Байр суурь: АМНАТ-ийг нэмэх нь зөв, буруу
Эх сурвалж: ZUV.MN
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Засгийн газар зэсийн баяжмалд ногдуулах нэмэлт АМНАТ 15 хувь байгааг 5 болгож бууруулах шалтгаанаа “Зэсийн салбарт шинэ хөрөнгө оруулагч оруулж ирэхийн тулд” гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл, зэсийн хайгуулд шинэ хөрөнгө оруулагч орж ирэхгүй байгаа гол шалтгаан нь АМНАТ мөн үү гэдэгт гишүүдийн байр суурийг сонирхлоо.
Үндсэн хуульд “Газрын хэвлийн баялаг ард түмний өмч, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бий. Тэгвэл АМНАТ бол шууд утгаараа энэ заалтыг хэрэгжүүлж, ард түмэн баялгийн эзэн гэдгийг харуулдаг бөгөөд борлуулалтын орлого дээрээс шууд авдаг төлбөр юм.
Одоогийн хууль эрхзүйн зохицуулалтаар АМНАТ Баялгийн сангийн хөрөнгийг арвижуулах гол эх үүсвэр болж буй. Баялгийн сангаар дамжин иргэдийн нэрийн дансанд орох орлого баталгаажсанаар бид одоогоор хараахан бий болоогүй байгаа орлогоо ч /Ирээдүйд орж ирэх нь тодорхой гэдэг утгаараа/ барьцаалан амьдралын нөхцөлөө сайжруулах боломж бүрдэх учиртай.
Б.Уянга: АМНАТ 20 хувь байгаа нь өндөр байна
-Би 2021 онд одоогийн Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яаманд Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэгт ажиллаж байсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өндөр байдаг. Ашигт малтмалын тухай хуулийг салбарынхан нь гаргаж ирж хэрэгжүүлэх гэж байтал асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, улсын төсөв бүрдүүлэх нэрийдлээр тогтоож өгсөн АМНАТ-ийн хэмжээг буруу хэрэглэснээс болж өнөөдөр суурь АМНАТ таван хувь, нэмэгдэл 15 гээд 20 хувийг ганцхан “Эрдэнэт” үйлдвэр л өгч байна. Харин Оюу Толгой ХХК Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу таван хувиар тогтоосон байдаг. Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж улсын төсвөө бүрдүүлдэг. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюу Толгой хоёр компани л зэсийг гаргадаг. АМНАТ 20 хувь байвал шинээр өөр төсөл манай улсад хэрэгжихгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байсан. Ашигт малтмалын тухай хуулийг өргөн барихад маш удаан ажилласан.
-О.Батнайрамдал гишүүний зүгээс Оюу Толгой ХХК-ийн лоббигоор “Онтрэ”-ээс авах АМНАТ-ийг гурав дахин бага авахаар тооцож байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байхад Монгол Улс ашгаа хүртэж болохгүй юу гэсэн асуудлын талаар юу гэж хэлэх вэ?
-Салбар, яамны зүгээс шинэ санаа өгсөн бол өнөөдөр үүсэж буй асуудал болохгүй байсан. Жишээлбэл, Чили улсын татвар холимог байдаг. Орлогоос болон ашгаас тодорхой хувь авдаг. Тэгэхээр Чили улстай харьцуулж болохгүй. Өөр бусад оронтой харьцуулбал 11 хувьтай байна. Манай улсын АМНАТ 20 хувь байгаа нь өндөр байна. АМНАТ-ын хувь хэмжээ болон бусад зүйлийг УИХ-аар хэлэлцье гэсэн байр суурьтай байна. Миний хувьд энэ хуулийг хэлэлцүүлмээр байна. Ашигт малтмалын тухай хууль дээр О.Батнайрамдал гишүүний хэлж байгаа шиг Оюутолгойн лобби орсон гэж бодохгүй байна.
О.Батнайрамдал: Хуулийн төслөө татаж аваад, үндсээр нь өөрчлөөд оруулж ирэх ёстой
-Монгол Улсын орлого нүүрс, зэсээс хамаардаг. Зэсээр тогловол орлого тасалдана, энэ амархан зүйл биш шүү. Энэ бол Монголын баялгийн сангаас явж буй хулгай. Яагаад гэвэл, АМНАТ-н 65 хувь нь Баялгийн санд хуваарилагддаг. Ард түмэндээ очих мөнгөнд ингэж хандаж болохгүй. ОНТРЭ-гийн гэрээ явж байхад тэднээс авах АМНАТ-ийг гурав дахин бууруулж байгааг ОНТРЭ-гийн лобби гэхгүй, өөр юу гэж ойлгох юм. ОНТРЭ-гийн 80 хувийг Оюутолгой эзэмшдэг. Энэ лобби гэнэт гараад ирсэн юм биш. Олон жил яригдаж байгаад өнөөдөр орж ирж байна.
-Салбарын сайд Г.Дамдинням таныг буруу ойлгосон гэсэн байна лээ?
-Би буруу ойлгоод ийм ноцтой мэдэгдэл хийхгүй. АНУ, Австралид уул уурхайн салбарт, сүүлд Уул уурхай, эрдэс баялгийн дэд сайдаар ажиллаж байлаа. Үүнийг хэзээ ч буруу ойлгохгүй, дэлхийн жишигтэй харьцуулна шүү дээ. Дэлхий дахинд зэсийн үнэ түүхэн хэмжээнд өсөж байхад АМНАТ-аа бууруулсан улс орон болох нь. Хаана ч тийм улс орон байхгүй.
-Улсаа хорлосон шийдвэр гарах гээд байгаа юм биш үү?
-Хэдэн тэрбум, их наяд ам.долларын асуудал яригдана. Бидний өнөө яриад байдаг алдагдсан боломжийн өртөг яригдана. Энэ хуулийн төслөө татаж аваад, үндсээр нь өөрчлөөд оруулж ирэх ёстой
Г.Дамдинням: “Онтра”-гийн хэлэлцээрт болгоомжлох нь зүйн хэрэг
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар хийлээ. Тэрбээр,
-Буруу л ойлгосон бололтой байна. Олон том төсөлтэй болж бид РИО-д хүссэн үедээ шууд шахалт үзүүлээд ярилцаж чаддаг болох бодлого дэвшүүлсэн юм. Зэсийн АМНАТ Оюутолгой төсөл дээр таван хувь тогтворжуулсан гэрээтэй байдаг. Шинэ хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10 хувийн төлбөрийг ногдуулахаар тусгасан.
Ашиг малтмалын тухай хуулийн 5.5-д Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан. Онтре дээр 34 хувиа бид үнэ төлбөргүй авна. Түүнийг тусгай АМНАТ-өөр оруулж болно гэсэн хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй. Хөндөхгүй!
Засгийн газрын зэсэнд ногдуулах АМНАТ-ийг бууруулах нь зөв, гэхдээ “Онтра”-гийн хэлэлцээрт нөлөөлөх магадлалтай гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа зэсэнд ногдуулах АМНАТ-т хүрэхгүй, бусад асуудлыг шийдвэрлээд явахаар манай намын бүлэг шийдвэрлэлээ. “Онтра”-гийн хэлэлцээрт болгоомжлох нь зүйн хэрэг.
Монгол Улсын Үндсэн хуулиар нийт төслийн өгөөжийн 51 хувийг заавал Монголын ард түмэн төрд авах ёстой. Үндсэн хууль давсан гэрээ хэлцэл гэж байх ёсгүй. Ямар ч нөхцөлд Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжих ёстой. Үндсэн хуулиар үүрэг болгосон “Онтра”-гийн Шивээ толгой, Жавхлант гэсэн хоёр лицензээс ирэх өгөөж 51-ээс дээш байна. Энэ хэлцлийг дуусгасны дараа зэсийн АМНАТ-ийг буулгах нь зүйтэй юм гэдэг дээр бүлэг санал нэгдлээ.