16 настай Ө.Золбадар ITF-ийн олон улсын чансаатай Монголын анхны эрэгтэй теннисчин боллоо
Олон Улсын Талбайн Теннис (ITF)-ийн холбоо энэ сарын 15-нд шинэчлэгдсэн чансаагаа зарлалаа.
Шинэ чансаагаар Монголын теннисчин Ө.Золбадар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дэлхийн чансаанд 2,119-т жагсжээ.
Ингэснээр тэр эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын чансаатай болж байгаа анхны монгол теннисчин болж байна.
Өдгөө 16 настай Ө.Золбадар зургаан настайгаасаа талбайн теннисээр хичээллэх болсон юм. Тэрбээр энэ сарын 7-нд БНХАУ-ын Луан хотод болсон ITF-гийн тэмцээний урьдчилсан шатанд Пэйдон Лиүг хожсон ч Японы тамирчин Шион Ямадад дийлдсэн байна.
Сонирхуулахад Монголоос ITF-ийн чансаанд орсон анхны теннисчин нь Ч.Маралгоо билээ. Тэрбээр өдгөө эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны 1,855-д бичигдэж байна.
ITF чансааны цуврал тэмцээнээс ATP болон WTA цувралд оролцох чансааны оноо цуглуулдаг билээ.