Д.Батлут: Сүүлийн 10 жилийн хугацаанд 46 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа амиа алдсан байна
Эх сурвалж: Zuv.mn
2026 оны таван сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн 339-р цэргийн ангид 19 настай алба хаагч бусдад зодуулж амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Д.Батлутаас тодрууллаа.
Тэрбээр, “Хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан нь байж болшгүй зүйл юм. Батлан хамгаалах салбарын болон төрийн тусгай алба хаагчдын буруутай үйлдэл нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой.
Статистик мэдээллээр дөчин зургаан хугацаат цэргийн алба хаагч алба хааж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан байна. Зэвсэгт хүчин Жанжин штабын хяналтын чиг үүрэг хариуцсан бригадын генарал Ч.Цогтжаргалын мэдээллээр өнгөрсөн арван жилийн хугацаанд Зэвсэгт хүчин жанжин штабын салбар, ангиудаас 7 алба хаагч амь насаа алдсан байна.
Цаашдаа анхаарч, эрсдэлгүй болгох реформ хэрэгжүүлэх. Нэгдүгээрт, дүрмийн бус харилцаа гаргасан түүнийгээ нуун дарагдуулсан албан тушаалтныг цол бууруулах мөн зэвсэгт хүчнээс халах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт, цахимжуулах асуудал. Зөвхөн ангийн удирдлагууд хянадаг биш, бүх анги байгууллагыг 24 цагийн хяналтад байх тогтолцоо буюу технологийн асуудлыг шийдэх. Гуравдугаарт, камерын хяналт хийх боломжгүй газар буюу ариун цэврийн өрөө, усанд орох газар чанга яригч, авран хамгаалах улаан товчлуурыг бий болгох нь зөв гэж үзэж байна. Мөн “Батлан хамгаалахын сайд, жанжин штабын дарга”-ын төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг явуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Мөн дээрээс нь хүний эрхийн байгууллага, төрийн бус байгууллага, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан хөндлөнгийн хяналт тавих зэрэг зохион байгуулалттай арга хэмжээ хийхээр төлөвлөсөн байна. Мөн Боловсролын яамтай хамтарч зөв иргэнийг бий болгохоор ажиллана.
Бид өмнө нь төсвийнхөө хүрээнд анги болгоныг камержуулах ажил хийсэн нь үр дүнтэй байсан. Мөн сэтгэл зүйчтэй болж, ганцаарчилсан болон багаар ярилцах зэрэг ажил хийсэн.
Цэргийн албанд татагдаж байгаа залуусаас сэтгэл зүйн тест авахаар төлөвлөж байна. Сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг мэдсэнээр ямар нэг байдлаар салаа захирах, удирдах албан тушаалд томилохгүй байх зэрэг боломжтой байна” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1FnCAs6uwM