Даншиг наадмын үеэр хурдан морь уралдуулахгүй байхаар шийдвэрлэв

1749701042684a51b27078a

Монголын уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, гадаадын жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой Хүрээ цам-Даншиг наадам зургадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Наадмын бэлтгэл ажлын талаар өнөөдөр /2026.06.23/ Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөл болон Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд мэдээлэл өглөө. Энэ жилийн наадмаар үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харваа, сээр шалгах тэмцээн зэрэг уламжлалт спортын төрлүүд зохион байгуулагдахаас гадна олон зуун жилийн түүхтэй Хүрээ цам, Очирвааны тахилга, сор залрах зэрэг шашин соёлын томоохон зан үйлүүдийг Гандантэгчэнлин хийдийн 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэн явуулахаар цамын их дэг сургуулилалтаа хангаж байна. Мөн нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс үзэсгэлэн худалдаа гаргаж, нийслэлийн түүх, соёлыг сурталчлах гар зураг болон бусад бүтээлүүдийг дэлгэх аж.

Харин энэ жилийн наадмын хөтөлбөрт малын шүлхий өвчний дэгдэлт нөлөөлж, Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр халдварт өвчний тархалтаас сэргийлэх үүднээс гурван насны морины уралдаан, жороо морины уралдаан болон морьт харвааны тэмцээнийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулах 256 бөхийн барилдааны цахим бүртгэл зургаадугаар сарын 20-26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 160 гаруй бөх бүртгүүлээд байна. Өнгөрсөн жилээс эхлэн Даншиг наадмаар олгодог байсан бэлгэдлийн даншгийн цолыг зогсоосон тул бөхчүүд улсын наадмын цол, эрэмбийн дагуу барилдаж, гуравын даваанаас ам авах журмаар үргэлжлэх юм.

Энэ жилийн бөхийн барилдааны түрүүлсэн бөх 30 сая, үзүүрлэсэн бөх 20 сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 14 сая, дунд шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн шагнал хүртэнэ.

Барилдаан зургаадугаар сарын 27-ны өдрийн нээлтийн ажиллагааны дараа 11:40 цагаас нэгийн даваагаар эхэлж, хоёр дахь өдөр буюу зургаадугаар сарын 28-нд дөрвийн даваанаас үргэлжилнэ.

Үндэсний сурын тэмцээний хувьд Хүй долоон худгийн сурын талбайд болох бөгөөд бүртгэл нь зургаадугаар сарын 20-25-ны өдрүүдэд цахимаар хийгдэж, одоогоор 120 гаруй харваач бүртгүүлээд байна. Өмнөх жилүүдэд 800 орчим харваач оролцож байсан тул энэ жил ч мөн өргөн хүрээнд зохион байгуулагдах төлөвтэй байгааг албаныхан мэдээллээ.

Сурын харвааны төрөлд эхний 10 эрэгтэй, 10 эмэгтэй харваачийг шалгаруулж, 200 мянгаас найман сая төгрөг хүртэлх мөнгөн шагнал олгох бөгөөд шагайн харвааны тэмцээнд 40 багийн 500 орчим харваач оролцохоор төлөвлөжээ.

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг чиглэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автомашины зогсоолоос наадмын талбай хүртэл тодорхой зайд алхах шаардлага үүсдэг тул оролцогчид болон үзэгчдийг цагийн зохион байгуулалтаа сайтар хангаж оролцохыг зохион байгуулагчдын зүгээс зөвлөлөө.

About Author