Улаанбаатарын унааг төрөлжүүлэх нь

0

Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг Таиланд Улсын нийслэл Бангкокоос бэлтгэлээ. Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх нийтийн тээврийн хүртээмж, төрлийн талаар энэ удаад онцлов.

Хөдөлгөөн

Хот бол хөдөлгөөн. Хэзээд үргэлжлэх, үл саарах хөдөлгөөн дунд хотын, хотынхны амьдрал өрнөж байдаг. Хүн зон, ажил алба, барилга байшин, зах хязгаарын дунд урсах энэ хөдөлгөөнийг ухаалгаар, бүгдэд ээлтэйгээр зохицуулах нь нэн чухал. Өдрөөс өдөрт хаяагаа тэлж, хүн амын төвлөрөл нь нэмэгдсээр буй Улаанбаатарын хувьд ч ялгаагүй билээ. Манай хотын оршин суугчдын өдөр тутмын амьдралд нөлөөлж, тулгамдаж буй нэг том асуудал нь авто замын түгжрэл. Сүүлийн 30 жилийн хугацаанд гарсан нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хот төлөвлөлтийн алдаанаас үүдсэн энэ асуудлыг шийдэхийн тулд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хот бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Оршин суугчдынх нь амьдрал, хэрэгцээ шаардлага, уур амьсгал, төлөвлөлт гээд онцлогтоо тохирсон төсөр, шуурхай, хүртээмжтэй нийтийн тээвэртэй байх ёстой. Улаанбаатарын хувьд ч нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, төрөлжүүлж байж л авто замын түгжрэлийг шийднэ” хэмээн онцолж буй.

Жишиг

Азидаа томд тооцогдох Бангкок хотын нийтийн тээврийг хүртээмж, үнэ, сонголтынх нь хувьд онцолж болно. Аялал жуулчлалын том “тоглогч”-ийн хувьд ч, өдөр өдрөөр хүн ам нь өсөн нэмэгдсээр буй хотын хувьд ч нийтийн тээврийг хамгийн олон сонголттойгоор төрөлжүүлж чадсан нь Бангкокийн онцлог. Тухайлбал, хотын оршин суугчид, жуулчид 400 орчим чиглэлд зорчигч тээвэрлэдэг 13.5 мянган автобусаар үйлчлүүлнэ. Түүнчлэн бага оврын автобус, метробус буюу тусгай шугамын BRT, метро, мото тээвэр, усан тээвэр, таксиг сонгох боломжтой. Нийтийн тээврийн эдгээр хэрэгсэл хурд, тав тух, үйлчилгээний цаг, чиглэлээсээ хамаараад үнийн хувьд ч сонголт арвин. Өөрөөр хэлбэл, хүн дуртай цэгээсээ зорьсон газартаа шуурхай хүрэх боломжийг бүрдүүлж чаджээ.

Шийдэл

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт автобус зонхилдог. Тиймээс нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг үе шаттай хийж, чиглэл төлөвлөлтийг сайжруулахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч, тодорхой арга хэмжээг авсаар буй. Үүний дүнд шинэ, тав тухтай, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн автобуснуудыг үйлчилгээнд нэвтрүүлсэн.

Нөгөөтэйгүүр, хүн амын тоо, төвлөрөл, зорчих хөдөлгөөний урсгал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан масс тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх цаг нь ирсэн хэмээн Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэмдэглэсэн.

Тэрбээр:

-Улаанбаатарын хувьд нийтийн тээвэр сонголттой, тухтай, шуурхай байх ёстой. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ, хүртээмжийг нь сайжруулахаас гадна төрөлжүүлэх шаардлагатай гэсэн үг. Метро, LRT, тусгай шугамын буюу BRT байж болно. Нийтийн тээврийг төрөлжүүлэх нь нэг талаас иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бий болгож байгаа хэрэг. Нөгөө талаас эдийн засагт эерэг нөлөө авчрах, хотын үнэлэмжийг нэмэгдүүлэх алхам ч мөн. Мэдээж, масс тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх нь хямд бус. Тэгэхээр бид байгаа нөөц бололцоо, хамтын ажиллагаандаа тулгуурлаж хийхээс өөр аргагүй. Ингэхийн тулд зураглалаа томоор гаргах учиртай” хэмээлээ.

Нөгөө талаас, унадаг дугуй, скүүтэр, такси үйлчилгээ зэрэг тээврийн бусад хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулахад хотын удирдлага хувийн хэвшилтэй хамтран ажиллаж буй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *