“Хохирсон болон холбогдсон байж болзошгүй долоон хүүхдийн шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө”
Хийдэд шавилан суралцдаг хүүхэд бэлгийн дарамтад өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу БГД-ийн цагдаагийн I хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд шинжээч эмчийн дүгнэлт гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн Э.Энхзаяа “Тухайн асуудалд хохирсон байж болзошгүй гурав, холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхэд буюу нийт долоон хүүхдийг Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандсан.
Одоогийн байдлаар шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-р зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрснөөр нийтэд мэдээлэх боломжтой гэж үзсэний дараа мэдээлнэ.
Хэрэгт хохирсон байж болзошгүй гурван хүүхдийн нэгийх нь ар гэрээс хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагын түр хамгаалах байранд байршуулсан. Тухайн хүүхдэд цагдаагийн байгууллагаас хууль эрхзүйн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгч хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээг үзүүлж байгаа.
Хэрэгт холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдэд хувийн баталгаа гаргуулах, таслан сэргийлэх арга хэмжээг авсан.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг гарсан гэх газарт шалгалтын ажиллагааг хийсэн. Асуудлыг тал бүрээс нь шалгаж байгаа” гэлээ.