М.Мандхай: ХХААХҮЯ-ны сүүлийн есөн жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар 2.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан

mndh(1)

УИХ-ын гишүүн М.Мандхайтай ярилцлаа.


-Хөдөө аж ахуйн салбарын асуудлаар ирэх сарын 28, 29-нд сонсгол хийнэ гэсэн байсан. Чухам яагаад сонсгол хийхээр болсон юм бэ?

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны багцын төсвийг 2017 онтой харьцуулахад гурав дахин өссөн байгаа юм. Жил ирэх бүр төсөв нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ төсвийнх нь 70 хувь нь урамшуулал, татаасанд явчихдаг. Харамсалтай нь өнөөдөр ингэж их татаас, урамшуулал, хөнгөлөлттэй зээл олгоод байгаа ч мах, сүүгээ худалдаж авч чадахгүй хэмжээнд хүрч, гурил, хүнсний ногооны үнэ өссөөр байна. Энэ асуудлыг иргэд хөндөөд байгаа. Тийм болохоор УИХ-ын зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ бодлого, шийдвэр хэр бодитой хэрэгжиж байна вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийхээр болсон нь энэ сонсгол. Татаас, дэмжлэг нь яг бодитойгоор очиж чадаж байна уу. Ямар үр дүн гарав гэдгийг хэмжиж, үнэлэх шаардлага, цаг үе нь болсон гэж харж байгаа. Тавдугаар сард тогтоол гарч, 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдсан. Ингээд татаас, урамшуулалтай холбоотой үр дүнгиын мэдээллийг хүссэн. Харамсалтай одоо 100 хоног өнгөрч байхад ирүүлсэн олигтой мэдээлэл алга. Нэг ч аж ахуйн нэгжийн нэр ирээгүй. Ямар газар хэдэн төгрөг аваад, зээлийн төлөлт нь хэр байгаа талаарх мэдээлэл байхгүй. Уг нь энд чинь гуравласан гэрээ байгуулдаг. Хэрэгжилтийн хяналтыг Монголбанк, Сангийн яам хариуцна. Шаардлагатай мэдээллүүдийг салбарын яам авах бүрэн эрхтэй. Хоёрдугаарт, ХХААХҮЯ аж ахуйн нэгж бүртэй хяналтын гэрээ хийдэг. Үүнийг нь болно гэж үзээд банк зээлээ олгодог юм. Яаман дээр мэдээлэл нь архивлагдаад явах ёстой.

Сонсголын үеэр хэдий хэр хугацааны төсөл хөтөлбөр, татаас, дэмжлэгийн талаар авч хэлэлцэх вэ?

-Сүүлийн 18 жил буюу 2008-2026 оны эхний хагаст хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, татаас дэмжлэг дээр хяналтын сонсгол хийх гэж байна. Энэ хугацаанд нийт 29 бодлого хөтөлбөр, урамшуулал хийгдсэн байгаа юм. Гэхдээ ямар үр дүн гарав гэдэг нь тодорхойгүй. Тиймээс үр дүн хаана байгааг нь энэ сонсголоор тодруулах гээд байгаа юм. Манай хөдөө аж ахуйн бүх бүтээгдэхүүн урамшуулал, татаас авдаг. Өнгөрсөн 2008 оноос хойш тасралтгүй ийм л явж ирсэн. Даанч энэ хугацаанд хүнсний үнэ 5-10 дахин нэмэгдсэн. Эсрэгээрээ урамшуулалд тэр бүр хамрагдаад байдаггүй бүтээгдэхүүнүүдийн үнэ болохоор инфляцийн түвшиндээ, хамгийн бага хэмжээгээр өссөн байгаа юм. Тиймээс л төрийн дэмжлэг яваад байгаа нь эсрэгээрээ үнийн хөөрөгдөлд оруулаад байна уу. Энэ бүхэн оновчтой бодлого мөн үү гэдгийг л тодруулж гаргаж ирэх гээд байгаа юм.

-Төрөөс элдэв урамшуулал, татаас, хөнгөлөлттэй зээл өгөөд байгаа нь тэгвэл буруу юм биш үү. Татварын бодлого, хууль эрх зүйгээр нь л дэмжээд өгвөл зах зээлийнхээ зарчмаар хөгжөөд явахгүй юу?

-Бид Ерөнхий сонсголыг угтаад мэдээллүүдийг олон талаас нь, үнэн зөвөөр авах ёстой. Төрийн байгууллагууд, банкууд, зээл, урамшуулал авсан аж ахуйн нэгжүүдээс мэдээллийг нь аваад, энэ нь хэр оновчтой байна гэдгийг л мэдэх гээд байгаа юм. Өнөөдөр/өчигдөр/ газар тариалангийн техник борлуулдаг, талх нарийн боов, сүү, хүлэмжийн аж ахуйн холбоодтой уулзлаа.

-Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл юу ярьж байна вэ?

-Бүх л аж ахуйн нэгж төрийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг онцолж байна. Гэвч зарим дэмжлэг нь бизнесээ дорвитой өргөжүүлээд явахад хангалтгүй байгаа талаар ч ярьж байна. Олон улсад ч гэсэн хөдөө аж ахуйн салбараа босгож ирэхийн тулд зарим нэг татаасыг өгдөг. Хоёрдугаарт, татаас, дэмжлэгийн хүртээмж жигд биш байна гэдгийг хэлсэн. Төсөвт мөнгө суулгаад, 70 орчим хувь нь тийшээ явчихдаг. Гэтэл нөгөө талдаа хүртээмж нь хангалтгүй байна. Тиймээс Ерөнхий сонсголоор 2008-2025 он хүртэл төсөвлөсөн мөнгө нь хэд байв. Олгосон нь хэд юм. Хэдэн аж ахуйн нэгж авав. Том, дунд, жижиг аж ахуйн нэгжийн оролцоо, хүртээмж нь ямар байж вэ гэдгийг гаргаж ирнэ. Харамсалтай нь мэдээллээ одоо болтол өгөхгүй байна. Ганцхан аудитын байгууллагаас ирсэн тайлан дээр л үндэслэж, зарим мэдээллийг авч байгаа. Одоо бол үндсэндээ энэ татаас, дэмжлэг чинь зүгээр л үр дагаврыг нөхөх хэрэгсэл болоод хувирчихаж. Түүнээс биш учиргүй үнэ тогтворжоод, лангуун дээрх бүтээгдэхүүнүүд олшроод, экспортод гаргах хэмжээнд очоод байгаа зүйл алга. Тиймээс аж ахуйн нэгжүүд татаас өгөхөөс илүүтэй эрчим хүчний төлбөрийн дэмжлэг үзүүлж, гаалийн татвараас чөлөөлөх зэргээр асуудлыг шийдэх нь чухал байгааг хэлж байна. Тэгэхээр жил бүрийн жижиг татаасаас илүүтэй урт хугацааны хөрөнгө оруулалт, дэмжлэг чухал гэдгийг хэлсэн. Ер нь дүгнээд хэлэхэд татаас өвчнийг нь эмчлэх биш, шинж тэмдгийг нь дарсан болоод л өнгөрөөд байна. Дээрээс нь төрийн нэг бодлого нөгөөгөө үгүйсгээд байгаа явдал байгаа.

-Тэр нь чухам юу гэсэн үг вэ?

-Бид экспортыг нэмэгдүүлэх бодлого бариад байна уу, эсвэл дотоодоо хүнсээр бүрэн хангах бодлого юм уу. Үгүй бол импортын бүтээгдэхүүнийг орлох уу, үйлдвэрлэгчийн үнийг хамгаалах уу гээд энэ бодлогууд чинь хоорондоо уялдахгүй, зөрчилдөөд байна. Хүнсний хувьсгалын хүрээнд боловсруулах үйлдвэрийг дэмжээд байгаа юм шиг боловч түүхий эдээ дандаа импортоор авдаг гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Ингэхээр валютын дарамт, шатахуун, түлшний хомсдол гээд асуудлууд үүсэж байна. Тиймээс хөдөө аж ахуйн бодлогыг зөвхөн татаас гэж харахаас илүүтэй үйлдвэрлэл, түүхий эд боловсруулах, агуулах, тээвэр, санхүүжилт, эрсдэлийн даатгал гээд цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сүүлийн 18 жилд олгосон урамшууллуудад дандаа давхцал үүссэн. Гэвч үр дүн маш хангалтгүй явж ирсэн байна.

-Давхцал гэдгээ тодруулахгүй юу?

-Хүнсний хангамж, үнийн тогтвортой байдлын чиглэлд есөн төсөл хөтөлбөр, малчин, тариаланчдын амьжиргааны чиглэлд найм, дотоодын боловсруулалт, нэмүү өртгийн тал дээр ес, экспортыг нэмэгдүүлэх дээр ес, орон нутагт ажлын байр бий болгоход есөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байгаа юм. Ийм байгаа учраас энэ жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдлээ. Үйлдвэрүүдийн орлого өссөнгүй. Импортын хамаарал өндөр, нэмүү өртөг шингэсэн олон бүтээгдэхүүн гарсангүй. Экспортын өрсөлдөх чадвар сайжирсангүй. Тиймээс татаас, урамшууллаа жил бүр нэмээд байхаас илүүтэй тогтолцоогоо эргэж харахгүй бол болохгүй болчихсон байна.

Том аж ахуйн нэгжүүд, мэдээлэлд ойрхонууд нь, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн оролцоотой компаниуд энэ татаас, урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг авдаг. Улмаар түүгээрээ бизнесийн зээлээ хаадаг гэсэн хардлага, шүүмжлэл гардаг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ер нь ийм хардлага байгаа. Харамсалтай нь бодлогын яам мэдээллийн датагаа өгөхгүй байгаа. Дөрвөн сарын хугацаа өнгөрч байхад мэдээллээ өгөхгүй байгаа нь нэгт, нуун дарагдуулах зорилготой юм байна. Ямар аж ахуйн нэгж хэдэн төгрөг авсан. Түүнээс жижиг, дунд нь хэд юм гэсэн нарийн задаргаатай тоо байх ёстой. Аудитын газраас өгсөн мэдээллийг харахад 2022 оны байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сан шаардлага хангаагүй хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд 3.4 тэрбум төгрөг олгосон байна. Ямар ч барьцаа хөрөнгө байхгүй. Яам уг нь хэнд энэ зээлийг олгох вэ гэсэн хяналтын гэрээг хийдэг. Түүний дагуу банк зээлээ олгодог. Тиймээс үүн дээр яам өөрөө хариуцлага хүлээх эзэн нь мөн. ЖДҮДС л гэхэд зээлийн төлөлт хийгдээгүй 2.3 тэрбум төгрөг байна. Үүнд 22 аж ахуйн нэгж, хувь хүн холбогдсон. Энэ зөвхөн 2022 оны дүн ярьж байгаа шүү. Шүүхэд энэ авлагаа авахаар шилжүүлээгүй. Маш ноцтой зөрчил. Хөдөө аж ахуйн корпораци 130 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Үүнээс 30 тэрбум нь бүр найдваргүй, ЖДҮДС гэхэд л 80 тэрбум төгрөг байна. Сүүлийн есөн жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан дээр долоон хязгаарлалттай дүгнэлт авсан нь 2.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Эзнээ олчихсон зээл, тусламж нь үр дүнтэй байгаа. Гэхдээ төр том зургаар нь салбарын бодлогоо хянаад татвар төлөгчдийн нэг төгрөгийг хүртэл үр дүн гарах зүйлд зарцуулах ёстой. Ийм их зөрчил гарчихаад байхад яам нь яагаад авлагынхаа араас шүүхэд хандаж хөөцөлдөөгүй юм. Жил бүр л мөнгө нэмээд өгөөч ээ гээд байдаг. Гэтэл хөөцөлдөөд авбал ийм их мөнгө байна шүү дээ.

-Сүүлийн 18 жил гэхээр энэ яамны сайдаар маш олон хүн ажилласан. Энэ хүмүүс сонсголд оролцох уу. Сонсголоос ер нь ямар үр дүн хүлээж байна вэ?

-Тухайн үед ярьж байсан тариаланчдын зовлон өнөөдөр ч адилхан байна. Энэ чинь үр дүн гараагүй л гэсэн үг. Техник дээр 50 хувийн хөнгөлөлт олгодог. Зээлийг нь олгоод ингэж хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хугацаанд бараг бүгд техникээ шинэчилсэн. Гэтэл ургацын хэмжээ нэмэгдээгүй. Тиймээс одоо үр дүнд суурилсан мөнгөний зарцуулалтыг хийдэг болох ёстой. Нэг сайд нь 2023 онд л гэхэд механикжуулалтыг сайжруулна гэсэн утгатай зээлийг тав, зургаан шийдвэрээр хөнгөлөлттэй олгосон байна. Гэтэл механикжуулалтаа сайжруулсан нь үр дүн гэж үзэх юм уу. Эсвэл тариа будааных нь ургац нэмэгдсэн, ашигт үйл сайжирснаар нь дүгнэх юм уу гэдэг чинь өөрөө асуудал. Ирсэн цөөхөн мэдээллээс нь анализ хийхэд л ийм зүйлс байна. Хязгаарлалттай дүгнэлтийг 2017 онд гурван байгууллага авч байж. Харин 2025 онд 18 болж зургаа дахин нэмэгдсэн. Энэ чинь зээл, тусламжууд хаа хамаагүй, хараа хяналтгүй олгосон байна гэдгийг харуулж байна гэдэг дүгнэлт хийж болохоор байгаа юм. Жил бүрийн санхүүгийн тайлан нь архивлагддаг л байж таараа. Гэвч тэдгээрийгээ өгөхгүй байна. Тиймээс хөдөө аж ахуйн салбар, бодлогын яам нь бүрэн засаглалын хямралд орсон байна. Үүнийг өөрчлөх ёстой. Цаашдаа татаасыг зогсооно гэж байгаа юм биш. Хамгийн чухал нь үр дүн.

About Author