Б.Даваажанцан: Д.Эрдэнэбилэг гадаадад эмчилгээ хийлгүүлж байгаа

0

Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцангаас тодрууллаа.


ЗГХГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат өнөөдөр танай үйлчлүүлэгч Д.Эрдэнэбилэгийг эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригийг нь цуцалж, 3 тэрбумын барьцаа аваад хилээр гаргачихсан шүүгчийг шалгуулах талаар хүсэлтээ АТГ-т гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Энэ талаар тайлбараа хэлнэ үү.

Түүний мэдэгдлийг харсан. Улс төрийн ямар шалтгааны улмаас ийм сүржин мэдэгдэл хийж байгааг би хувьдаа ойлгоогүй. Ү.Амарбат гэнэт шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдал руу халдсан мэдэгдэл хийж байгаа нь улс төрийн шалтгаантай гэж харж байна. Аливаа улс төрийн сенсацийг манай үйлчлүүлэгчтэй холбоотой хуучин мэдээллээр сэвж, дардаг арга хоцрогдсон. Манай үйлчлүүлэгч Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал хүнд байсан нь үнэн. Хугацаа их алдсанаас болж өнөөдөрч тийм л байна. Эрдэнэтийн 49-ийн гэх энэ асуудал дээр 2017 оноос хойш шалгагдаж, хууль сахиулагч нарын дуудсан цагт очиж тайлбараа өгч, баримтаа гарган өгч хүндэтгэлтэйгээр хандаж ирсэн.

2022 оны хавар манай үйлчлүүлэгчийг 3 сар орчим хугацаанд 461 дүгээр ангид цагдан хорьсноос болж түүний архаг өвчнүүд хүндэрч, биеийн байдал их хүндэрсэн. Манай үйлчлүүлэгч биеийн байдлаас шалтгаалж АТГ-д 2 цагаас илүү байцаалт өгч чаддаггүй, дунд нь завсарлагаа авдаг байлаа. Энэ тухай шалгаж байсан комиссарууд бүгд мэднэ. Биеийн байдал хүнд байсан учир 2023.02.09-ны өдөр шүүхээс хилийн хоригын цуцалж, барьцаа болгосон. Бидний зүгээс гэнэт хүсэлт гаргаад л хилийн хоригоо цуцлуулаад явсан зүйл биш шүү дээ. Энэ хурал дээр оролцсон Прокурор “… биеийн байдал муу байгааг мэдэж байгаа. Шүүгчийн захирамжаар хилийн хориг тавьсан. Тиймээс шүүхийн шийдэх асуудал. Бидэнд тайлбар байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа.

Үйлчлүүлэгчтэйгээ холбоотой байгаа юу? Одоо эмчилгээ нь ямар шатандаа яваа бэ?

Бидний зүгээс тогтмол АТГ-ын мөрдөгч, коммисаруудад мэдээлэл, тайлбараа өгөөд явж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 3-4 удаа мэдээлэл, албан бичгээ эрүүл мэндийн баримттай нь хамт өгсөн. Ямар ч авцалдаагүй, асуудалд гэнэт гарч ирж улс төрийн чанартай мэдэгдэл хийж, буруу мэдээлэл тарааж байгааг зогсоохыг хүсье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *