ЧУУЛГАН: Татварын хууль хамгийн сайн хэрэгждэг хууль
16 : 24
2026-6-12
792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулна
Мөн өдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүний өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцсэн талаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
Төсөлд хувь хүний орлогын албан татварын шатлал, хувь хэмжээг өөрчлөхөөр тусгасан бөгөөд сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод 0 хувь, 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлэх санал дэмжлэг авчээ. Харин хүүхдийн мөнгөний хадгаламжийн хүүгийн орлого болон бусад холбогдох зохицуулалттай холбоотой зарим саналыг олонх дэмжээгүй байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
–Бид татварыг улсын төсвийн орлого бүрдүүлэх нэг арга хэрэгсэл гэж нийтлэгээрээ хардаг. Нөгөө талдаа амьжиргааг дэмжих маш чухал бодлого гэж бид харах ёстой. Тийм учраас татварыг бууруулж байна гэдэг өнцөг явах байх. Гэхдээ бид үүн дээр нэг зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Нэг гэр бүл, нэг орлого олж байгаа хүн цаанаа хэчнээн хүнийг асран хамгаалж байгаа вэ, тэр нь тухайн өрхөд яаж нөлөөлж байгаа вэ гэдэг тооцоо судалгааг хийж, цаашид татварын бодлогодоо эдийн засгийн асуудлыг агуулгаар нь оруулж ирмээр байна. Өөрөөр хэлбэл, 2 сая төгрөгийн орлого олж байгаа 2 хүний амьдрал хоёулаа яг адилхан гэсэн үг биш. Дөрвөн хүүхэдтэй, 2 сая төгрөг олдог хүний амьдралын чанар өөр байгаа. Гэтэл ганц бие хүнийх үүнээс өөр байгаа. Тэгэхээр яг нь амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлого руу бид хэзээ шилжих вэ?