Дав.Цогтбаатар: Юун озоны цоорхой, эхлээд “оймсныхоо цоорхой”-г ярья

bd0fd11a1af8934033708c4a881cf812

Эх сурвалж: Өдрийн сонин

Улсын Их хурлын гишүүн Даваагийн Цогтбаатартай ярилцлаа.


-Ардчилсан намаас УИХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулж, төсөвт тодотгол хий гэсэн шаардлага тавьж байгаагаа зарласан. Чухам яагаад ийм шаардлага үүссэн бэ гэдэг дээр тайлбар өгөөч?

-Төсөв тодотгох болсон нь Г.Занданшатар Ерөнхий сайд байхын үеийн асуудал хэвээрээ явж байгаа гэсэн үг л дээ. Учир нь Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газарт чинь яг барьцтайгаар хийж байгаа ажил гэж маш цөөхөн байна. Харин Г.Занданшатарыг Ерөнхий сайд байхад шийдсэн багш нарын цалинг нэмэх асуудлаас улбаалаад төсөв тодотгох шаардлага үүссэн. Би бол ингэж харж байгаа. Тоо тооцооллоо харахаар тэгж харагддаг. Нийтдээ хоёр орчим их наяд төгрөгийн асуудал одоо яригдана. Удахгүй есдүгээр сарын нэгэн болж, сургууль, цэцэрлэг ороход багш цалингүй байхгүй юу. Төсвөөс цалин авдаг ямар ч багшид өгөх мөнгө байхгүй гэсэн үг. Тийм учраас төсөв тодотгох шаардлагатай гэж яриад байгаа юм. Уг нь манай энэ МАН хурлаас өөр зүйл хийх хүсэл, сэдэлтэй бол УИХ-ын чуулганаа хуралдуулаад Монголынхоо асуудлыг шийдээд явж байх ёстой. Одоо болоод байгаа COP17 хурлыг нь харахаар улаан намын цагаан байрны хэдэн нөхөд л гоё гоё хувцас өмсөөд, нэгнийхээ өдөөс харж байгаад ухаантай юмнуудаа яриад байгаа юм. Юун озоны цоорхой, эхлээд “оймсныхоо цоорхой”-г ярья. Гэтэл нэг улсын албан тушаалтан энэ хуралд ирээд “Цэвэр ус өгөөч” гээд шууд гуйж байна шүү дээ. Харамсалтай нь түүнийг нь өгье гээд шийдэх хэмжээний нэг ч хүн байхгүй. Манайхаас ус авах юм уу, үгүй. Тэгэхээр шийдвэр гаргах түвшний хүмүүс ерөөсөө ирээгүй. Зүгээр л мэдээлэл дамжуулах хэдэн хүн ирсэнд бид хөөрөөд, цаг бараад яваад байна. Уг нь цаг барахгүйгээр яаралтай хуралдаад, иргэддээ үнэнээ хэлээд төсвөө тодотгох хэрэгтэй. Түүнийхээ дараа ирэх оныхоо улсын төсвийг ярихгүй бол болохгүй. Ирэх оны төсөв есдүгээр сарын 1-нд өргөн баригдаад 15-наас хэлэлцэж эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд тодотгол яриад суугаад байж болохгүй. Тус тусад нь ярих ёстой. Ямар ч хариуцлага байхгүй л яваад байна гэж би харж байна. Төсвөө тодотгохоор хуралдъя гэвэл миний хувьд одоо ч боломжтой, бэлэн байгаа.

Улсын төсвийг тодотгох нь хэр үр ашигтай байдаг юм бэ. Зарим нь ингэж байн байн тодотгох нь буруу гэсэн хандлага илэрхийлдэг шүү дээ?

-Буруу ерөөсөө биш. Угаасаа байхгүй зүйлийг тодотгохгүй гээд яах юм. Эсвэл их болчихсон бол үрээд бай гээд дарга нарт өгөөд байж таарахгүй. Тэгэхээр тодотголоо хийж байгаад хадгалах ёстой бол хадгалж, өөр хэрэгтэй зүйлд зарцуулах ёстой бол шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. Тийм болохоор төсвийн тодотголыг буруушаагаад байх хэрэггүй. Байхгүй мөнгийг байлга гээд зүтгээд байж болохгүй шүү дээ. Тодотгох шаардлага үүссэн бол тодотгох л ёстой.

-Хэрэв ээлжит бус чуулган хуралдуулж, төсвийн тодотгол хэлэлцэхгүй бол яах вэ?

-Энэ чинь иргэдэд л тулгамдаад байгаа асуудал шүү дээ. Тиймээс үүнийг шийдэх ёстой. Яах вэ, наана нь албан бусаар намын бүлэг хуралдаж магадгүй.

-Засгийн газрын бүтцийг цомхотгох, бүр огцрох ёстой гэсэн шаардлага тавиад танай нам гарын үсэг зуруулж байгаа. гэвч зарим нь зурсан, зураагүй гээд байсан. Ер нь танай намын бүлгийн гишүүд бүгдээрээ гарын үсгээ зурсан юм уу?

-Бүлгийн гишүүд маань бүгдээрээ зурсан эсэхийг би мэдэхгүй байна. Миний хувьд бол гарын үсгээ зурсан. Тухайн үед энхийн цагт цэргүүд амь насаа алдаад байна гэдэг асуудал яригдсан. Тэгээд Батлан хамгаалахын сайддаа хариуцлага тооц гэсэн хугацаатай үүргийг Ардчилсан намын бүлгийн зүгээс өгсөн. Гэтэл үүнд нь хариу өгөөгүй. Ингээд намын бүлгээс Засгийн газрыг огцруулъя гэдэг нэгдсэн шийдвэр гаргасан. Бүлгийн гишүүд сууж байгаад бүгдээрээ гараа өргөсөн. Би бүлгийнхээ шийдвэрийг л дагасан. Ер нь одоо жаахан ажил хэрэгч хандахгүй бол бензин ч алга. Манай АҮЭБ- ийн сайд яамаа төлөөлж ганцаараа л ажилдаг юм шиг байгаа юм. Ганцаараа очоод түгээгчтэй хэрэлдээд, эсвэл камерын өмнө ганцаараа суучихаад хэнийг загнаад байгаа нь мэдэгдэхгүй баахан зүйл яриад байдаг болчихсон. Уг нь бүхэл бүтэн яам байна. Тэнд нь хэдэн хүн ажилладаг юм. Тэдгээрийгээ ажиллуулаад, харьяа агентлагуудаа ч ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Энэ мэтчилэн зохион байгуу- лалтын алдаанууд аль аль салбарт гараад л байна. Батлан хамгаалахын сайдад шаардлага өгч, хариуцлага тооц гэсэн ч толгойг нь илээд л байгаа. Гэтэл одоо ч энд тэнд асуудал гарсаар л байна. Уг нь эд нар чинь хариуцлага тооцож чадахгүй биш чадаад байгаа. Тэр С.Зориг агсны хөшөөг нүүлгэх зөвшөөрөл өгсөн гээд СБД-ийн Засаг даргад цалингийн хувиар хариуцлага тооцсон шүү дээ. Гэтэл хүний амь эрсэдчихээд байхад яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Сануулах, цалингийн хувиар торгох, халах буюу огцруулах гээд шат дараалсан арга хэмжээ байдаг. Том, том мега гэж ярихаасаа илүүтэй өдөр тутмынхаа амьдралыг зөв зохион байгуулж явах нь чухал байна.

– тун удахгүй намрын чуулган эхэлнэ. Хувь гишүү- ний зүгээс ямар асуудал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Миний хувьд хамтарсан байдлаар 14-15 хуулийн төсөл өргөн барьсан байна. Мөн Зарлагын хяналтын хорооны даргын хувиар тогтоолын төсөл өргөн бариад батлуулж чадсан. Би өөрөө санхүүч хүн. Тоо уншдаг хэдэн гишүүний нэгийн хувьд дахиад л төсөв дээрээ сууна. Монголбанктайгаа ноцолдоно. Монголбанкны Ерөнхийлөгч томилогдоод удаагүй учраас үр дүн гараа- гүй байж мэднэ. Гэхдээ бид шахаж байж үр дүн гаргана. С.Наранцогт Ерөнхийлөгчийг хална гээд байгаа юм биш, шахмаар байна. Бид хамгийн сүүлд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нэг үе залгамжилсан “хунтайж” нөхрийг авч ирээд залчихсан шүү дээ. Тэр нөхөр очоод төгрөг чанартай байхын төлөө юу хийж байна, юу ч хийхгүй байна. Инфляци буурах ёстой. Монголбанкны хоёр үндсэн үүрэг нь энэ. Гэтэл тэр нөхөр торгон дээл өмсөөд, том чулуу өвөртлөөд, дарга нартай зургаа авахуулаад, найр, наадам хэсээд л яваад байна. Сая манай Үндэсний шигшээ баг Японд очиж тоглоод, япончуудыг хожсон. Гэтэл тэр нөхөр тэнд сагсны дасгалжуулагч хийгээд явж байна. Ийм байх юм бол энэ нөхрийг халуулмаар байна. Би өөрийнхөө бланк дээр шаардлага өгнө гэж бодож байгаа.

-Монголбанк саяхан бодлогын хүүгээ нэмсэн. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Монголчууд уг нь хийх хүн аргыг нь олно гэж ярьдаг. Гэтэл манайхан шалтгийг нь л тайлбарлаад байгаа юм. Аливаа орны мөнгөн тэмдэгт алт, мөнгөөр баталгааждаг. Манай улсад алт, мөнгө, зэс, нүүрс гээд бүгд бий. Дээрээс нь стратегийн бүтээгдэхүүн буюу уран байна. Гэтэл ийм баялагтай орны мөнгөн тэмдэгт хамгийн муу түвшинд үнэлэгдэж байгаа. Үүнийг сайжруулахын төлөө ийм ажил хийлээ, хийх гэж байна гэдэг зүйлийг огт ярихгүй юм. Махны үнээс болоод инфляци хөөрөгдчихлөө гээд байна. Мах үнэд орох ёстой шүү дээ. Онол байна, түүнийхээ хүрээнд яаж зохицуулалт хийх вэ гэдэг дээр л төвлөрч ажиллах ёстой. Монголбанк бодлогын хүүгээ өсгөхөөр хуралдахад УИХ-аас томилогдоод явсан, Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайд байхад цайг нь зөөдөг байсан, мэргэжлийн бус, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван суусангүй. Мөн саяхан томилогдож очсон М.Энхболдын Анар гэдэг хүн сагс, морь, наадам гээд хуралдаа суусангүй. Уг нь энэ хүмүүс чинь залуу. Өдөр, шөнөгүй шилдэг залуучуудтайгаа хамт сууж байгаад инфляцийг бууруулах, төгрөгийг чангаруулах ажил хийх ёстой байсан. Монголбанк түүхэндээ хамгийн их буюу 7.9 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Тэгсэн хэрнээ өнөөхөө эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнесүүдээ зөвөөр дэмжиж чадахгүй. Улам л хүндрүүлээд байна. Хүн ажил хийгээд алдаа гаргаж болно. Гэтэл ажил хийхгүй хэрнээ алдаа гаргаад байж болохгүй. Ажлаа хийхгүй байгаа учраас Монгол банкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийг огцруулах бичиг бичнэ гэж би бодоод байгаа юм.

About Author