Төмсний тариалалтад дуслын усалгааны систем нэвтрүүлжээ

Төмсний тариалалтад дуслын усалгааны систем нэвтрүүлжээ

Газар тариалангийн гол бус нутаг болох Сэлэнгэ аймгийн Орхон сумынхан усны хэмнэлттэй, үр ашиг өндөртэй дэвшилтэт технологи нэвтрүүлснээ мэдээлэв. Тодруулбал, тус сумын “Орхон түшиг ургац” ХХК-ийнхан төмсний тариалалтаа дуслын усалгааны системд шилжүүлсэн байна.
Ингэснээр ус “их уудаг” төмсний тариалалтын зардлыг багасгаж, ургацын бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрджээ. Эл туршлагыг орон нутгийн хэмжээнд анх удаа нэвтрүүлж буй нь энэ аж.

Дуслын усалгааны технологи нь ургамлын үндэс орчимд шаардлагатай усыг тогтмол хэмжээгээр нийлүүлэн, хөрсний чийгийг удаан хадгалдаг гэнэ. Түүнчлэн ургамлын өсөлт, хөгжлийг түргэсгэх, бордооны шим тэжээлийн ашиглалтыг сайжруулах, хөл газрын ургамлын тархалтыг бууруулах, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай.

“Орхон түшиг ургац”-ынхан тариалангийн талбайн хэмжээгээ энэ жил өргөтгөж, дуслын усалгааны систем бүхий 120 га талбайд төмс тариалжээ. Тэд “Дуслын усалгааны системийг тариаланчид өргөнөөр ашиглах нь эдийн засгийн хувьд ч үр өгөөжтэй. Ус хэмнэхээс гадна хүний хөдөлмөрийг үлэмж бууруулна. Сэлэнгэ аймаг нь төмс, хүнсний ногооны тариалалтын тулгуур нутаг. Уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, тэр дундаа хүнсний ногооны үйлдвэрлэлийг усалгаатай тариалалтад шилжүүлэхэд уг технологи чухал үүрэгтэй” гэсэн юм

About Author