“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023” Улаанбаатар хотноо эхэлж байна

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна.

2023 оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд болох чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийн талаар хэлэлцэнэ.

Тухайлбал, чуулга уулзалтын эхний өдөр буюу 6 дугаар сарын 26-ны өдөр Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, худалдааны дэд бүтэц, бүс нутгийн холболт, худалдааг хүртээмжтэй хөнгөвчлөх зэрэг сэдвээр дугуй ширээний уулзалтууд зохион байгуулна.

Дэлхийн бичил, жижиг, дунд үйлдвэрийн өдөр буюу 6 дугаар сарын 27-ны өдөр залуучуудын бизнес, эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ногоон бизнес болон төслүүдийг танилцуулах тэмцээнийг зохион байгуулах юм. Тэмцээнд дэлхийн 63 орноос сонгогдсон залуу бизнес эрхлэгчид ногоон бизнесийн шийдэл, байгаль орчны нөхөн сэргээх санаачилга гэсэн хоёр төрлөөр өрсөлдөнө.

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал, хатагтай Памела Кок-Хамилтон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе В.Фернандес, АНУ-ын Калифорнийн их сургуулийн Олон улсын компьютерийн шинжлэх ухааны институтийн судалгааны эрдэмтэн, профессор Дэ Кай, “Marubeni ASEAN” компанийн Санхүү, лизинг хариуцсан Ерөнхий менежер Сатоши Ири, Сенегал улсын “GAINDE 2000” компанийн Гүйцэтгэх захирал Ибрахима Нур Эддин Диагнэ, БНХАУ-ын “HICOOL” компанийн Ерөнхий захирал И Ву, Зимбабве улсын “ZimTrade” компанийн Гүйцэтгэх захирал Аллан Мажүрү, Руанда улсын “LED Solutions and Green Energy” компанийн гүйцэтгэх захирал, Руанда дахь “SheTrades” төвийн захирал Тереза Секамана зэрэг зочид “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023”-д оролцож байна.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэг, бизнес уулзалтуудаас гарсан үр дүнг нэгтгэн 2023 оны сүүлээр эхлүүлэх Үндэсний экспортын стратегид тусгахаар төлөвлөжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *