Батыр Батырович: Монголын ард түмэн, Ц,Элбэгдорж НҮБ-д орогнол хүссэн хүсэлт гаргаж намайг аварсныг би өр хэмээн бодож ачийг нь хариулах болно
Өнгөрсөн хоёрдугаар сард “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас нэгэн Халимаг эр эцсийн найдвар тээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа хэмээн “Оросын орос биш угсаатнуудын эрхийн төлөө тэмцэж ОХУ-д байхад миний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд аюул учирч байсан тул надад Монгол улсад улс төрийн орогнол олгохыг хүсэж байна” хэмээн захидал бичиж удаа дараа уулзах хүсэлт хүргүүлсэн ч Монгол Улсын холбогдох албанаас хуульд заасны дагуу паспортын хугацаа нь дуусаад нэг хоносон тул оруулах боломжгүй хэмээн тусгаарласан.
Улмаар уг үйл явдлын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссартай холбогдож түүнд орогнол хүссэнээр АНУ амь насан дээсний дөрөөн дээр Оросын тусгай хүчнээс зугтаж явсан улс төрийн зүтгэлтэн Халимаг Улсын иргэн Батыр Батырович Боромангнаевыг хүлээж авсан билээ. Улмаар одоо тэр АНУ-д аюулгүй хүрч, НҮБ-ын гадна ОХУ-ын бүрэлдэхүүн үндэстнүүдийн эрхийн төлөө цөөнхийн дуу хоолойг хүргэж байна. Иймд бид түүний үзэл бодлыг хуваалцахын сацуу, Монголд болж өнгөрсөн үйл явдал, Орос, Украины дайны талаар цахимаар холбогдож түүнтэй ярилцлаа.
-Нэг улсад байсан ч тухайн үед тусгаарлах өрөөний цаана, наана байсан учир ярилцаж чадалгүй өнгөрч байсан. Одоогоор таныг аюулгүй газарт хүрч, үзэл бодлоо ч чөлөөтэй илэрхийлж болдог болсныг хараад ярилцахаар шийдсэн юм. Таныг ч уриалгахан хүлээж авсанд баяртай байна. Ярилцлагын эхэнд өөрийгөө танилцуулаач. Таныг Монголд ирэх үед Буриадын эсвэл Халимагийн иргэн гэхчлэн янз бүрээр бичиж байлаа.
-Миний нэр Батыр Батырович Боромангнаев. Халимаг үндэстэн. Би Халимаг Ойрадын ард түмний Конгрессын орлогч дарга, Чөлөөт Үндэстнүүдийн холбооны гишүүнээр ажилладаг байсан. Мөн Оросын Засгийн газрын бодлогын эсрэг тэмцэгч ТББ-ын гишүүн. Энэ нь Оросын бүрэлдэхүүн улсуудыг нэгтгэсэн байгууллага юм.
-Одоо хаана байгаа вэ. Аюулгүй байдлын үүднээс та үүнийг нууцалж ч болно шүү.
-Зүгээрээ. Надад одоо нууж хаах юм үлдээгүй. Би одоогоор Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод байна.
-ХЭДИЙГЭЭР МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ОРОГНОХ ХҮСЭЛТИЙН МИНЬ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ Ч Ц.ЭЛБЭГДОРЖ БОЛОН МОНГОЛЫН АРД ТҮМЭН НАДАД ТУСАЛЖ НҮБ РУУ ХҮСЭЛТ ЯВУУЛЖ БАЙСАН-
-Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын хилээр нэвтрэхдээ паспортын хугацаа дууссан гэх асуудлаар нэлээдгүй хүнд байдалд хэд хоносон. Энэ талаар зарим эх сурвалжууд ярихдаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг танд тусалж НҮБ руу утасдаж орогнол хүссэн. Эсвэл бүр үлгэр шиг яриа, таамаглал хэсэг гарсан. Тэгэхээр энэ үед болсон явдлыг бидэнд яриач?
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэдэг хүн надад тусалсан нь үнэн. Тэр хүнтэй утсаар ярьж, уулзахаар тохирсон ч тухайн үед онгоцны буудлын ард байх өрөөнд намайг тусгаарлаж ямар ч Монгол хүн ойртуулаагүй. Надаас ярилцлага авах гэсэн намайг дэмжих гэсэн Монголчууд ирсэн хэдий ч мөн л ойртуулаагүй. Тиймээс тухайн үед нэлээд хүнд байдалд орж маргааш нь Орос руу албадан буцаахаар болоод байх үед Ц.Элбэгдорж болон хэсэг Монголчууд надад улс төрийн орогнол хүсэж тодорхой улсууд руу, НҮБ-ын Хүний эрхийн төлөө байгууллагын Дүрвэгчдийн холбоо руу гэхчлэн байж болох бүх газарт л хүсэлт хүргэж тэр дундаас АНУ миний улс төрийн орогнох хүсэлтийн хүлээн авсан. Олон Монголчууд надад тусалсан. Түүний дунд Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байсан. Тэдний хүчинд би Солонгосоор дамжиж Америкт ирсэн.
Монголчууд НҮБ-д хүсэлт гаргаж, НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар над руу ярьж АНУ хүсэлтийг хүлээн авсныг дуулгасан. Би зөвхөн АНУ-ын Засгийн газарт баярлах төдийгүй Монголын ард түмэнд бас баярлалаа гэж хэлмээр байна.
Яагаад гэвэл Монголд намайг дэмжиж, тусалсан маш олон хүн байсан. Үүний хүчинд би өнөөдөр энд ирсэн байна. Тиймээс би хэзээ нэг өдөр Монголын шударга ард түмэнд энэ их ач, өрийг төлнө гэж боддог. Би өөрийгөө Монголын ард түмэнд өртэй гэж боддог.
-Монгол Улсын Засгийн газар паспортын хугацаа дууссан учир хууль дүрмээ дагаж оруулах боломжгүй болсон. Мөн Улс төрийн орогнол хүсэхэд хүлээж аваагүй шүү дээ. Энэ бүхнийг та юу гэж харав. Магадгүй хүсэлт гаргаж буй дүрвэгч хэмээн оруулах боломж байсан гэж бодож байна уу?
-Монголд очиход миний гадаад паспортын хугацаа дуусаад нэг хоносон байсан. Учир нь Казахстаны хил дээр буюу нисэх буудалд намайг барьж хоёр хоног саатуулсан. Бусдаар бол миний паспортын хугацаа Монгол руу ороход хангалттай байхаар тасалбар авсан байсан юм. Гэсэн ч би Монгол Улс намайг хилээрээ оруулах байх гэж итгэж байсан.
Бас нөгөө талаар надад улс төрийн орогнол өгөх байх гэж найдаж байсан. Дайнтай улсаас явж буй дүрвэгчээр орогнол хүссэн учир оруулах байх гэж бодож байсан. Хэрэв би Орос руу буцах эсвэл ОХУ-д үлдсэн бол “дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн” хэмээн шууд шоронд орох нөхцөл байдалтай байсан. Монголд очих үед ард түмэн нь надад маш зочломтгой хандсан. Би Монгол Улсын хууль тогтоомжийг ойлгож байна. Гэхдээ бас арай хатуу юм уу гэж бодсон.
Миний бодлоор дайнтай улсаас дүрвэж яваа үндэстэн учир оруулах боломж байсан байх гэж бодож байна. Гэсэн ч одоогийн Монголын Засгийн газартай би үнэхээр тохиролцож чадсангүй. Хэл амаа ололцоогүй. Нээрээ энэ үед бас нэг хачирхалтай зүйл болсон.
-МОНГОЛЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД ТУСГААРЛАЖ, ОРОСЫН ТУСГАЙ АЛБАНЫ ХҮНИЙГ ОРУУЛСАН. ТЭР ХҮН НУТАГ БУЦАХЫГ ЗӨВЛӨЖ, СҮРДҮҮЛЖ БАЙСАН-
-Юу?
-Тухайн үед нисэх буудалд тусгаарлаж өрөө рүү маань ямар ч Монгол хүн оруулахгүй байсан шүү дээ. Би тэр үед Монголчуудтай уулзах хүсэлт маш олон гаргасан. Гэтэл нэг удаа над руу нэг сонин хүн оруулсан. Тэр хүнийг Монголын онгоцны буудлаас оруулсан. Миний харснаар тэр хүн Оросын тусгай ажиллагааны хүн эсвэл ОХУ-ын Элчин сайдын яамд ажилладаг хүн байна гэж ойлгосон. Яагаад гэвэл тэр хүн Оросоор маш цэвэрхэн аялгатай ярьж байсан. Тэрний үг хэллэг дотор ямар ч гадаад хүн мэдэх боломжгүй. Зөвхөн Оросын тусгай албаны хүмүүсийн хэрэглэдэг үг хэллэг их хэлэгдэж байсан. Яг л тусгай хүчин, ОХУ-ын засгийн газарт ажилдаг хүн шиг анзаарагдсан. Энэ нь надад маш сонин санагдсан.
Би “Монголчуудтай уулзъя” гэж санал хүсэлтээ хэлэхэд нэг ч Монгол хүн оруулаагүй хэр нь Оросын талаас ирж, уулзах гэсэн хүмүүсийг оруулж байна гэж би ойлгосон. Надтай уулзахаар ирсэн хүний царай ч Монгол хүнийх биш байсан. Би энэ үйл явдлыг юу гэж сэжиглэсэн бэ гэвэл “Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын тусгай ажиллагааны хүмүүстэй хамтарч ажилладаг юм байна” гэж бодсон. Яагаад гэвэл тухайн үед орж ирсэн хүн намайг “Чи сайн дураараа Орос руу яв” гэж зөвлөгөө өгөх маягаар шахаж, дарамталсан.
Ингэхдээ Улаан-Үдэ юм уу, Эрхүү эсвэл Оросын бусад буюу нэг их хүн мэддэггүй жижиг хотууд руу явж болно гэсэн. Монгол хүн хэзээ ч тэгж хэлэхгүй шүү дээ.
-Таныг Монголчууд Халимагийн зарим нь Буриадын улс төрийн тэмцэгч гэсэн ойлголттой үлдсэн.
-Би олон жил улс төрд ажиллаж, ОХУ-ын Засгийн бодлогын эсрэг буюу өөрсдийн эрх ашгийн төлөө дугарч тууштай тэмцсэн хүн. Улс төрийн тэмцэгчээр олон жил үзэл бодлоо илэрхийлж тэмцэхдээ зөвхөн улс төр биш хүний эрхийн төлөө, эрх чөлөө Халимагийн ард түмний төлөө тэмцсэн. Халимаг Оросын бүрэлдэхүүнд байдаг. Гэвч бид хэчнээн Оросын бүрэлдэхүүнд байгаа ч гэсэн өөрсдийн эрх чөлөө, хүний эрхээ эдлэх ёстой. Бид өөрсдийн хувь заяаг өөрсдөө бие дааж шийдэж чаддаггүй. Бидний хувь заяа, ирээдүй Москвад л шийдэгдэж байдаг. Тиймээс би адлагдсан Халимаг ард түмнийхээ төлөө олон жил тэмцэж үг хэлж байна. Үүнээс болж би маш том шийтгэл ч авч, хүнд байдалд орж их хохирол амсаж байсан.
-ДАЙНЫ ЭСРЭГ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ САЦУУ, ОРОСЫН БҮРЭЛДЭХҮҮН УЛСАД ЯВУУЛЖ БУЙ БОДЛОГЫГ ШҮҮМЖИЛСНИЙ УЛМААС ШОРОНД ОРОХ ГЭЖ БАЙСАН-
-Яагаад Оросоос дүрвэж, эх нутгаасаа үүрд явах болов. Дайнаас өөр шалтгаан байсан уу?
-Би өнгөрсөн жил Оросоос явсан. Учир нь би өөрсдийн хамтран зүтгэгч буюу тэмцэгч нартай хамт дайны эсрэг маш хүчтэй тэмцэж үгээ хэлсэн. Ингэхдээ “Халимагийн захиргаа Оросын дайныг битгий дэмжээч. Энэ зүйл буруу шүү дээ” гэдгийг уриалж байсан. ОХУ-ын дайны хууль дүрэм журам хэзээ ч дуусдаггүй. Харин эсрэгээрээ хугацаа нь сунжирч чангарч байдаг. Тухайлбал, дайны тухай ярьсан хүн бүрийг 10-15 жил шоронд хорих ял оноох гэхчлэн. Иймээс би зөвхөн дайныг эсэргүүцэж дуугараагүй. Дайныг эсэргүүцэхийн хажуугаар Москвагаас Оросын бүрэлдэхүүн үндэстнүүдэд явуулж буй бодлогыг шүүмжилж дуугарсан. Жишээлбэл, бүрэлдэхүүн үндэстнүүд төрөлх хэлээ чөлөөтэй үздэг болох, соёл, уламжлалаа хадгалан үлдэх талаар маш хүчтэй үзэл бодлоо илэрхийлж байсан.
Та бүхэн мэдэх байх. Манай ард түмэн өмнө нь Оросын хэлмэгдүүлэлтэд өртөж маш их хохирол амссан. Тухайн үед маш олон хүнийг алсан. 1920-1930 онд Халимагийн ард түмнийг маш олноор устгасан. Тэр үед Халимаг ард түмний хоёр дахин багсаж, 50 хувийг нь шууд устгасан. Энэ бол зөвхөн амиа алдсан иргэд. Ингэж үй олноороо устгуулсан үндэстэн маш цөөхөн байдаг. Гэтэл Халимаг ард түмэн ЗХУ, Германтай дайтаж байх үед маш их үүрэг гүйцэтгэж байсан. Оросын өөр ямар ч жижиг үндэстнүүд Халимаг шиг том доромжлолыг үзээгүй. Тиймээс л би эдгээр үйл явдлын талаар маш хүчтэй дугарч байр сууриа илэрхийлж байсан.
-ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭЭД ШОРОНД ЯВСАН ТЭМЦЭГЧИД ХЭЗЭЭ Ч АМЬД ЭРГЭЖ ИРДЭГГҮЙ-
Тиймээс Оросын хүчний байгууллага, Хүний эрхийн байгууллагууд, Тагнуулын байгууллага надтай хамт үзэл бодлоо илэрхийлж байсан хүмүүсийн үргэлж мөрдөж, тагнаж эхэлсэн. Ингэхдээ намайг бүр их цагдаж, шалгаж байсан. Яагаад гэвэл би эсэргүүцлээ илэрхийлэгчдийн төлөөлөл байсан юм. Миний төрөлх нутаг Халимагийн газар нутагт байрлах Тагнуулын төв газар, шүүх, цагдаа нар намайг маш их мөрдөж, шалгаж байсан. Иймд яг тийм фашист төвтэй газар би байх ямар ч боломжгүй болсон. Амьдрал ямар ч боломжгүй байсан.
Би одоо нутагтаа байсан бол аль хэдийн шоронд орсон байх. Ерөөсөө л улс үндэстэн, эрхийнхээ төлөө дугарсан хүмүүсийг шоронд оруулаад устгадаг. Дараа нь баригдаад явсан хүмүүсийг тэд өөрсдөө амиа хорлосон буюу хоолойгоо боомилчихлоо. Эсвэл зүрхний шигдээс болсон гэдэг. Яг үнэндээ шоронд тэдний амийг хөнөөдөг.
-ОРОСЫН ТӨР ЕРӨӨСӨӨ Л ӨӨРСДИЙНХ ӨӨДӨӨС ДУГАРСАН ХҮМҮҮСИЙГ АЛДАГ ХАРГИС ГАЗАР БОЛСОН-
Маш олон тэмцэгчийг ингэж хөнөөж байсан. Шоронд орсон л бол хэдэн сарын дараа юм уу. Хэдэн жилийн даруу алуулдаг. Оросын төр ерөөсөө л өөрсдийнх өөдөөс дугарсан хүмүүсийг алдаг харгис газар болсон.
-Украины дайныг эсэргүүцэх томоохон шалтгаануудын нэг мэдээж бүрэлдэхүүн улсуудаас олноор нь татсан гэх цэрэг байх. Энэ яг үнэн үү?
-Украины дайн эхлэхэд Оросын бүрэлдэхүүн үндэстнүүдийн цэрэгт татсан. Ингэхдээ Орос үндэстнүүдээс маш бага залуус, жижиг үндэстнүүдээс олноор нь татсан. Буриад, Халимаг, Тува, Якут гэхчлэн Оросын бүрэлдэхүүн үндэстнүүд хэдэн зуун мянган хүн амтай байсан бол цэрэг татлагыг за яах вэ гэхсэн. Гэвч эдгээрийн дунд 15 мянган хүнтэй үндэстэн хүртэл бий шүү дээ. Тэднээс огт цэрэг татаж болохгүй байсан. Дайнд оролцуулж болохгүй. Гэсэн ч цэрэгт татаж, дайнд аваад явсан. Ингэхдээ хүчээр авч явсан. Хүчээр татагдсан залуусын ихэнх нь үхсэн.
Мөн энэ үеэр Оросоос явуулж байсан суртал ухуулга нь ерөөсөө л та бүхэн улсаа хамгаалах хэрэгтэй. Оросыг хамгаалах хэрэгтэй гэсэн. Яг үнэндээ Оросыг хамгаалах биш ОХУ өөр улс руу дайрч дайн эхлүүлсэн шүү дээ. Өөрсдөө Украин руу дайрч тус улсын олон сайхан залуусыг хөнөөлөө. Дээрээс нь Украины эдийн засаг болон бүтээн байгуулалтыг устгаж бүх зүйлийг нь үгүй хийлээ шүү дээ. Энэ дайнд Оросыг хамгаална гэдэг бол жижиг үндэстнүүдэд байж болшгүй зүйл. Бид энэ дайнд оролцох ёсгүй байсан. Яагаад гэвэл тодорхой цаг хугацаанд эдгээр жижиг үндэстнүүдийг Орос булаан эзэлсэн. Тэрнээс биш сайн дураараа нэгдээгүй. XVI, XVII, XVIII зуунд бид бүгд Орос Улсад булаан эзлэгдэж, эрх чөлөөгүй ард түмэн болсон.
Дайн болоход үргэлж бидний залуусыг цэрэгт татаж, тэргүүн эгнээнд тулалдуулдаг. Ингэхдээ Москваг хамгаалах болзол тавьдаг. Орос бидэнд ямар ч эрх чөлөө өгдөггүй. Үргэлж мөрдөж, шалгадаг. Бүх зүйлээс хол байлгаж, хааж байдаг. Бидэнд бие дааж өөрсдөө хөгжих ямар ч боломж өгдөггүй.
Үүнийг би шударга бус гэж бодож байна. Энийг дарангуйллын нэг хэлбэр гэж хэлж болно. Бидний залуус дайнд явсны үр дүнд цогцос болж, ар гэр, эцэг эхдээ маш их гашуудлыг л авчирсан. Энэ дайнаас Халимаг Улсад 80 гаруй сайхан эрсийн цогцос буцаж ирсэн. Гэхдээ бүрэлдэхүүн жижиг үндэстнүүд Орос даяар тархан амьдардаг учир хаанаас цэрэгт татаж явсан тэр газарт нь цогцсыг нь буцааж байгаа учир манай үндэстнээс хэдэн хүн үхэж байгааг таамаглах ч боломжгүй.
-Саяхан НҮБ-ын гадна болсон цуглааны үеэр “Бид ОХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тус бүрдээ тусгаар тогтносон улсаа байгуулах хэрэгтэй. Өөрсдийн цэрэг армиа үүсгэн байгуулъя” хэмээн мэдэгдэл хийсэн байсан. Хэдэн өдөр үзэл бодлоо илэрхийлэв. Таныг цөөнхийг төлөөлөн тэдний дуу хоолойг НҮБ, Дэлхийд хүргэж байна гэж харсан.
-Би НҮБ-ын гадна үзэл бодлоо илэрхийлэхдээ хоёр цуглаанд оролцсон. Нэг нь ОХУ-ын жижиг үндэстнүүдийн цуглаан. Нөгөөх нь Халимаг үндэстний цуглаан байсан. Тус хуралд өөрсдийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө үгээ хэлсэн. Эхний хурал дээр Якут, Буриад, Тува, Чичээн гэхчлэн маш олон үндэстнүүд ирсэн. Би тэр хурал дээр үг хэлсэн. Гэхдээ бүгдэд нь таалагдаагүй. Учир нь би үг хэлэхдээ “Ямар ч үндэстэн. Ямар ч газар нутагт амьдарч байсан нутгаа болон өөрсдийгөө хамгаалах чадвартай байх ёстой. Оросын нутагт байгаа үндэстнүүд жижиг ч гэсэн өөрсдийн гэсэн зэвсэгт хүчинтэй байх ёстой. Хэзээ нэг цагт Орос нуран унаж, задарлаа гэж бодоход бид өөрсдийгөө хамгаалах чадвартай байх ёстой” гэсэн.
Энэ үгээрээ би юу гэж уриалж байна вэ гэвэл Оросын бус жижиг үндэстнүүд өөрсдийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй. Цаашид өөрийн гэсэн хүчтэй байж, улсдаа эмх замбараагүй байдал үүсэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мөн энэ нь цаашлаад Оросын бүрэлдэхүүн улсууд Украины талд нэгдэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Олон зууны турш Оросууд биднийг дарлаж, устгаж ирсэн. Ингэснийх нь төлөө бид зүгээр суулгүй өөрсдийн эрх чөлөөг хамгаалж, тэмцэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн юм.
-ОРОС УЛСЫН ЗАСАГ БАЙГАА ЦАГТ ДАГУУР ҮНДЭСТНҮҮД БОЛОН ХӨРШ УЛСУУД ХЭЗЭЭ Ч ХӨШИХГҮЙ МӨН ДЭЭШЛЭХГҮЙ-
-Таны хувьд Орос, Украины дайныг яаж дуусаасай гэж хүсэж байна.
-Оросын Украинтай хийж буй дайн маш аймшигтай. Ерөөсөө л булаан эзлэх гэсэн санаатай түрэмгийлэл. Энэ дайн хэзээ ч дуусахгүй. Учир нь мөргөлдөөн зогслоо ч гэсэн ОХУ хүчээ сэлбэж дахин энэ үйлдлээ хийнэ. Тиймээс хамгийн чухал нь бие даасан ОХУ-ын засаглалыг нь засаж, одоогийн засаглалыг унагах хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Яг одоогийн Оросын засгийн газрыг буулгахад бүх хөрш орнууд түүн дотроо бүрэлдэхүүн үндэстнүүд санал бодлоороо нэгдэж тэмцэх хэрэгтэй гэж бодож байна. Орос Улсын Засаг байгаа цагт дагуур үндэстнүүд болон хөрш улсууд хэзээ ч хөшихгүй мөн дээшлэхгүй.