Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
Монгол Улсад зохион байгуулагдаж буй таеквондогийн тивийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг жинд алтан медаль хүртэж, тивийн аварга болсон Паралимпын мөнгөн медальт, Дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн 6 удаагийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсад анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний уур амьсгал хэрхэн болж өнгөрөв?
-Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол эх оронд маань зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, зургаа дахь удаагаа аварга болсондоо баяртай байна. Нутгийн дэвжээ гэдэг их сайхан юм. Монголынхоо ард түмний, ахан дүүсийн уухайн дор медалиа хүртсэндээ баяртай байгаа. Гоё байдаг юм байна.
-63 кг-ийн жинд өрсөлдөөн хэр ширүүн байв? Хамгийн хүнд тулаан аль нь байсан бэ?
-Дөрвөн тоглолт хийсэн. Бүх өрсөлдөгчид маань сайн байсан. Гэхдээ Аваргын төлөө өрсөлдсөн Иран улсын тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа.
-Монголд зохион байгуулагдаж буй тэмцээнд түрүүлнэ гэдэг илүү их хариуцлага мэдрүүлсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Таеквондогийн спорт Азид өндөр түвшинд хөгжсөн спорт. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо өндөр түвшинд зохион байгуулж байна. Мөн Пара таеквондогийн Ази тивийн эрхийн тэмцээн мөн зохион байгуулагдсан. Найман өдрийн турш тэмцээнүүд маань амжилттай болж, өндөрлөх гэж байна.
Тэмцээнээ эхлүүлэхдээ л Алтан медаль авах зорилготой байсан. Алтан медалийн төлөө бүх бэлтгэл сургуулилтаа хийсэн. Үндэсний шигшээ багийн найз нөхөд, ах дүүс маань энэхүү медалийг авахад бүх зүйлээр тусалсан. Мөн дасгалжуулагчид маань бүх тактикийг боловсруулсан. Бүх хүний хүч хөдөлмөрийн үр шимээр энэхүү амжилтыг гаргасан гэж бодож байна.
-Монголын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын спортын хөгжилд та өөрийн үлгэр дуурайллаар их нөлөөлж байна. Олимпиос хойш энэ спортоор хичээллэх тамирчид нэмэгдсэн үү?
-Паратаеквондогийн тамирчид хомс байна. Тиймээс цаашид энэ тамирчдаа олон болгох, хүрээллээ тэлэхэл нэлээд нухацтай анхаарлаа хандуулж байгаа. Олимпиос хойш тэмцээнд оролцогчдын тоо нэмэгдсэн байна. Одоогоор Монгол Улс 4-5 пара таеквондогийн тамирчинтай байна. Арав гаруй тамирчинтай болохын төлөө бүгд л хичээж байна даа.
-Олимпын цикл эхэлчихлээ. Энэ тэмцээн олимпын эрх авахад нөлөөлөх үү?
-Олимпид орохын тулд оноо цуглуулдаг. Оноо цуглуулж явсаар ранкаараа эхний зургаад эрэмбэлэгдсэн тамирчид олимпын эрх аваад шууд ордог. Миний ранк хоёрдугаарт бичигдэж байгаа. Цаашид оноогоо өсгөөд, 2028 оны Лос Анжеласын олимпод өрсөлдөнө.
-Таны хувьд 2028 оны олимпод юуг зорьж байгаа вэ?
-Олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байна. Бүх зүйлээ дайчлаад явна л гэж бодож байна. Бид бүхэн олимпоор 2-3 медаль авах зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.
-Таныг үргэлж дэмждэг монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
-Бид бүгдийг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тамирчдаа бүх зүйлээр нь маш сайн дэмждэг Монголын таеквондогийн холбоондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Алдар спорт холбооны хамт олондоо маш их баярлалаа. Энэ жил Алдар спорт хорооны маань 80 жилийн ой болж байгаа. 80 жилийн ой дээрээ Алдар спорт хорооны хоёр тамирчин хос алтан медаль хүртлээ.
-Ярилцсанд баярлалаа.