Д.Тогтохсүрэн: Сонгогчийн 1 саналыг 3850 төгрөгөөр тооцно
Улс төрийн намын тухай хууль УИХ-аар батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-Улс төрийн намын тухай хуульд олон чухал өөрчлөлт тусгагдлаа гэж харж байна. Улс төрийн намуудыг хариуцлагатай болгох талаар олон жил ярьсан. Бодит тусгалаа олсон болов уу?
-Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намыг хариуцлагатай, санхүүжилтийг нь ил тод нээлттэй болгох чиглэлээр томоохон өөрчлөлтүүд хийсэн. Тус өөрчлөлтөөс хойш Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж чадаагүй. Ер нь 2005 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж чадаагүй байсан. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уг хуулийн төслийг өргөн барьсан. Тус хуулийн хэд хэдэн онцлог зүйл заалтын талаар хэлье. Нэгдүгээрт, улс төрийн намуудыг хариуцлагатай болгож байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй байсан улс төрийн намуудыг идэвхгүй хэлбэрт шилжүүлнэ. Энэ нь юу гэсэн вэ гэвэл хоёр дараалан УИХ-ын ээлжит сонгуульд оролцоогүй бол, жил бүр санхүүгийн тайландаа аудитын дүгнэлт хийлгэх ёстой бөгөөд энэ тайлангаа хоёр жил дараалан өгөөгүй бол, дөрвөн жил тутам их хурлаа хийж намынхаа бүтэц, зохион байгуулалтын талаар яриагүй бол тухайн намыг идэвхгүйд тооцно.
-Намуудыг идэвхгүй болгосноор хүлээлгэх хариуцлага нь юу байх вэ?
-Идэвхгүй болсноор төрийн санхүүжилтийг зогсооно. Бүх шатны сонгуульд оролцохыг нь хориглоно. Хоёрдугаарт, намын бүх санхүүг ил тод болгож байна. Улс төрийн нам нийт сонгогчдын нэг болон түүнээс дээш хувийн санал авах юм бол төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт авна. Үүнд төрийн аудитын байгууллага жил бүр аудит хийнэ. Түүнчлэн намын хандив, татвар, тусламж гэх мэт бүх санхүүг жил бүр аудитын байгууллагаар хянуулна. Үүний үр дүнд нам санхүүгийн хувьд эрүүл, шилэн, шударга, ил тод болох ёстой. Хамгийн чухал өөрчлөлт улс төрийн намыг шилэн, ил тод байлгахад чиглэж байгаа. Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлт ч энэ рүү чиглэж байсан.
Улс төрийн намын хандив нь ил тод бус байдгаас намууд бохирдож байна. Намууд бохирдож байгаагаас төр бохирдож байна гэсэн шүүмжлэл гардаг.
Тиймээс намын санхүү, татварыг ил, тод болгож байна. Түүнчлэн аж ахуйн нэгж татвар өгвөл тухайн намд өгсөн татвар нь аж ахуй нэгжүүдийн тайланд туссан байх ёстой. Түүнчлэн хандив болон татварын дээд хэмжээг тогтоож өгсөн. Гуравдугаарт,парламентад суудалтай улс төрийн намуудыг хариуцлагажуулж өгсөн. Ер нь нам бол гишүүдийн байгууллага. Тийч учраас бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхдээ дотоод сунгаагаа, нэр дэвшигчдээ нээлттэй, ил, тод явуулах ёстой. Түүнээс биш намын дарга нь халаасныхаа хүнийг гаргаж ирж, нэр дэвшүүлдэг байж болохгүй. Энэ мэтчилэн Улс төрийн намуудын хуулиар намуудыг хариуцлагатай болгож, санхүүгийн хувьд нээлттэй ил тод болгох асуудлыг хуулиар тусгаж өгсөн.
“1,5 САЯ СОНГОГЧ САНАЛ ӨГНӨ ГЭЖ ҮЗВЭЛ 60 МЯНГАН ИРГЭНЭЭС САНАЛ АВСАН НАМ ПАРЛАМЕНТАД ОРЖ ИРНЭ”
-Энэ удаад Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээс гадна хамгийн гол нь парламентыг солонгоруулах асуудлыг хөндсөн. УИХ-д суудал авч байгаагүй жижиг намууд УИХ-д орж ирэх босго ямар байх вэ?
-Сонгуулийн хуулиар намын босго санал өгсөн нийт сонгогчдын дөрвөн хувь байгаа. Өөрөөр хэлбэл, 1,5 сая сонгогч санал өгнө гэж үзвэл 60 мянган иргэнээс санал авсан нам парламентад орж ирэх боломж бий болно. Хоёрдугаарт, санхүүжилттэй холбоотой. Улс төрийн намуудад бага боловч санхүүжилт олгож, санхүүгийн нь тод олгох асуудал чухал байгаа юм. Тиймээс нэг хувийн босго тавьж байна. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын нэг хувийн санал авсан намд санхүүжилт олгоно. Дөрвөн хувийн санал авч байж парламентад орно. Энэ мэтчилэн парламентад олон намын төлөөллийг оруулж, солонгорсон парламент бүрдүүлэхийн тулд Сонгуулийн хууль болоод Улс төрийн намуудын хуулийг баталлаа.
-Санхүүжилтийн асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу. Авсан санал нэг бүрээр мөнгөн дүнг тооцох юм байна гэж ойлгосон зөв үү?
–Хоёр төрлийн санхүүжилт олгохоор байна. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулиар авсан санал нэг бүрээр санхүүжилт авах юм. Сонгогчийн нэг саналыг 3850 төгрөгөөр тооцно. Хоёрдугаарт, УИХ-д авсан суудлын тоогоороо суудлын санхүүжилт авна. Одоо ч авдаг. УИХ-д суудал авсан нэг гишүүн 10 сая төгрөг авдаг. УИХ-ын 76 гишүүн 760 сая төгрөг одоогоор улсын төсөвт суулгаад явдаг. Энэ хоёр хэлбэрээр улс төрийн намууд санхүүжиж байна. Өөр төрлийн санхүүжилт байхгүй. Бусад санхүүжилт нь татвар хандиваас бүрдэнэ. Тавар болон хандив дээр хэмжээг нь тогтоож өгсөн. Тухайлбал, хандивын хэмжээ өнөөдрийн байдлаар хувь хүн 6.6 сая төгрөг, ААН дээр 27. сая төгрөг байна.
-УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон учраас дараагийн парламентад 126 сая болж нэмэгдэнэ гэж ойлгох нь зөв үү?
-Өнөөдөр мөрдөгдөж байгаа Улс төрийн намын тухай хуулиар улсын хэмжээнд 4.5-4.9 орчим тэрбум төгрөг УИХ-д суудалтай, сонгогчдын санал авсан намууд авдаг. Харин УИХ-ын гишүүдийн тоо 126 болсонтой холбоотойгоор нийт үнийн дүн нь 7.8 орчим тэрбум төгрөг болох тооцоо гарсан.
–Аль нэг хүйсийн квот дээр тулгуурлаж санхүүжилт олгох юм байна гэж ойлгосон. Асуудлыг хэрхэн тооцох вэ?
–Нэг хүйсийн төлөөллийн тухайд улс төрийн нам дотроо 40 хувь байгаа. Өөрөөр хэлбэл, төлөөллийн төв байгууллагадаа 40 хувь, гүйцэтгэх байгууллагадаа 40 хувь байна. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд 30 хувь байхаар хуульчилсан. Нөгөө талаас олон улсын туршлагыг харгалзаж санхүүжилт дээр нэг нэмэлт асуудал оруулж ирсэн. Эмэгтэйчүүдийн квотоос илүү нэр дэвшүүлсэн бол түүнд зориулж тодорхой хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлж өгөхөөр заасан.
“УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТ ИЛ ТОД, ШИЛЭН БАЙЖ ТҮҮНИЙГ НЬ СЕХ ХЯНАНА”
-Улс төрийн намуудад өгөх хандив тусламжийг нээлттэй болгохоор ярьж байгаа. Нам болон нэр дэвшигчийн хууль ёсны дансаар биш ч ямар нэгэн байдлаар бүртгэлгүй, бэлэн мөнгөөр хандив өгвөл энэ эрсдэлийг яаж илрүүлэх юм бол?
-Бүртгэлгүй юм уу хориглосон этгээдээс \гадаадын иргэн, гадаадын хуулийн этгээд, харьяалалгүй хүн, 18 нас хүрээгүй хүн, байгуулагдаад нэг жил болоогүй аж ахуй нэгжээс хандив авахыг хориглоно/ заасан хэмжээнээс илүү хандив авах, эсвэл тогтоосон хэмжээнээс илүү буюу иргэн 6.6 сая, аж ахуй нэгж 27.5 сая төгрөгөөс илүү хандив өгсөн бол тухайн хандив хураагдана. Тухайлбал, аж ахуй нэгж 27.5 сая төгрөгийн хандив өгсөн бол татварын дараах орлого дээр заавал туссан байх ёстой. Хэрэв татварын дараах орлого дээр тусаагүй байх юм бол хариуцлага хүлээлгэнэ. Ингэж хоёр талаас нь шахаж өгч намын санхүүжилтийг аль болох ил, тод болгоход чиглэсэн хууль болсон.
-Намын санхүүжилт үнэхээр ил тод, шилэн байсан эсэхийг хянах аудитын дүгнэлт удаан гардгаас гадна намууд шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд ихээхэн хугацаа шаарддаг. Энэ процессыг хялбарчлах боломж бий юу?
–Бүх санхүүжилтэд хугацаа тогтоож өгсөн. Төрөөс олгох санхүүжилтийг зөвхөн Сонгуулийн ерөнхий хороогоор дамжина. Тус хороо хэнд хэдэн төгрөг олгов гэдэг нь тодорхой байна. Мөн улс төрийн намуудын санхүүжилтийн зориулалтыг 50 хувийн зарцуулалтыг нь зааж өгсөн. Нөгөө талаас зөвхөн төрөөс авч байгаа санхүүжилт биш намын хандив, татвар, үйл ажиллагааны орлого, өмчийн түрээсийн орлого гэх мэт орлогууд нь нээлттэй, шилэн байж түүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо хянана. Хуучин санхүүжилтийг хянах байгууллага байхгүй байсан. Тиймээс санхүүгийн зөрчил гаргасан талаарх аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэж хариуцлага тооцоод явна. Улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой тайлангийн дүгнэлт жил бүр гаргана. Намууд санаатай болон санамсаргүй байдлаар тайлангаа хоёр жил дараалан ирүүлээгүй бол идэвхгүй нам болно. Идэвхгүй болсноор сонгуульд оролцохгүй, санхүүжилт олгохгүй гэсэн үг.
–Тойрог болоод жагсаалт дээр ямар өөрчлөлт гарав?
-Намын гишүүдийг тодруулах дээр хоёр чухал заалт оруулж ирсэн. Тэгэхгүй бол намууд дотоод ардчилал байхгүй нэр дэвшигчид нь тод явагддаггүй. Зарим үед дарга нар нь халаасандаа яваа хүний нэрийг гаргаж ирж уншчих гээд байдаг. Тийм учраас үүнийг хориглох үүднээс хуулийн 19.4 19.5 19.6-д заалт оруулж ирсэн. Улс төрийн нам бүх шатны нэр дэвшигчийг сонгон шалгаруулдаг, тодруулдаг хороотой байна. Хоёрдугаарт, нэр дэвшүүлэхэд ямар шалгуур тавих талаар заасан журамтай байна. Энэ хоёр дүрэм, журмыг батлах төлөөллийн байгууллагатай байна. Үүний үр дүнд цаашид бүх шатны сонгуульд хариуцлагатай оролцдог улс төрийн намууд бий болно гэсэн үг.