Монголын эзэнт гүрний үеийн эмэгтэй хүний булшнаас өрөмтэй шаазан ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг хосгүй үнэт олдворууд илэрчээ

707067425_1664431645118874_781618848294759208_n

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт 2026 оны тавдугаар сарын 12-25-ны өдрүүдэд археологийн малтлага хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг илрүүлжээ.

Судалгааны багийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, Америкийн Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан байна.

Малтлага, судалгааны явцад өрөмтэй шаазан ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадгийн тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг Монголын эзэнт гүрний үеийн нийгэм, соёл, ахуйг судлахад өндөр ач холбогдолтой хосгүй үнэт олдворууд илэрчээ.

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан “Малтлага судалгааны үед энэ дурсгал тодорхой хэмжээгээр тоногдож сүйтгэгдсэн байна. Хүний яс, ёс тахилын хэсгийг нэлээд сүйтгэж, эртний тонуулын мөр малтлагын явцад илэрсэн. Гэхдээ энэ дурсгалын нэг буланд том хавтгай чулууны ард хайрцаглаж хийсэн газраас өрөмтэй баарны хэсэг олдсон.

2019 онд Улаан-Уул сумын Хориг уулнаас цэвдэгт хадгалагдсан өрөм шар тосыг анх удаа олж байсан. Ийнхүү хоёр дахь удаагаа монгол цагаан идээ, цэвдэгт хадгалагдсан өрөмтэй ваарыг оллоо.

Гол мод гэдэг газарт Хүннүгийн эзэнт гүрний хоёр том язгууртны булш илэрч байсан. Хүннүгийн эзэнт гүрний чухал ховор олдворууд олдож, судалгаа хийсэн. Монголын эзэнт гүрний дурсгалт газар Гол мод гэдэг нэртэй байгаа нь нэр ус чухал ач холбогдолтойг илэрхийлж байна. Эрт эдүгээ үеийн тонуул хулгай Монголд маш их байна. Тиймээс тонуул хулгайг зогсоох, түүх соёлын дурсгалыг хамгаалах хэрэгтэй.

Нийт долоон дурсгал малтсан, бараг 90 хувь нь эрт үедээ тоногдсон дурсгалууд байлаа. Харьцангуй нэг бүрэн бүтэн хадгалагдсан дурсгалыг малтан судалж, Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох ховор сонин олдвор хэрэглэгдэхүүнийг илрүүллээ.

Нэлээд өндөртэй настай эмэгтэй хүний булш байсан. Уг булшнаас эмээл, дөрөө, тухайн үед хэрэглэж байсан морины тоног хэрэгслүүд бүрэн эхээрээ гарсан. Хэдийгээр зөөлөн эдлэлүүд он цагийн уртад устсан хэдий ч бусад хэвээрээ гарч ирсэн” хэмээн ярилаа.

Тус илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажлууд үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг олон нийтэд үе шаттайгаар танилцуулах юм.

About Author