Ц.Идэрбат: Шинэ үйлдвэр барихаас илүүтэй ажиллаж буй үйлдвэрүүдээ дэмжинэ
Өвөрхангай аймаг нь мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг төвлөрүүлэн хөгжүүлж, аж үйлдвэрийн парк болох чиглэлд хөгжиж буй гурван аймгийн нэг болоод байна. Ингэснээр арьс, шир, ноос, мах боловсруулах үйлдвэрүүд нэг дор төвлөрч, үйлдвэрлэл, технологийн бүс бүрэлдэн тогтжээ.
“Арьс ирээдүй” ХХК-ийн захирал Д.Баянмөнх хэлэхдээ, хувийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барьж байгуулсан ч үйл ажиллагааг тогтвортой явуулахад мэргэжилтэй ажиллах хүчний дутагдал хамгийн том хүндрэл болж байгааг онцолсон юм. Мөн тус компанийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жил эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зогсонги байдалд орсон байна. Тэрбээр цаашид цэвэрлэх байгууламжийн менежментийг төр хариуцвал үйлдвэрлэгчид гүн боловсруулалт хийх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзэж байв.
“Ноос ирээдүй” ХХК өдөрт 15 тонн ноос боловсруулах хүчин чадалтай бөгөөд 200 ажилтантай, улирлын үед 50–60 ажлын байр нэмэгдүүлдэг байна. Гэвч түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгө дутагдалтай, мөн ноосны урамшууллыг сүүлийн хоёр жил олгоогүйгээс малчид ноосоо ченжүүдэд худалдаалах хандлага нэмэгдсэн талаар компанийн захирал Ц.Сүхбаатар мэдээллээ.
Харин “Түмний буян далай” хоршоо 2012 онд байгуулагдаж, 198 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус хоршоо 2021 онд мах боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, 2022 онд ЖДҮХС-гаас авсан зээлээр тоног төхөөрөмж, технологио шинэчилжээ. Мөн мах бэлтгэхээс гадна дайвар бүтээгдэхүүнийг боловсруулан “таван цулын тан” нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа аж.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат орон нутагт хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж, аж үйлдвэрийн парк, технологийн бүсүүдийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тэрбээр шинээр үйлдвэр байгуулахаас илүүтэйгээр үйл ажиллагаа нь тогтворжсон аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийг олгох чиглэл баримталж байгааг мэдэгдсэн юм.
