Бэлчээрийн ургамал нийт нутгийн 80 хувьд тааруу байна

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 80 хувьд тааруу байна

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд нь муу гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 80 орчим хувьд гандуу, ургамал тааруу ургасан байна.
Тодруулбал, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу. Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр, Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байгаа гэнэ. Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн зарим сумын нутагт ургамал цухуйгаагүй аж.

Харин өнгөрсөн оны мөн үед Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйсан байжээ. Өнөө жилийнхтэй адил Ховд, ГовьАлтай, Завхан, Архангай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговьд ургамлын гарц муу байсан гэнэ. Ихэнх нутагт бороо хур бага, өвс ургамал тачир байгаа энэ цагт ой, хээрийн түймрийн эрсдэл нэн их байгааг онцгой байдлын байгууллагаас анхааруулсан юм. Тухайлбал, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зарим газар, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговийн ихэнх нутагт эрсдэл их байна.

About Author