ЦЕГ: 14.7 тэрбум төгрөг шилжүүлж залилуулсан хэргийг шалгаж байна

tsagdaa-08.24-810x500

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах хэрэг явуулж байгаа нэр бүхий иргэнд холбогдох хэргийн талаар өнөөдөр /2026.08.24/  мэдээлэл хийлээ. Урьхан Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компанийн тусгай зөвшөөрлийг нь дээрэмдэхээр хууль бусаар хэрэг үүсгэн цагдан хориулж байгаа талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан юм. Уг мэдээлэлтэй холбогдуулж дараах мэдээллийг хийв. 


Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны хэлсийн дарга цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан:

-Сүүлийн өдрүүдэд цахим орчинд гараад байгаа прокурорын байгууллагын ажилтан, цагдаагийн байгууллагын ажилтан, нэр бүхий иргэнтэй холбоотой хэргийн талаар та бүхэнд Эрүүгийн хэргийн шийдэх тухай хуулийн 29.3 дахь хэсэгт зааснаар зөвшөөрөгдсөн хэмжээнд товчхон мэдээлэл хүргэе.

Энэ хэргүүдийг шалгахаар Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг байгуулан шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэн “А” цагдаагийн байгууллагад 2026 оны зургадугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг алтны шороо ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэр бүхий компаниас таван сая ам.доллароор худалдан авахаар гэрээ байгуулсан. 2022 оны оны 3-5 дугаар сарын хооронд хоёр удаагийн гүйлгээгээр нийтдээ 14.7 тэрбум төгрөгийг иргэн “Г”-ийн дансанд шилжүүлж залилуулсан тухай гомдол гаргасан. Уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, гомдол гаргагч “А” нь тус компанийн ашиглалтын зөвшөөрлийг таван сам ам доллароор худалдан авч 50 метрийн хөрс хуулалт хийж, үйл ажиллагааны зардалдаа нийтдээ 41.9 тэрбум төгрөгийг зарцуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны  явцад тогтоогдсон. Энэ нөхцөл байдал үүссэн байхад иргэн “Г” нь хуурч, мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож тус компаниа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон.

Иймээс иргэн “Г”-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, их хэмжээний мөнгө залилсан үйлдэлд нь 2026 оны наймдугаар сарын 4-ны өдөр  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагчаар татаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Шалгалтын явцад яллагдагч “Г” нь 2022 оны аравдугаар сараас 2025 он хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож, улмаар байгаль орчинд хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн хоёрдугаар хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах  ажиллагаа явуулсан. Нийтдээ 74 техникийг хураан авч зогсоосон. Мөн 2022-2025 онуудад иргэн “Г” нь өөрийн болон компанийнхаа дансаар их хэмжээний орлого авсан үйлдэл нь татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй үйлдэл байх тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ.

About Author