Харин одоо тэгэхгүй ээ” гэжээ.

www.ulaanbaatar.mn

About Author