Оюутны шигшээ баг дэлхийн аварга боллоо
Олон улсын хөгжөөн дэмжигчдийн холбооноос Шведийн Готенбург хотод зохион байгуулсан ФИСУ-гийн дэлхийн их сургуулиудын хөгжөөн дэмжигчдийн ДАШТ-д Монголын оюутны шигшээ багийнхан дасгалжуулагч Д.Түмэнтөгс, бүжиг дэглээч Г.Жамьяанпүрэв нарын удирдлагад улсаа төлөөлж оролцлоо. 16 орны 430 тамирчин ур чадвараа сорьсон тус тэмцээнд манайхан “Team pom” төрөлд 69.22 оноогоор тэргүүлж, дэлхийн аварга боллоо. Энэ удаа Грек, АНУ-ын шигшээ “Double hip hop”, “Double pom”, “Team pom” төрөлд тэргүүн байрт шалгарч, Японы шигшээ баг тус бүр хоёр алт, мөнгө, Австрали, БНХАУ, Монголын баг нэг алтан медальтай өндөрлүүлэв. Манайхаас өмнө нь өсвөр үе, залуучуудын баг АНУ-ын Флорида муж улсын Орландо хотод болсон сургуулиудын болон үзүүлбэрийн багуудын ДАШТ-ий “high kick” төрөлд түрүүлж, “freestyle pom” төрөлд дэд байрт шалгарсан юм. Тэд мөн олон улсын хөгжөөн дэмжигчдийн тэмцээнээс алтан цом гардаж байв.