СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоормос гишгэсэн ч автомашин шууд зогсдоггүй
Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр бүртгэгдсэний дагуу шалгажээ.
Шалгалтаар “Субару” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч урсгал сөрж, “Бонго” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Булган аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тоормос гишгэсэн ч автомашин шууд зогсдоггүй.
Судалгаагаар:
- 60 км/ц хурдтай явж буй автомашины зогсох нийт зай 36–40 метр байдаг.
- 80 км/ц хурдтай үед энэ зай 55–60 метр болж нэмэгддэг.
- 100 км/ц хурдтай үед 80–90 метр хүрдэг.
Өөрөөр хэлбэл хурд нэмэгдэх тусам зогсох зай хэд дахин өсдөг нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд жолооч та орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.