Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

6a9c48056b4742faa36ef454ffdf5f9d

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.27/ Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ц.Баатархүү, Х.Булгантуяа, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Б.Мөнхсоёл, М.Сарнай нараас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох зохицуулалтад Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд тодорхой чиглэлээр дэд хороо байгуулж, ажиллуулах эрхтэй бөгөөд дэд хороо нь тухайн салбарын асуудлыг нарийвчлан судалж, урьдчилсан санал, дүгнэлт боловсруулах, хяналт шалгалтын ажлыг мэргэшүүлэн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болохыг тусгасан байдаг юм.

Эдийн засгийн байнгын хороо нь макро эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дэд бүтцийн бодлогыг хэлэлцдэг өргөн хүрээний чиг үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, эрчим хүч нь тэргүүлэх салбар тул тус Байнгын хороонд албан ёсны бүтэцтэй дэд хороо байгуулаад Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарал хандуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Эрчим хүчний хөгжлийн дэд хороо байгуулах агуулгатай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Улсын Их Хурлын 75 гишүүн төслийг дэмжиж гарын үсэг зурсныг төсөл санаачлагч гишүүн М.Энхцэцэг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, бүс нутгийн нэгдсэн сүлжээ байгуулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зорилтууд тусгагдсан боловч эдгээр бодлого, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, нэгдсэн хяналт, парламентын тогтолцоот дэмжлэг дутагдаж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтэд байнгын хяналт тавих Засгийн газар болон Эрчим хүчний яамны үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих, шахаж ажиллуулах, төр-хувийн хэвшил-иргэдийн оролцоог уялдуулах шаардлага үүсээд байгаа аж.

Монгол Улсын Их Хурлын бүтцэд Эрчим хүчний хөгжлийн дэд хороо байгуулснаар эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтэд парламентын хяналтыг сайжруулах, томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, реформ, хөрөнгө оруулалтын асуудлыг тогтмол хэлэлцүүлэх, хараат байдлыг бууруулах, бодлогын хэрэгжилтэд ахиц гаргах, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудын хэрэгжилтийг хангах парламентын институцийн механизм бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

About Author