“Хэлэлцээ бол итгэлцэл. Итгэлцэл бол энх тайван”
Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг дэмжих” олон улсын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн мягмар гарагт Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд боллоо. Соёл, шашин, иргэншил хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, зөрчил мөргөлдөөнөөс сэргийлэх, энх тайвныг тогтоох зорилгоор НҮБ жил бүрийн зургаадугаар сарын 10-ныг энэхүү олон улсын өдөр болгон тунхагласан байдаг. Энэ удаагийн арга хэмжээг БНХАУын Элчин сайдын яам, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар хамтран зохион байгуулав. Энэ үеэр манай улсад суугаа Элчин сайд, дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, Монгол Улсад ажиллаж амьдарч буй хятад иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд тэргүү тэй 200 гаруй хүн оролцсон юм. Тус өдрийн гол зорилго нь улс орнуудын соёл, шашин, иргэншил хоорондын ялгаатай байдал нь зөрчил мөргөлдөөний шалтгаан биш, үнэт баялаг гэдгийг тунхаглахад оршдог байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан уг арга хэмжээг нээж үг хэлсэн. Тэрбээр “Гурван жилийн өмнө өөр өөр соёл иргэншлүүд эв найрамдалтай зэрэгцэн орших чиг хандлагыг тодорхойлох зорилгоор БНХАУ-ын дарга Си Зиньпин дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлсэн билээ. Улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар БНХАУ болон дэлхийн 80 гаруй улсын хамтран санаачилсан “Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг дэмжих” олон улсын өдрийг тэмдэглэх тухай тогтоолыг санал нэгтэй баталсан юм. Тус яриа хэлэлцээ нь ялгаварлан гадуурхах үзлийг устгах, дэлхийн энх тайвныг хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам. Дэлхий дахинд бүс нутгийн мөргөлдөөн тасралтгүй үргэлжилж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Яриа хэлэлцээ бол энх тайванд хөтлөх зам мөн” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, харилцан ойлголцолгүй газар зөрчил мөргөлдөөн улам ихэсдэг бол асуудлаа эвээр хэлэлцдэг орчинд энх тайван хөгжин цэцэглэдэг болох нь дэлхийн түүхээс бэлхнээ харагдана. Уур амьсгалын өөрчлөлт, нийтийн эрүүл мэнд, эрчим хүчний хямрал зэрэг дэлхий дахиныг хамарсан сорилтын өмнө улс орон хүчин мөхөсдөх ба ямар ч соёл иргэншил дангаараа уг асуудлыг даван туулах боломжгүй. Харин бодол санаа, байр сууриа бусдад ойлгуулж, мэдэх, чадахаа хуваалцсанаар дэлхий дахинаа тулгарч буй бэрхшээлүүдийг хамтдаа шийдэж, нийт хүн төрөлхтний сайн сайхан байдлыг хамтын хүчээр бэхжүүлж чадна. БНХАУ улс орнууд эв найрамдалтай зэрэгцэн орших, харилцан бие биеэ хөгжүүлэхэд хүчин чармайлт тууштай үзүүлж ирсэн. Тухайлбал, төрийн нээлттэй бодлогоо үргэлжлүүлж, визгүй зорчихыг хялбаршуулсан арга хэмжээг тогтмол нэвтрүүлэн ажиллаж буй. Хятад улс нь Азийн соёл иргэншлүүдийн яриа хэлэлцээний чуулган, Нишаны
дэлхийн соёл иргэншлийн форум, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын соёл иргэншлийн яриа хэлэлцээ зэрэг олонулсын арга хэмжээг идэвхтэй хөгжүүлж байна” гэлээ.
Өнгөрсөн онд Хятад улсын хилээр 700 ор чим сая хүн нэвтэрсэн нь түүхэн дээд түвшин болжээ. Тус улс өөрийн соёлын өвийг хамгаалж, ашиглах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа, техникийн туслалцааны төслүүдэд идэвхтэй оролцож байгааг Элчин сайд дурдаад “Хүн төрөлхтөнд ганцхан эх дэлхий, хамтын ирээдүй бий. Соёл иргэншил хоорондын үл ойлголцол, талцал хуваагдлаас татгалзаж, улс орон хоорондын яриа хэлэлцээгээр дамжуулан харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа ахиулцгаая” хэмээн уриалав.
Үүний дараа НҮБ-ын суурин зохицуулагч Яап ван Хиердэн “НҮБ нь яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны замаар энх тайвныг цогцлоох энгийн боловч хүчирхэг үзэл санаанд тулгуурлан байгуулагдсан. Энэ нь өнөө ч үнэ цэнтэй хэвээр буй. Геополитикийн хурцадмал байдал, нийгмийн хуваагдал улам даамжирч, харилцан итгэлцэл суларсаар буй цаг үед бид амьдарч байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Ийм үед яриа хэлэлцээ нэн чухал. Бид нэгнээ илүү сайн сонсож сурах шаардлагатай” хэмээн онцолсныг энд дурдах нь зүйтэй.
Бусдаас ялгаатай байх нь аюул бус, бидний давуу тал. Соёл, заншлын баялаг түүхтэй Монгол Улсаас бид олон ястан, үндэстэн зэрэгцэн орших үнэ цэнийг харж байна. Соёл иргэншлүүд өөр хоорондоо илүү нягт харилцах замаар хөгждөг. НҮБ нь улс орон хооронд, соёл иргэншлүүд дунд, мөн нийгмийн хүрээнд яриа хэлэлцээг бүх түвшинд дэмжин ажилладаг билээ. Учир нь харилцан ойлголцолгүйгээр энх тайван, тогтвортой хөгжил орших боломжгүй юм. Яриа хэлэлцээ гэдэг зөвхөн үг, яриагаар хязгаарлагдахгүйг энэ үдшийн арга хэмжээнээс та бүхэн анзаарах болов уу. Соёл урлаг, дуу хөгжим хүмүүсийг ямар ч хил хязгаар, саадгүйгээр нэгтгэдэг зүйл. Эрхэмсэг хатагтай, ноёд оо, яриа хэлэлцээг бэхжүүлж, олон талт хамтын ажиллагааг дээдэлж, харилцан ойлголцлын гүүр болохын төлөө нэгдэхийг та бүхэнд уриалж байна. Яриа хэлэлцээ бол итгэлцэл. Итгэлцэл бол энх тайван” гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмол үргэлжилж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжин худалдааны эргэлт
тогтвортой өсөж байгааг онцлоод, хоёр улсын Төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн 20 тэрбум ам.долларын худалдааны зорилтод ойрын хугацаанд хүрэх төлөвтэйг дурдахад таатай байна гэв. Үүний дараа цайлах ёсны үзүүлбэр, “Залуу насны дурсамж” бүжиг, ятга, хуучир хөгжмийн аялгууг үзэгчдэд толилууллаа.