Дүрмээ хуульд нийцүүлээгүй улс төрийн намууд татах буугдах эхлэлийг ИЗНН тавих уу, эсвэл…

a6dba3f3d06d6c99a324ba8dc1445dd2

Эх сурвалж: Zuv.mn

-УИХ-д дөрвөн суудалтай ИЗНН-ын хувь заяаг Дээд шүүх өнөөдөр дэнсэлнэ-

УИХ-д дөрвөн суудалтай ИЗНН-ын хувь заяа хэрхэх нь Улсын Дээд шүүхийн мэдэлд очоод байгаа билээ. Тэгвэл Дээд шүүх энэ асуудлыг өнөөдөр товлогдоод буй Бүх шүүгчдийн хурлаараа шийднэ.

Улсын дээд шүүхэд ИЗНН-тай холбоотой хоёр хүсэлт очсон байгаа. Нэг нь тус намын дарга Б.Батбаатар болон бусад эрх бүхий байгууллагаас гаргасан, намын шинэчилсэн дүрэм. Улстөрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан энэ дүрмийг нь хүлээж авбал юу ч болохгүй. Харин хүлээж авахгүй бол УИХ-д дөрвөн суудалтай энэ нам татан буугдах асуудалтай тулгарна.

Улс төрийн намын тухай хууль батлагдсанаас хойш намууд дүрмээ хуульд ницүүлэх шаардлагатай тулгарсан. Тэгвэл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 38 нам дүрмээ УДШ-эд бүртгүүлэхдээ хойрго хандаж байгаа бөгөөд “Дүрмээ хуульд нийцүүлээгүй” гэдэг шалтгаанаар нэлээд хэдэн нам татан буугдах магадлалтай болоод байна. Өөрөөр хэлбэл, намуудад одоо Улсын дээд шүүхэд дүрмээ бүртгүүлэх нэг, нэг л удаагийн боломж үлдсэн бөгөөд Улс төрийн намын тухай шинэ хуулийн гол зорилго болох намууд шилэгдэж, шигшигдэх үйл явц чухам эндээс эхлэх нь тодорхой байгаа юм.

Б.Батбаатар даргатай ИЗНН-ын нөхцөл байдал нэг иймэрхүү эгзэгтэй байгаа бол татан буугдаж магадгүй учраас нь хурал хийж, тэр хурлаас өөрөө даргаар сонгогдсон Р.Батболд гишүүний гомдол мөн УДШ дээр бий.

Р.Батболд энэ асуудлаар хэвлэлд тайлбар өгөхдөө “Манай нам дөрвөн удаа Дүрмээ бүртгүүлэх гэж хандсан ч Дээд шүүх бүртгэж авсангүй. Энэ хариуцлагыг ч бас ярих ёстой. Одоо Дээд шүүхээс нэг л удаагийн боломж олгосон. Үүгээр нам Дүрмээ бүртгүүлж чадахгүй бол улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахгүй, татан буугдах хэмжээнд хүрсэн. Тиймээс анхан шатны байгууллагуудын шаардлагаар нийт гишүүдийн онц Их хурал зарлаж хуралдуулсан. Манай нам дүрэмгүй болчихоод байгаа. Хуучин Дүрмээрээ явахаар Улс төрийн намын тухай хууль зөрчих болно. Дээд шүүхийн 2025 оны тавдугаар сарын тогтоолоор намын даргаар Б.Батбаатарыг бүртгэхээс татгалсан байгаа. Тамга шинээр хийлгэхгүй. Дээд шүүхийн шийдвэрээ л харна” гэсэн байдаг.

Түүний дээрх ярианд үнэн худал аль, аль нь бий. ИЗНН энэ удаа дүрмээ хууль нийцүүлэх сүүлийн боломжоо эдэлж байгаа нь үнэн. Харин Улсын дээд шүүхийн албан ёсны цахим хуудаст Б.Батбаатар ИЗНН-ын дарга гэсэн бүртгэлтэй хэвээрээ байна.

Улсын дээд шүүх ИЗНН-ын дүрмийг хүлээн авч, нам хэвээр нь үлдээгээд Р.Батболдын онц их хурлын шийдвэрийг хүлээгээд авчих нэг хувилбар бас бий. Хэрвээ тэгвэл улс төрийн намуудын дөрөвдүгээрт эрэмбэтэй тус намын даргаар Р.Батболд бүртгэгдэнэ. 

Парламентад дөрвөн ч суудалтай, сайдтай байж үзсэн ИЗНН ийнхүү өнөөдөр Улсын дээд шүүхээр асуудлаа шийдүүлэх нь ээ.

About Author