Н.Нямрагчаа: Гадаадын иргэний гаргасан гомдлын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

f5bb313445b00af63b6047c0644d76b8

Эх сурвалж: Zuv.mn

Сүүлийн үед сошиал орчинд шонхор шувууг барьж байгаа гадаадын иргэдийг эсэргүүцсэн тэмцэгч нарын дүрс бичлэг цацагдсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2026.08.19/-нд Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Нямрагчаа: “Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолоор энэ онд гадаад улсад тусгай зориулалтаар гаргах шонхор шувуу барих зөвшөөрлийг олгосон. Үүний дагуу нийт 350 толгой шонхор шувуу барих зөвшөөрлийг 11 аймагт, гадаадын дөрвөн улсын 24 иргэнд олгохоор шийдвэрлэсэн.

Зөвшөөрлийн хүрээнд холбогдох 11 аймагт отог байгуулах зөвшөөрлийг олгосон. Энэхүү үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг тухайн аймаг, орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон байгаль орчны эрх бүхий албан тушаалтнууд хариуцан ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлын хүрээнд гурав хоног тутамд шонхор шувуу барих отогт хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гарал үүслийн бичиг үйлдэж олгохоор хуульчилсан байдаг.

Сүүлийн үед Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан иргэдийн маргаантай холбоотой үйлдлийн тухайд, гадаад улсын нэр бүхий иргэнээс гаргасан гомдлын дагуу Төв аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Тодруулбал, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.

About Author