А.Батпүрэв: Төр хувийн хэвшил, хүмүүсийн бий болгосон баялаг, төлсөн татварыг дахин хуваарилагч болохоос бүтээгч биш

image (6)

Эх сурвалж: Өдрийн сонин

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэвтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэж ярьцгааж байна. Инфляци 13, хүнсний инфляц 25 хүрчихлээ. Эдийн засагч хүний хувьд та энэ байдлыг хэрхэн харж байна вэ?

-Яг одоо Монголын эдийн засгийн макро тоонуудыг харахаар өсөлттэй юм шиг харагдаж байгаа. Өмнөх оны эцэст зургаан хувийн өсөлттэй, сая эхний хагас жилд уул уурхайн олборлолт, экспортын өсөлтөөр 5.7 хувиар тэлсэн. Эдийн засаг өсөөд байгаа юм шиг боловч Оюу толгойн экспорт, нүүрс болон зэсийн биет хэмжээ, үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Мөн хөдөө аж ахуйн салбарт өмнөх жил нь зуд болсон. Харин энэ жил сэргэж байгаа зэрэгтэй холбоотойгоор өсөлт харагдаад байгаа боловч нэгдүгээрт, чанарын ахиц. Хоёрдугаарт, цаана нь амьдралд бодиттой нөлөө үзүүлэх ёстой шүү дээ. Тэгээд бодит амьдрал дээр очихоороо жирийн монгол айл, жирийн нэгэн өрх гэрийн хувьд орлого нь буурч байна шүү дээ.

Сүүлийн долоон сарын статистикийг харахад өрхийн бодит орлогын өсөлтөөсөө үнийн өсөлт нь давчихаад өрхийн амьжиргаа чинь тэр хэмжээгээрээ муудаж байна. Хоол хүнсэндээ зарцуулаад, бүх хэрэглээнүүдээ хангаад таардаг байсан айл өнөөдөр хэрэглээний үнийн өсөлтөөс болоод өдөр хоногоо өнгөрүүлэхэд хэцүү болоод ирлээ. Амьжиргаа доройтох байдал руу орж байна.

Нэмээд хэлэхэд шатахууны үнийг дагаад инфляци өссөн. Дээр нь төмөр замын тээврийн тариф өссөн зэрэгтэй холбоотойгоор инфляцийн өсөлт саарахгүй. Энэ намаржингаа үргэлжилнэ. Цаашаагаа цасан нуранги шиг томроод явж байна.Тэгэхээр иргэдийн амьдрал дээр нөлөөгөө үзүүлээд эхэлсэн. Тэр нь одоо мөнгөний бодлогоо чангаруулаад, эдийн засагт нийлүүлэх мөнгөнүүдийн хэмжээг бууруулаад, зээлийн хүү өсөөд эхлэхээр бизнесийн үйл ажиллагаан дээр тэртэй тэргүй хүндэрсэн байсан бизнесүүд улам чангарч эхэлнэ.

Одоо энэ хоёрдугаар хагастаа эдийн засгийн байдал нэлээн хүндхэн нөхцөл байдалтай байх болов уу гэж бодож байна. Бизнесийнхээ салбарт өсөлт саарна.

Уул уурхайн салбар дээр жаахан өсөлт явах нь байна. Иргэдийн буюу айл өрхийн амжиргаан дээр очихоороо орлогоосоо зардал нь даваад эхэлнэ. Тэгэхээр энэ бол хүндхэн л байна байх гэж таамаглаж байна.

-Монголбанк бодлогын хүү ч өсөх магадлалтай гээд байр сууриа илэрхийлсэн байгаа. Энэ нь цаашид буурах боломжгүй гэсэн үг үү?

-Эдийн засгийн хэт халалт болон төсвийн тэлэлтээс шалтгаалан мөнгөний бодлогын хүүгээ бууруулах тийм орон зай угаасаа Монголбанкинд байхгүй байна л даа. Өшөө дээшээгээ нэмж байж сааруулах ёстой. Энэ чинь хоёр үзүүртэй зүү шиг байхгүй юу. Инфляци тодорхой шалтгааны улмаас өсч байна. Ингэж бодлогын хүү өсч чангаруулж байна гэдэг чинь зах зээл дээрх илүүдэл мөнгийг татах, зээлийн хүүг үнэтэй болгох, зээлийн хэт өсөлтийг хязгаарлана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ чинь эдийн засгийн бусад салбарынхаа идэвхжлийг боомилоод эхэлнэ. Хоёрдугаарт, өөрөө зөвхөн бодлогын хүүгээр шийдэгдэх хэмжээний асуудал биш болчихоод байгаа байхгүй юу. Манай энэ инфляци дээр нийлүүлэлтийн гаралтай гэж хэлээд байгаа. Учир шалтгаан нь мөнгө нь ихэдсэнээсээ болоод инфляци бий болоод байгаа юм биш. Тэр бараа нь зүгээр л хомсодчихсон, тасарчихсан, эсвэл тээвэр ложистикийн асуудлууд саатал их байгаа. Хил гаалиуд гэдэг ч юм уу. Энэхүү өссөн байгаа инфляцитай зөвхөн мөнгөний бодлогоор тэмцэх чинь өөрөө үр дүн, шууд нөлөөлөл гарахгүй байхгүй юу.

-Эдийн засгийн ийм хүнд нөхцөл байдлын хор уршгийг бүхий л салбарт мэдэрч байх шиг байна. Ард түмний нуруун дээр ч ачаалал нэмэгдээд ирлээ. Өдрөөс, өдөрт тэдний амьдрал хэмнэлтийн горимд шилжиж байна гэж сошиалд хүмүүс бичиж байна?

-Эдийн засаг гэдэг чинь өөрөө олон сая хүний амьдрал, оролцогчтой систем. Хэдэн арван мянган компани, аж ахуйн нэгж, 3.6 сая хүн гээд бүгдийн ажил амьдрал, амьжиргааны асуудлын эдийн засаг шүү дээ. Бид том тоонууд хараад өсөлт 00 байна, эсвэл бодлогын хүү 00 гэчихээд тэр нь хүний амьдралд яаж нөлөөлж байгааг мэдрэхгүйгээр бодлогын шийдвэр гаргаад байх юм. Эдийн засаг чинь цаасан дээр өсөөд, их том өсөлтүүд гараад байгаа боловч тэр дотор уул уурхайн багахан ашиг нь бий болоод тэрнээс үүдэлтэй инфляци нь амьжиргааны өртгийг, амьдрах зардлыг улам үнэтэй болгоод байна. Монголын нийгэм чинь сая хүрэхгүй гэр бүлтэй байгаа шүү дээ. Албан ёсны статистикаар тэрний чинь 30 хувь нь ядуу, 5-10 хувь нь баян чинээлэг байгаа байх. Дундах 60 орчим хувь нь энэ нийгмийн дундаж айл өрх байгаа гэж бодъё. Тэр 60 хувь чинь дахиад дотроо хуваагдахаар нэг хэсэг нь дөнгөн данган тэрхүү ядуурлын шугамын дээд талд буюу 30 гаруй хувь нь өдөр хоногоо арай гэж өнгөрөөдөг. Ядуу гэхэд арай биш, энэ хүмүүс дээр инфляци өсч юмны үнэ нэмэгдэхэд хамгийн хүнд тусдаг. Хангалттай хуримтлал байхгүй, маш эмзэг хэсэг юм. Тэгэхээр дундаж давхаргыг бэхжүүлэхийн тулд айл өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхгүй олон жил явж ирсэн. Инфляци гэдэг нь махны үнэ, шатахууны үнэ гэдэг ч юм уу, энэ ерөөсөө үеийн үед байсан. Цаашдаа ч нэг хэсэг байх асуудал. Тэр үеүдэд нь гал унтраах арга хэмжээ аваад ирсэн. Одоо дахиад л гал унтрааж байна.Тэр галыг нь унтраах нэг өртөг нь мөнгөний бодлогыг чангаруулж байна. Айл өрхийн худалдаж авдаг юмных үнэ өсчихсөн, зээлээр аргалж байсан бол одоо олдохоо больж байна. Зээлийнх нь хүү нэмэгдэнэ гэдэг чинь улам л хүнд тусна шүү дээ.

-Засгийн газар хэмжээ хязгааргүй, үр ашиггүй, хэтэрхий үрэлгэн байна. Өөрсдөө танаж хэмнэх хэрэгтэй. Дээрээсээ эхэл, ард түмнээ татвараар бүү дарамтал гэж мөн бичиж байна.Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Төсвийн оролцоо хэт томроод төрийн үрэлгэн зардал их байгаа нь инфляцид хувь нэмрээ оруулж байгаа юу гэвэл тийм. Эдийн засагчид ингэж л ярьж байгаа. Болсон, болоогүй төсөл хөтөлбөрүүдээр хэрэгжүүлж байгаа урсгал зардлууд чинь дандаа импортыг нэмэгдүүлээд, тэр хэрээрээ ханшид сөргөөр нөлөөлж, төгрөгийн ханшийг сулруулж байна. Хамгийн гол нь хувийн хэвшил ажиллах, бүтээн байгуулах, зээл авах тэр орон зайг нь төр эзлээд шахан гаргах үзэгдэл одоо яваад байна. Тэр утгаараа энэ үнэхээр бодитой юу гэвэл бодитой. Тэгэхээр төсвийн реформ хийнэ гэж яриад байгаа нь төрийн орох хэмжээ дамжааг нь оновчтой болгох, төсвийн зардлыг оновчтэй болгох асуудал зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ нь өөрөө хурдан шийдээд шууд өнөөдөр төсвийн тодотгол хийгээд төсвийн зардлыг бууруулаад маргааш инфляци буугаад л. Тийм юм бол байхгүй. Урт хугацааны л хуримтлагдсан нөлөөлөлтэй.

-Сонгуулийн жилд бодлогын хүү буураад л зээлийг нь нэмээд байдаг хэрнээ бусад цаг үед хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдээ боож хаагаад, элгээр нь хэвтүүлчихдэг болж. Та энэ дээр юу гэж хэлэх вэ?

-Эдийн засгийн хамгийн энгийн сурах бичигт “Инфляци өсвөл бодлогын хүүг нэмнэ” гэсэн хамгийн энгийн арга хэрэгсэл байна. Энгийн байх нь өөрөө буруу гэсэн үг биш. Нэгдүгээрт ийм байх уу, өөр нэг арга байх уу. Инфляцийн чинь шалтгаан нь мөнгө ихэдсэндээ биш, нийлүүлэлт нь тасарсандаа байгаа юм биш үү. Хоёрдугаарт, цаг хугацааны хувьд урьдчилж хийдэг болохоос хоцорч явахаар гарсан үр нөлөөгөө улам хүндрүүлэх юм биш үү. Монголбанкны хувьд бол сүүлийн арваад жил юу хийгээд байна гэхээр “Найман шарга”-ын валютын ченж шиг юм хийгээд байгаа байхгүй юу. Томоохон компаниуд нь экспортын орлого олж, тэр долларуудыг нь худалдаж авч нөөцөд хадгалаад л байна. Тэгээд Монгол Улсын валютын ханш, нөөц тэд боллоо гэдэг тоогоор л ажлынхаа үр дүнг хэмжээд байдаг. Энэ чинь Монголбанкны ажлын үр дүн биш. Тэгсэн мөртлөө тэрний цаана инфляци өсөөд байдаг, төгрөгийн ханш нь сулраад байдаг. Монголбанкны туйлын зорилго бол хуульд заасан зорилго нь төгрөгийн тогтвортой байдал буюу инфляцийн асуудал. Инфляци нь 13 хувь байсан чинь 12.5 бодлогын хүү байж л байдаг, инфляци нь 6.7 хувь байсан ч 12.5 хувь байж л байдаг. Тэгснээ сонгууль дөхөөд ирэхээр юм уу, эсвэл сонгуулийн жилдээ бодлогын хүүг бууруулаад л зээлийг нь нэмдэг. Шийдэл биш, шалтгаан нь Монголбанк өөрөө болчихоод байна.

-Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792.000 төгрөгөөс нэг сая төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмнэ гэдэг чинь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд дээр зардлыг нэмэхээс биш, монгол хүмүүсийн аваад байгаа цалин, амьжиргааг нэмээд байх тухай асуудал биш. Хоёр юман дээр очиж нөлөөлж байгаа. Угаасаа төрд ч бай, компанид гэрээгээр ажиллаж байгаа хүмүүст доод хэмжээ буюу 792.000 төгрөгөөр цалинжиж байгаа хүн яг үнэндээ байхгүй. Ямар тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилж байгаа вэ гэхээр цагаар ажиллаж буй хүмүүст үйлчилж байгаа. Тэрийг нэмэгдүүлэх нь байна. Цагаар хэнийг ажиллуулдаг вэ гэхээр байнгын орон тооны ажилтан авах боломжгүй, аль эсвэл оюутан дадлагажуулагч авч ажиллуулдаг компаниуд л тэрийг ашиглаж байгаа. Тэр зардлыг нэмэгдүүлнэ. Янз бүрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан татварууд, шимтгэлүүд байгаа байхгүй юу. Жишээ нь, 20-иос дээш ажилтантай компани заавал хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн ажиллуулах ёстой. Тэгээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлнө гээд ийм юмнуудтай уячихсан байдаг. Тэр нь өөрөө хувийн хэвшлийн зардлыг нэмэгдүүлээд байгаа болохоос биш, айл өрхийн амьжиргаа, ард түмний халаасанд орж байгаа бодит нэмэгдүүлэх юм биш.

-Эдийн засгийн бусад салбарын идэвхжлийг боомилоод эхэлсэн энэ байдал ойрын хугацаандаа сайжрах болов уу. Ямар арга зам байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд хувийн бизнес эрхэлж байгаа 100 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Тэдгээр нь бүгд том нүүрсний уурхай биш, жижиг үйлдвэр, үйлчилгээний газар, цайны газар, дэлгүүр гэх мэт байгаа шүү дээ. Энэхүү хувийн хэвшлүүдийг аль болох чөлөөтэй ажиллуулах орон зайг нь өгч, тэрийг тэлж, тэдэнд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Янз бүрийн татвар, элдвийн дарамтыг бууруулж, эдийн засгийг идэвхжүүлж байж үүнээс гарна. Түүнээс биш энэ хямралыг шийдэх гэж байна гээд төр улам зардлаа нэмээд л, их ажил хийх юм бол асуудал хүндэрнэ. Хамгийн ойрхон жишээ татвал, нэг айлын ахуй амьдрал дээр асуудал үүслээ гэхэд тэр хүмүүс нь бүгд эрвийх дэрвийхээр чөлөөтэй ажил хөдөлмөр эрхэлж байж амьдралаа өөд татаж, сайн сайханд хүрнэ. Тэрнээс төр орж ирээд тэр айлын амьдралыг хэзээ ч өөд нь татахгүй шүү дээ. Тэрэнтэй адилхан эдийн засгийн системийг хувийн хэвшил нь авч явахаас биш, төр биш. Өөрөөр хэлбэл, төр бусдад саад бололгүй багахан шиг ажил хийх хэрэгтэй болчихоод байна. Төр бол ямар нэг баялгийг бүтээж эдийн засгийн өсөлтийг бий болгодог юм биш.

-Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлүүдээ ч дэмжиж байж эдийн засаг сайжрах болов уу?

-Монголын эдийн засаг гэдэг чинь өөрөө жижигхэн. Хаалттай, угаасаа бид хоёр хөршөөр дэлхийгээс тусгаарлагдчихсан. Аль болох энэ хоёр улсыг давсан нээлттэй байх ёстой. Өөрсдийгөө хаагаад хумиад байвал улам л агшина. Энэ жижигхэн эдийн засагт, улсаараа, үндэстнээрээ хуримтлал ч байхгүй, гаднаас хөрөнгө оруулалт, мөнгө, туршлага, мэдлэг, технологийг авчирч байж хөгжихөөс биш өөрсдөө бор зүрхээрээ явах юм бол Монгол Улс хэзээ хөгжингүй улсын түвшинд хүрэх юм бэ. Тиймээс бид ямарваа нэгэн юмыг хөдөлгөх хэрэгтэй болвол хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй.

-Танай нам энэ нөхцөл байдал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Бодлогын хувьд, байр суурийн хувьд янз бүрийн хэлбэрээр зөндөө юм гарсан байна. Ялангуяа уул уурхайн баялагтай холбоотой байр суурин дээр бат зогсохгүй популизм зэрэг янз бүрийн юман дундуур их туучлаа. Гэхдээ нэг юмыг эргээд харахад тодорхой байдаг. Монголын эдийн засгийг 100 хувь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист, хувийн өмч гэж байдаггүй, төр бүхнийг хийдэг, үр ашиг муутай тэр тогтолцооноос ядаж өнөөгийн тогтолцоог хүргэхэд бий болгосон томоохон өөрчлөлт шинэчлэлт дандаа Ардчилсан намтай холбоотой байсан. Хүмүүст гадаад паспортыг өгөөд ганзагын наймаанд явуулсан, өмчүүдийг нь хувьчилж өгсөн, бизнесийн орчин, татварын шинэчлэлүүд гээд дийлэнхийг нь хийсэн байна. Энийгээ эргээд харах юм бол одоо байгаа Монголын асуудал, шийдэл өөрөө үлгэрийн мэргэн ухаан шаардаад байх юм биш байгаа байхгүй юу. 36 жилийн өмнө ярьж байсан асуудлуудыг шийдэж явж байгаад буцаад ухарсан. Тэр үед хийсэн шийдлийг илүү чанаржуулж гүйцэж хийх ёстой. Аль эсвэл тэр үед хийсэн реформ нь буруу алдаатай байсан бол тэр алдааг нь засах ёстой юм байна. Төрийн байгууллага, төрийн бодлого чинь шийдвэр, шийдэл ярих ёстой. Жишээ нь, шатахууны асуудал гэхэд л өнөөдрийн асуудал биш. Монгол Улсад хэзээ машин техник хэрэглэж эхэлсэн тэр цаг үеэс хойш ОХУ-аас л шатахуунаа авч ирсэн. Тэгээд энэ хүртэлх хугацааны явцад өөр өөр гарцууд эрэлхийлсэн. Хятад, Казахстан, Солонгос, бүр Арабаас авах оролдлогуудыг хийж байсан. Юу нь болсон, юу нь болоогүй юм, одоо яах ёстой юм гээд тэр бодлогыг тууштай үргэлжлүүлээгүйгээс болоод асуудалд бахь байдгаараа байж байна шүү дээ. Бүх салбарт ийм юм ярьж байна. Тэгэхээр энэ асуудлуудынхаа бодлогын шийдлийг олъё гэвэл хуулийг нь гаргаад явахад Ардчилсан нам нь ч бай, аль нам ч бай дэмжээд хэрэгжээд явна. Тэгэхгүй Монгол Улсын нэг асуудал бодлогын хомсдолд ороод байгаагийн шалтгаан богино хугацаанд асуудалд хандаад “Намайг сайд байх үед бензиний үнэ өсөхгүй, махны үнэ нэмэгдэхгүй байх болтугай”, “Өсөх гээд байвал татаас өгч янз бүрийн арга хэрэглэж байгаад дөрвөн жилээ өнгөрөөнө” гэдэг өдөр хоногийг өнгөрөөсөн байдалтай байгаад байна. Урт хугацаандаа харахгүй байна. Тэгээд уул уурхайн бүтээгдэхүүн өсөөд байвал азтай, ороод ирсэн болгоноо хурдан тараагаад яваад байх юм.

About Author