Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны бакалаврын элсэлт амжилттай болж өндөрлөв
Дотоод хэргийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлт 2023 оны 06 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагджээ.
Элсэхийг хүсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор эрэмбэлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, бие бялдар, ур чадвар, сэтгэл зүйн сорил ярилцлагын шалгалтуудад хамруулан хяналтын тоонд багтаан элсүүлсэн байна.
Элсэлтийн журамд заасан шалгуурыг хангасан болон шалгалтыг амжилттай өгч тэнцсэн элсэгчдэд чиглүүлэх сургалт, уулзалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Их сургуулийн Соёлын төвд зохион байгуулав.
Уулзалтад Их сургуулийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газар, Хангалт, үйлчилгээний газар, Цэргийн албаны бэлэн байдлын газрын удирдлага болон мэргэжилтнүүд оролцож, шинээр элсэгчдэд сургалтын үйл ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал, хоол, хувцас хангалт, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Уулзалтын төгсгөлд шинээр элсэгчид болон эцэг эх, ар гэрийн төлөөлөл холбогдох албаны хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, санал хүсэлтээ илэрхийллээ.