И.Балжинням: Ерөнхий сайд Н.Учралын эмийн бодлогын хэлэлцүүлэг үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна
Эх сурвалж: Unuudur.mn
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий сайд Н.Учрал хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм журам гаргахыг таслан зогсооно гэж мэдэгдсэн. Түүнчлэн төрийн бүх шатанд бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буй шийдвэрүүдийг цуцална гэснээс хойш Эм хангамжийн салбарт салхи орох нь уу?
-Салхи ороосой, өөрчлөлт шинэчлэлт хийгээсэй гэж тэсэн ядан хүлээж байна. Эм хангамжийн салбарынхан Ерөнхий сайд Н.Учралд итгэж, найдаж байгаа.
-Найдлага төрүүлэхүйц алхам хийгдсэн гэсэн үг үү?
-Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” аяны хүрээнд тавдугаар сарын 8-нд Эмийн бодлогын хэлэлцүүлэг болсон. Эм хангамжийн салбарынхан, төрийн байгууллагууд гээд нэлээд олон газраас оролцсон. Энэ хэлэлцүүлэгт Сангийн яамныхныг ирээсэй гэж их хүссэн. Харамсалтай нь, Сангийн яамнаас нэг ч хүн оролцсонгүй. Ерөнхий сайдын ивээл дор болсон уг хэлэлцүүлгийг нээж, зөвлөх Г.Номин “Эм зүйн салбарын тулгамдсан асуудлыг нэлээн судаллаа. Он гараад Эрдэм шинжилгээний бага хурал, Эм зүйн удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн гээд хоёр ч том хурал болсон. Энэ хоёр хуралд яригдаж байсан асуудлууд дөрвөн жилийн өмнө зохион байгуулсан “Эм зүйн ажилтны II их хурал” дээр мөн л
яригдаж байсан. Энэ хугацаанд яг л хэвээрээ, юу ч өөрчлөгдөөгүй. Төрийн зүгээс бодлогын асуудлаар урагшаа алхаж чадаагүй. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал анхааралдаа авч байгаа” гэж хэлсэн. Түүнчлэн эм хангамжийн салбарт тулгамдсан олон жилийн өр авлагын асуудлыг цэгцлэх үүднээс хэлэлцүүлэг зохион байгуулж буйг онцолсон.
-Хэлэлцүүлэг хэзээ бодит үр дүнд хүрэх бол?
-Эм зүйн салбарт тулгамдаад байгаа 10 чиглэлээр хэлэлцүүлэг хийгээд үүнээс нэн тулгамдсан тав таван асуудлыг чиглэл тус бүр дээр гаргаж ярилцсан. Олон ч асуудал давхардаж, бас орхигдсон нь ч бий. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого, эмийн чанарын лабораторийн асуудал. Чанарын хяналтын тогтолцоон дээр хамгийн чухал зүйл нь мэдээж лаборатори. Чанарын хяналтаасаа гадна эмийн
биоэквивалент чанар буюу эмийн бодис нь биед ороод хэрхэн үйлчилж байгааг тогтоодог лабораторитой болох асуудал тулгамдаад байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зарим нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай байгааг хэлэлцлээ. Тухайлбал, үндэсний Фармакопейнг хуулиар хүлээн зөвшөөрөх нэмэлт өөрчлөлт нэн тэргүүнд хийж байж, Уламжлалт эмийг брэнд болгох асуудлыг ярих ёстой. Ер нь үндэсний
үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортын бүтээгдэхүүнүүдийг орлох, зайлшгүй шаардлагатай эмийн 50-иас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх, экспортод бүтээгдэхүүнээ гаргах асуудлыг олон жил ярьж байгаа ч лоозон урианы шинжтэй бодлого нь хэрэгжихгүй байна. Мөн эмийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх, импортлох, экспортлох тусгай зөвшөөрлүүдэд хуулийн зохицуулалт хийхгүй бол хоорондоо зөрчилтэй
заалтуудтай. Тэр нь хэрэгжилт дээрээ очихоор давхар зөрчил үүсдэг зэрэг маш олон асуудал хөндөгдсөн. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын эмийн бодлогын хэлэлцүүлэг үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.
-Яг өнөөдрийн хувьд нэн тэргүүнд шийдэх хамгийн чухал нь гэвэл Та алийг нь онцлох вэ?
-Нэн тэргүүнд шийдэх хамгийн том асуудал бол төрийн байгууллагуудаас авлагаа авах. Энэ оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар эм ханган нийлүүлэх 27 байгууллагаас авсан судалгаагаар нийт 130 гаруй тэрбум төгрөгийн он дамнасан авлага байна. Энэ нь Монгол Улсын эмийн зах зээлийн 10 орчим хувь нь төрд очоод гацчихсан гэсэн үг. Мөн Эрүүл мэндийн даатгалын 11 дүгээр тогтоол гэж бий. Сүүлийн дөрвөн жил буюу
2022 оноос хойш огт шинэчлэгдээгүй гацчихсан. Сая гуравдугаар сарын 11-нд шинэ төслөө танилцуулсан. Тэр төсөлд 780 гаруй эм байна лээ. Үүнээс 90 гаруй нэр, төрлийн эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй. Нийтэд нь аваад үзэхэд 300 шахуу нэр, төрлийн эмийг оруулах шаардлагагүй гэж харагдаж байгаа.
-Байхгүй эмийг яагаад оруулдаг юм бол. Витамин, хүнсний нэмэлт хүртэл даатгалд байсан юм биш үү?
-Даатгалын эмийн жагсаалтад витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байхгүй. Э.Батшугар сайдад хаанаас, хэнээс тийм мэдээлэл очоод байгаа юм, бүү мэд. Тэр 780 эмийн жагсаалтад лав байхгүй. Тиймээс яг мэргэжлийн хүмүүстэй уулзах, зөвлөх, ярилцах, хэлэлцүүлэг хийх асуудал дутагдалтай харагдаж байна. Төрийн албаныхны нягталж шалгаагүй мэдээллээс иргэд буруу ташаа ойлголт авдаг. Эцсийн дүндээ тэд биш, хэрэглэгч хохироод, төөрөөд үлддэг. Ерөнхий сайд нь даатгалын эмийг баталтал хэнтэй ч битгий уулзаарай гэсэн яриа ч яваад байна. Зүй нь, жинхэнэ асуудлаа мэдэж байгаа, халуун гал тогоонд нь ажиллаж буй, болохгүй бүтэхгүй асуудлаа яриад байгаа хүмүүстэй уулзахгүй байгаа нь үнэхээр гайхалтай. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь.
-Салбарынхнаас нь мэдээлэл авахгүй яаж батлах юм бол?
-Мэдээлэл авахгүй, судалгаа хийхгүйгээр яаж даатгалын эмийг батлах юм, ёстой бүү мэд л болоод байна даа. Аливаа бодлого, шийдвэр гаргахдаа оролцогч талуудын саналыг сонсож, төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж, мэдээж бодит тоон гүйцэтгэл, судалгаан дээр үндэслэн, ирээдүйн үр дүнгийн таамаглалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж байх ёстой санагдах юм.
-Хэлэлцүүлэгт Сангийн яамныхныг хүлээсэн гэсэн. Нөгөө л их өр авлагаас уу?
-Тийм ээ, олон жил дамнасан авлагын асуудлаас болж байна. Сангийн яам, Эрүүл мэндийн яам, эмнэлгүүдийн санхүүчид өр авлагын асуудлыг бие бие рүүгээ чихдэг. Яг хэнд нь асуудал байгаа нь тодорхой бус. Сүүлийн дөрвөн жил шахуу Сангийн яам, ЭМЯ, эмнэлэг, эм хангамжийн байгууллагууд хамтран ширээний дөрвөн талд сууж байгаад гарц шийдлээ олох талаар санал хүсэлтээ удаа дараа тавилаа. Бүр сүүлдээ МҮХАҮТ оролцоод ч нэмэр алга. Сая болсон хэлэлцүүлгээр Ерөнхий сайдын ажлын албанаас зохион байгуулж, шийдвэрлэж өгөхөө амласан. Тиймээс л Ерөнхий сайдын анхааралд хүрсэн болохоор гайгүй шийдэгдчих болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Манай улсад эмийн нөөц байхгүй болсон гэх юм. Халуун тогоонд нь байгаа хүн л үнэнийг хэлнэ дээ?
-Ойрх Дорнодын дайн, олон улсын эдийн засгийн нөхцөл байдал хаашаа эргэх нь тодорхойгүй энэ ээдрээтэй цаг үед манай улс эмийн нөөцгүй болсон нь нууц биш. Эм хангамжийн байгууллагууд гадаад талынхаа төлбөрийг барагдуулж нөөцөө бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байна. Ялангуяа зайлшгүй шаардлагатай эмийн нөөц байхгүй болж байна. Дээр нь хатуу зохицуулалттай гэж яриад байгаа, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн орны үйлдвэрлэгчид Монгол Улсад эм нийлүүлэхгүй болчхоод байна. Эхлээд өрөө төл, өрөө төлсний дараа эм ав гэж байна. Энэ бүх асуудлыг хурдан цэгцлэхийн тулд өр авлагын асуудлаа хурдан шийдмээр байна. Олон жил дамнасан энэ өр авлагыг даруйхан шийдэхгүй бол эмнэлгүүдэд ч ачаалалтай, эм хангамжийн байгууллагынхан ч өрийн дарамтад орчихлоо. Энэ нь эргээд эдийн засагтаа нөлөөлөөд эмийн үнийг өсгөөд байна шүү дээ. Үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Уг нь их тодорхой зүйл шүү дээ. Эм хангамжийн салбар маш эрүүл зах зээлийн зарчмаар явж ирсэн, хаанаас ч чанартай, дэлхийн өндөр технологийн эм, эмнэлэгийн хэрэгслийг маш сайн үнээр олоод ирдэг, тэгэх бүрэн чадамжтай. Хамгийн гол нь төрийн бодлого маш тодорхой байвал, ЭМД-ын сангаас, төсвөөс санхүүжилтээ хугацаандаа өгчихдөг байвал төр өөрөө оролцоод татвар төлөгчдийн мөнгөөр эм худалдан аваад эрүүл явж байсан тогтолцоог эвдээд байхгүй байвал, эмийн чанар, аюулгүй байдлаа төр (ЭМЯ, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын агентлаг) нь шударга, ухаалгаар технологийн хөгжлийг ашиглаад хянаад
зохицуулаад байвал ямар ч асуудалгүй хэвийн, бүр илүү сайн явах бүрэн боломж бий. Манай улс нийт эмийнхээ 80 хувийг импортоор авч байна. Гэтэл Эм хангамжийнхан гадаад үйлдвэрлэгчдэд өртэй. Тэдэнд өртэй болохоор эмээ өгдөггүй, ингээд л нөөц байхгүй болж байна л даа. Мөнгөө авч чадахгүй болохоор өндөр хүүтэй зээл авч эмээ татна, хугацаандаа төлж чадахгүй учраас хямдралтай үнээр авч чадахгүй болно, бага багаар татахаар тээврийн зардал, даатгалын зардал нэмэгдэнэ, валютын ханшийн алдагдал хүлээнэ, эдгээр нь эмийн нөөц хэвийн тогтвортой байх, жигд тасралтгүй хангах боломжгүйд хүргэж байгаа юм.
-Даатгалаар олгогддог эм иргэдэд хэр хүртээмжтэй байна вэ?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 11 дүгээр тогтоолоор 580 орчим нэр, төрлийн эм байгаа байх. Түүнээс бараг 400-гаад нэр, төрлийн эмийг эмийн сангууд өгч чадахгүй байгаа.
-Яагаад?
-Нэгдүгээрт, нөөц байхгүй. Хоёрдугаарт, бөөний үнэ нь эмийн дээд хязгаараасаа давчихсан. Өөрөөр хэлбэл, 100 төгрөгөөр авсан эмээ 80 төгрөгөөр зарах тийм л нөхцөл байдал үүсчихсэн. Тэгэхээр эмийн сангуудад маш их алдагдалтай. Өнгөрсөн жилийн тоо баримтаас дурдахад нэг жилийн хугацаанд 66 эмийн сан хаагдсан байна. Хамгийн харамсалтай нь эмийн сангуудыг дампууруулдаг тогтолцоо болчхоод байна.
-Хүнсний дэлгүүрт эм зарах тухай яригдаад байгаа. Тэгвэл эмийн сангууд нь хаалгаа барина гэсэн үг үү?
-Хуулийн төсөл нь явж байгаа. Энэ бол хамгийн хортой заалт. Эцсийн дүндээ эмийн зохистой хэрэглээ байхгүй болно. Эмийн хяналт алдагдана. Эмийн хүртээмж, эмийн сангууд байхгүй болно. Эмийн сан байхгүй болчихвол эмээ хянаж чадахгүй, чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээгээ хянаж чадахгүй болно. Жортой эмийн хангамж хүртээмж, хяналт байхгүй болно л гэсэн үг дээ. Өөрөөр хэлбэл, нөгөө эмийн чанарын асуудал, эмийн зохистой хэрэглээ, хяналт, зохицуулалтын асуудал яриад ч хэрэггүй болно.
-Хууль нь батлагдчихвал та нарын олон жил хэлж ярьж буй эмийн зохистой хэрэглээ бүр байхгүй болох нь дээ.
– Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хордлогын тасагт эмчлүүлсэн хүүхдүүдээс авсан сүүлийн гурван жилийн судалгаагаар 65 орчим хувь нь эмийн хордлоготой хүүхдүүд байсан. Халуун бууруулах, өвдөлт намдаах, тайвшруулах эм, витамины хордлого дийлэнх хувь нь байна. Гэтэл дурын хүнсний дэлгүүрээс эм аваад хордвол яах вэ.
-Монголд зарагдаж буй эм чанаргүй гэх ойлголт иргэдийн дунд түгээмэл болчихлоо.
-Монгол Улсад эм импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, худалдаалах нь тусгай зөвшөөрлийн дагуу явагддаг. Бүгд стандарттай, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу стандартаа боловсруулан мөрддөг. Монгол Улсад тусгай зөвшөөрлөөр оруулж ирж буй бүх эм бүртгэлтэй. Бүртгэл нь нэлээн хатуу. Импортлох болгондоо зөвшөөрөл авдаг. Лабораторид хянуулдаг. Тэгэхээр хуулийн хүрээнд явагдаж байгаа учраас чанарт эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна. Түүнчлэн бид эм чанартай, чанаргүй гээд нэг талаас нь хандаад байдаг. Гэтэл нөгөө талд нь эмийн зохистой хэрэглээ гэсэн хамгийн чухал соёлыг алдагдуулчихсан. Хичнээн чанартай эм оруулж ирээд зөв зохистой хэрэглээ байхгүй бол тэр нь эм биш магадгүй хор болно. Харин хууль бусаар, цахим орчинд сурталчлаад байгаа эм, бэлдмэлийн хувьд чанарын асуудал ямар байгааг хэлж мэдэхгүй байна. Холбогдох байгууллагууд хянаж, тэмцэж байгаа, бид ч бас судалгаа мэдээллийг хүргүүлж байна. Үүнийг таслан зогсоох болно гэдгээ ч Эрүүл мэндийн сайд мэдэгдчихлээ. Эмчилгээний асуудлыг энгийн иргэд ярих нь зохисгүй. Эдгэрэлтийн 20 шахам хувь нь тухайн хүний сэтгэл
зүйтэй холбоотой, түүнчлэн эмчийн итгэл үнэмшил ч маш чухал гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Тиймээс сайн эмийг хуурамч гэж тараахад л өвчтөнд үйлчлэхгүй байх магадлалтай. Энэ нь нөгөө л сэтгэл зүй, итгэл үнэмшил юм. Тиймээс тусгай хэрэгцээт, маш онцгой, эмзэг эмийн талаар албан тушаалтнууд судалгаагүй, худал мэдээлэл тараах нь нийгэмд маш хортой. Судалгаа, нотолгоо, мэдлэгт суурилдаг өвөрмөц онцлогтой эм зүйн салбарын талаар хөнгөн хуумгай дүгнэлт гаргаж, олон нийтэд түгээж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах явдал байж болохгүй. Эмийн чанар, аюулгүй байдал, эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд эргэлзэх байдлыг бий болгож байгаад энэ салбарт
олон жил ажиллаж буй мэргэжилтний хувьд санаа зовж, холбооны зүгээс ч тухай бүрд нь мэдэгдэл гаргадаг.
-Олон жил дуншсан Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль батлагдсан. Салбарынхны хүсэн хүлээсэн хууль болж чадсан уу?
-Эм хангамжийн салбарыг хөтөлж явах хууль шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай байсан. Гэвч зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал байгаа. Түүнийг ярьсаар л явна даа. Мөн даатгалын эмийн шинэчлэлд саналаа хүргүүлсэн. Хүлээж авч уулзана гэснээс хойш лав гурван сар болох нь.
-Төрийн ажил хойрго, дээр нь байнга л сайд нь солигдох юм даа.
-Сайд солигдох бүрд л салбарыг ойлгуулах асуудал эхэлдэг. Арай гэж ойлгуулж хонгилын үзүүрт гэрэл харагдах төдийд л сайд нь солигдчих юм. Төрийн ажил үнэхээр урагшлахгүй байна. Үр дүнд нь иргэд, хувийн хэвшлийнхэн л хохирч байна даа. Жишээ нь, дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн өртгөөс чөлөөлөх, хөнгөлөлттэй зээл, тусламжид хамруулах, төрөөс санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөрүүдэд хамруулахаар яамны дэргэдэх Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр нь дэмжигдээд эцсийн дүгнэлт гарах гэж байтал сайд солигдчихсон. Тэгээд л одоо нөгөө ажил чинь дахиад л эхнээсээ эхэлж байх жишээтэй. Дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр, жороор олгох 11 дүгээр тогтоолыг шинэчилж чадаагүй л байна шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн яам нь.
-Яагаад, лобби байна уу?
-Ажлаа хийхгүй байна гэж л ойлгодог. Төрийн ажил урагшлахгүй байгаагийн бодит жишээ. Гуравдугаар сарын 11-нд тавьсан жагсаалтын 300 гаруй төрлийн эм нь асуудалтай байна. Тэгээд ч мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөмжгүйгээр жагсаалтыг батална гэж байхгүй л дээ. Тиймээс Э.Батшугар сайд эрүүл мэндийн даатгалын эмийн жагсаалтыг батлахаас өмнө салбарынхантай уулзаасай гэж хүсэж, хүлээж байна.