Хангайн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт Арвайхээр хотод болж байна

707427408_1295480929400103_1581135293891961802_n

Хангайн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт өнөөдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод эхэллээ.

Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн удирдлага, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбар, нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид нийт 450 гаруй хүн оролцож буй энэ уулзалтад Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц. Идэрбат, ХХААХҮЯ-ны холбогдох газрын дарга нар, мөн тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Л.Энхнасан нар оролцож байна.

Хангайн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтыг нээж Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж үг хэлэв. Хангайн бүс уламжлалт мал аж ахуйгаа хөгжлийн тэргүүлэх чиглэл болгосон бөгөөд энэхүү тэргүүлэх чиглэлтэйгээ уялдуулан бүсийн гурван аймаг тус тусын онцлогтой хөгжлийн үзэл баримтлал боловсруулан хэрэгжүүлж байгааг тэрбээр хэллээ.

Тухайлбал, Архангай аймаг аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж, Баянхонгор аймаг уул уурхайн салбартаа түшиглэх бол Өвөрхангай аймаг Хангайн бүсийн малын гаралтай түүхий эдийг дахин боловсруулах аж үйлдвэрийн паркийг кластер хэлбэрээр хөгжүүлэх чиглэлийг баримталж байгаа юм байна.

2025 оны жилийн эцсийн байдлаар Хангайн бүсийн хэмжээнд нийт 13.6 сая мал тоолуулсан байна. Бүсийн хэмжээнд 48.1 мянган малчин өрхийн 75.7 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, ахуй амьжиргаагаа тэтгэж, баялаг бүтээж байна.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар танилцууллаа. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн тулгамсан асуудал, газар тариалангийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, шалгуурыг эргэж харж, Засгийн газраас жижиг аж ахуй эрхэлдэг ногоочдод дэмжлэг үзүүлэх зээлийн шугам бий болгох чиглэлийг ХХААХҮЯ-нд өгөөд байгааг хэллээ. 

Мал аж ахуйн салбар бэлчээрийн даац хэтэрч байгааг орон нутаг, улс, бүсийн хэмжээнд онцгой анхаарч, малын удмын санг хадгалж, хамгаалах, чанар, таваарлаг байдлыг сайжруулах, малын түүхий эдийг бүрэн ашиглаж, боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортод гаргах, Хангайн бүсэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг нэгтгэсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах зэрэг асуудлаар салбарын яамнаас баримталж буй бодлогыг танилцуулж, мал аж ахуйд тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо.

Хангайн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтаар мал аж ахуй, газар тариалан, мал эмнэлэг, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны холбогдох газар, агентлагийн дарга нар танилцуулга мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

About Author