Танхай банди: Монголчууд үйлийн үрээ үүрч барж байгаа ч бурхан бидэнд нөхөн төлбөрөө өгөх цаг ирсэн
Энэ ярилцлага их сонирхолтой нөхцөлд өрнөлөө. “Одоо дахиад хэдэн жил ярилцлага энэ тэр өгөхгүй” гэж хэлээд тэр тамхилангаа нэлээд өөрийнхөөрөө байж чадсан. Эцэст нь, “Би бараг ярилцлагаа уншиж амжихгүй байх. Удахгүй яваад өгнө. Нэг л гуйлт байна. Чи “Танхай банди бол хүнд таалагдахын тулд юу ч ярихаас сийхгүй, барьцгүй нэгэн юм” гээд бичээд өг. Ах нь хүнд таалагдах л дургүй. Үзэн ядагдана гэдэг надад засал” гэлээ. Тэр тийм хүн ч байж болох юм.
Амьдралынхаа бараг бүх хугацааг номын санд өнгөрөөж, уйгаржин бичиг, төвөд хэлээр бичигдсэн түүхийн сурвалж бичгүүдийг тайлж, судалсан Г.Ням-Очир сошиалд “Танхай банди” нэртэй. Одоо тэр бадарчилж яваа юм. Улаанбаатарт хааяа нэг ирж, цөөн хэд хоноод буцдаг. Бас ихэнхдээ Өвөрмонголд очно. Хэл соёл, түүхэн үнэт зүйл, бурхны шашин, сурвалж бичгүүдийн тухайд тэр бараг л өрсөлдөгчгүй мэдлэг хураасан нэгэн.
Бид анхнаасаа тодорхой сэдвийн хүрээнд яг таг ярилцах зорилго тавиагүй. Болзоот уулзалт байв. Харин олзуурхууштай олон сонирхолтой зүйлсийг хөндөж ярилцлаа.
-Таны сүүлийн жилүүд дэх амьдралын хэмнэлийг сонирхмоор байх юм. Бадарчилж яваа гэсэн. Сая та зундаа алхаж юм бодно, өвөлдөө ер нь бичиж байгаа гэлээ?
-Нэгдүгээрт, сахарын өвчин гэдэг өвчнөөр өвдсөн. Эмч, эм хоёрын боол байх уу, өөрөө өөрийгөө эдгээхээр тэмцэх үү гэдэг сонголт гарч ирж байгаа юм. Эм тан хэсэг ууж байгаад, ерөөсөө өөрөө тэмцье гэж бодсон. Өвчин туссанаас хойш толгой их муу ажилладаг болсон л доо. Тэгээд өөрийгөө ядаж сэргээхийн тулд алхъя л гэж шийдсэн. Мөн тэр үед, амьдралд нэг том цочрол гарсан. Плажиаризм буюу шинжлэх ухааны хулгай гэдэг зүйлд өртсөн. Шууд ажлаасаа өргөдөл өгч гараад л, тэгээд яваад өгсөн.
Улаанбаатар хот чинь арслангийн ходоод гэж байгаа. Арслангийн ходоодонд нэг л орсон бол гарч чаддаггүй. Улаанбаатарт нэг хөл тавьсан хүн явахад хэцүү гэсэн үг. Би гэхдээ гарсан. Эхлээд Чойбалсанд очсон, цар тахлын үе байсан. Тугдайх юм бол хээр хөдөө явж байгаа дуусчихъя гэж бодоод л алхаж гарсан. Майханд хоноод л, өдөржин юм бодож, уншсан бүгдээ цэгцлээд л.
-Төв номын санд ажиллаж байгаад больсон нь энэ бил үү?
-Тийм. Ер нь номын санд гурван удаа уригдаж очоод, гурван удаа хөөгдсөн гэж болно доо.
-Их эрт энэ сэдэв рүү орчихлоо л доо. Тэр хөөгдсөн шалтгаанууд юу байсан юм бэ. Таныг чухал сурвалж бичгүүдийг хил гаргачихдаг, зарчихдаг гэж их сонсож байлаа?
-Сурвалжид наймаалагдана гэдэг ойлголт байдаггүй юм. Сурвалж дандаа амьдардаг.
Хоёрдугаарт, энэ мэргэжлийг эзэмшсэн цагаас эхлээд, номын сангийн хаалгаар гарах бүрдээ нэгжүүлж явлаа. Анх 22 настайдаа төв номын санд эрдэм шинжилгээний ажилтнаар очсон. Төвөд ном үздэг хүмүүсийг харддаг, сэрддэг параной арилаагүй байсан л даа. Тэр цагаас хойш намайг дандаа л тийм: Ном зарлаа гэдэг шалтгаанаар хөөж байсан. Угтаа ном, сурвалж гэдэг судлаач хүмүүсийн хувьд ан гөрөө хийж байгаатай адил өрсөлдөж олоод, хэвлэж гаргаад, тайлбар хийгээд, олон түмний хүртээл болгодог эд. Түүгээр судлаач хүний рейтинг явж байдаг. Харин доктор профессорын цол, гуншингаар явдаггүй.
1982 онд соёлын хувьсгал дууссаны дараа Ц.Дамдинсүрэн гуай Ю.Цэдэнбал дарга дээр ороод, “Төвөдүүдийг ер нь дуусгажээ. Тэгэхээр төвөд хэл дээр байгаа өөрсдийн сурвалж бичгүүдээ судалдаг болъё” гэж хэлж. Ингээд хүрээлэн байгуулсан. Ном судар гэдэг юм үнэгүй шахуу байлаа. Тэр үеэс л би олж цуглуулсан. Харин манай төв номын сан, Гандан хоёр коммунизмд хамгийн үнэнч сүүлчийн бэхлэлт болж үлдсэн л дээ.
1996-1997 онд, ард түмэнд нээлттэй биш хаалттай байсан номуудыг каталоги болгож гаргах ажлыг би анх хийсэн. Эндээс л тэр хардлага, сэрдлэг эхэлсэн. Төвөд, Монгол гэдэг хоёр үндэстэн ер коммунизмын үед соёлоо устгуулсан л даа. Далай лам ба хилийн чанадад гарсан төвөд хүмүүс өөрсдийн соёлыг дэлхийн соёл болгож чадсан. Харин манайд, над шиг судлаач хүмүүсийг хулгайд сэрдэж, сонирхсон бусдыг нь хулгайд сэрдэгддэг юм байна гэж айлгасан. Одоо ч Үндэсний номын сан алт эрдэнэс шиг номуудаа тайлж уншиж, ил болгож чадаагүй л байна.
Би чамд плажиаризм буюу шинжлэх ухааны хулгай гэж юу байдгийг хэлье л дээ. 2017 онд байх аа, 3-4 залууг сургаад, ном зүйн бүртгэлийг хоёр жил хийлээ. 28 мянган ном гарч ирсэн. Тэр ном зүйг хийж дуусгаад, хэвлэлтэд өглөө. Шал өөр хүний нэрээр хэвлэгдсэн. “Яагаад?” гэж Б.Ичинхорлоогоос асуусан чинь яг миний нүд рүү харж байгаад, “Ийм сайн номыг доктор хүнээр овоглох ёстой. Чамайг улс тэжээж байна. Чи тогоо руугаа нулимлаа” гэсэн. Надад ямар ч хэлэх үг олдоогүй.
Энэ хүмүүст плажиаризмын тухай ямар ч ойлголт байхгүй, намд таалагдах гэсэн нэг л зорилго бий. Тэгээд ч номын санч гэдэг тусдаа мэргэжил байдаг юм. Намайг чи номын санч гэж харж, ойлговол илүү зүгээр байх. Англид хүүхдүүдээс “Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ?” гэж асуухад “Номын санч“ гэж хариулдаг. Номын санч тухайн улс орныхоо уураг тархи нь байх ёстой. Ном унших бол асар хүнд хөдөлмөр.
Би номын санд бараг амьдарч шахуу явж ирсэн. 1996 онд төгсөөд, номын санд эрдэм шинжилгээний ажилтнаар очиход цалин 16 мянган төгрөг байсан. Хуушуур 400 төгрөг. Тэгж үнэлдэг байжээ. Би харин зөвхөн ном уншихын тулд есөн шидийн юм хийсэн. Кино зохиол бичиж, музей тайлбарлаж, Америкийн төсөлд төвөд ном сканнердаж үзсэн. Хүн болгон л миний тэнэгийг гайхдаг байсан л даа. Бүгдээрээ наймаа хийж байхад.
Ер “Сүүлийн 200 гаруй жилийн ой санамж номын санд байгаад байна, түүнийг л үзчих, уншчих юм сан” гэж бодож явсан учраас өнөө маргаашийн хоол хош, бага цалинд ялархаж үзээгүй. Би 22, 23 настайдаа л тэгээд шийдчихсэн байсан л даа. Чамд жишээ нь ямар мөрөөдөл байдаг вэ?
-Би холдоо зохиолч болох л мөрөөдөлтэй.
-Ний нуугүй үнэнийг хэлэхэд өнөөдрийн Монголын зохиолчид ба уншигчдын сэтгэл зүйг нэг анзаарч харах хэрэгтэй санагддаг. Би чиний оронд байсан бол буддист ёс зүй, Христийн ёс зүй хоёр хэрхэн тэмцэлдэж буйг судална. Одоо бол манай нийгэм эрүүлжихэд, цаашид хүмүүс уншдаг болоход шашны тухай асуудал нэлээд хүчтэй гарч ирэх цаг үе гэж хараад байгаа. Харүки Мүраками энэ тэр бол Христийн соёлоор өөрсдийн ард түмнийг харж, төрсөн эргэлзээ тээнэгэлзээгээ л бичиж байгаа шүү дээ. Чи тэгээд ямархуу зохиол бичнэ гэж боддог юм бэ?
-Хэдэн суурь сэдвийг сайтар уншиж, тоймтой ойлголт авч байгаад бичнэ гэж боддог. Тэдний нэг нь яах ч аргагүй монголчууд ба бурхны шашин. Мэдээж барууныг ойлгохын тулд Христийг ойлгох хэрэгтэй болно. Библийг ч гүйцэд уншаагүй явж байна.
-Монголчуудын амьдрал энэ мянган жилд хэрхэн хувирч өөрчлөгдөж ирснийг үхлийн дараах амьдрал буюу диваажингийн тухай сэтгэлгээ гэдэг зүйлээр мөрдөж судалдаг юм л даа.
Тодорхой хэмжээгээр бидэнд аман зохиол, эртний уран зохиол, орчин үеийн уран зохиол гээд заадаг. Гэвч үнэн хэрэгтээ хувь хүний бичсэн өгүүлэмжийн онцлогийг л авч үздэгээс түүний цаадах шашны суурь луу өнгийж байгаагүй. Германы нэг эрдэмтэн “Германы утга зохиол дахь Чингис хааны дүр” гэдэг сэдвээр судалгааны ажил бичиж хэвлүүлсэн байдаг. Ер германчууд Чингис хааны тухай анх сонссоноос хойш уран бүтээлчид нь, улстөрчид нь, яг юунд ашиглаж ирсэн юм бэ гэдгийг судалсан гэсэн үг. Бидэнд яг ингэж судалсан судалгаа лав байхгүй. Бид хөвөөд л байсан.
Гэхдээ би хүн бүрийн унших боломжгүй номуудыг уншлаа. Тэр бүгдээс үлдсэн тодорхой шим нь юу гэж харагддаг гэхээр, Монголын улс төр гэдэг зүйл бол Чингис хааныг дахин төрүүлэх л тэр хүсэл байж ирсэн юм билээ. Одоо ч өөрийгөө монгол хүн гэж боддог бүх хүнд тийм хүсэл байна. Магадгүй Чингис хаан төрчих юм бол хамт дээрэм тонуул хийгээд явахаас ч сийхгүй, тийм жаахан зэрлэгдүү гэх юм уу, мөрөөдөл бий. Ер нь тэгээд нийгмийн бүх шатны нийтлэг үнэт зүйл бол Чингис хаан. Харин үүнийг төөрүүлэхийн тулд оросууд, манжууд, магадгүй Буддын зарим лам нар тодорхой үйлдэл хийсэн.
Гэхдээ л бод доо, хааш хаашаагаа 20 км-т хэн ч байхгүй, тал дунд ганцаараа монгол хүнд хэн өмгөөлөл хамгаалал үзүүлэх вэ гэхээр бурхан биш, Чингис хаан. Суусан газар зовлонтой, сонссон газар жаргалтай гэж. “Чингис хааны үед л сайхан байсан байх даа” гэж бодоцгооно. Тэр төсөөлөл л энэ нийгмийг авч явж ирсэн. Яг үүнийг зарим нь утопи гэж хэлнэ, зарим нь диваажин гэж хэлнэ.
Монгол хүн өнөөдөр Улаанбаатарт байж байснаа маргааш хөдөө гараад мал маллана. Тэгснээ Хятадад очиж наймаа хийнэ, Солонгост очиж ажиллана. Америк, Австрали гээд явж өгнө. Их барьцгүй. Тэр хэрээр уран зохиол нь ч барьцгүй. Би боддог юм, Чингис хааны үеийн монголчууд, бидний одоо Солонгост ажил хийж байгаа шиг энд тэнд ажиллаад байж байдаг байсан байх. Тэд нар нь мэдээлэл дамжуулдаг байсан. Тийм болохоор тэгж мэдээлэл хурдан дамждаг, дайн амжилттай болдог байсан. Мэдээллийг цуглуулах, дамжуулах, боловсруулах динамик их сайн байсан байх. Тийм болохор монголчууд бид аль болох явж үзэх л шаардлагатай.
Буриадад газар доор гурван давхар, цөмийн зэвсэг дэлбэрэхэд тэсэж үлдэхээр тооцсон монгол сурвалж бичгүүдийн номын сан бий. Тэнд нэлээд сайн суусан. За, тэгээд Өвөрмонголд, урд олон номын санд суулаа. Чоно шиг явж уншаад, эсрэгээрээ Монголд буцааж авчирсан нь их дээ. Сурвалж бол хулгайлагддаггүй. Байнга дэлхий даяар эргэлтэд орж, амьдарч байдаг юм чинь.
-Байсан юм байхгүй болсон болохоор л танд нааж байгаа биз дээ?
-Номын санд надтай холбоотойгоор алга болсон ном сурвалж байхгүй. Бусдын алга болгосныг олж авчирсан нь харин их. Энэ бол зүгээр л хов шүү дээ. Ертөнц ойлгомжтой болчихсон. Шүүхэд өглөө, би тайлбараа тавиад, гараад ирнэ.
Харин архив, номын сан хоёр их өөр. Архивт бол ганцхан хувь бөгөөд хувийн шинжтэй бичиг баримтууд бий. Ном бол хуулагддаг, нийтэд уншигдах, түгэн дэлгэрч байх ёстой зүйл. Харин ном гэхээсээ архив алдагдсан том фактууд бий. Би үүгээр анх шүгэл үлээсэн. Үүнээс болж Д.Өлзийбаатар, С.Чулуун гэх мэт баяртай, хүчтэй байгаа хүмүүсээс хангалттай шангаа хүртсэн. Манай эхнэрийг ажлаас нь халсан. Миний археологич дүүгийн судалгааны ажлыг хамгаалуулдаггүй байх жишээтэй.
Өвөрмонголд арван жил тэнэж явахдаа, Чингис хаан гэдэг идеологийг 800 жилийн турш монголчууд яаж үеийн үед тээж авчирсныг л судалсан. Энэ салбарт өөр хэн ч байхгүй. Чингис хааныг бурханчилж шүтдэг байж гэж бодвол үүнийг хэн ч судлаагүй. Атар онгон энэ салбарт орчихсон учраас надад өрсөлдөгч байхгүй. Энэ нь нэг бодлын амар. Тийм болохоор явган цуу, элдэв ховд ач холбогдол өгөөд байхгүй.
-Таны Улаанбаатарт ирсэн энэ өдрүүдэд хэл, шашин гэдэг хоёр үнэт зүйл яриа хэлэлцээний сэдэв болж байна. Үүн дээр Чингис хааныг нэмчихвэл бидний хамгийн гол гурван үнэт зүйл болох байх. Энэ тухай сүүлд ярья. Харин одоо шашны талаар ярилцъя. Х Богд тодорч, бид өөрсдөө зарлаж чадахгүй байгаа энэ цаг үед Гандантэгчинлэн хийд эвгүй асуудалд орооцолдчихоод байна. Зарим эх сурвалжууд үүнийг БНХАУ-ын талаас Ганданг хүчгүйдүүлэх гэж хийсэн ажиллагаа ч гэж хэлж байна. Танд ямар нэг мэдрэмж байна уу?
-Үүнд мэдрэмжсээд байх юм байхгүй. Нийгэм бол өвчилдөг, хэзээ ч эрүүл байдаггүй онцлогтой л доо.
Удахгүй Ромын пап ирнэ. Пап ирсний дараа шашны асуудалд нэг хууль батлахаас өөр аргагүй болно. Бид ямар шашинтай гэдгээ ил тод зарладаг болох ёстой. Тэгснээр тэр хүнийг хаана ч хүлээн зөвшөөрдөг болно. Шашны талаар улстөрч нь ч, энгийн хүмүүс нь ч ярихаас зайлсхийдэг явдал бол манай нийгмийн өвчлөл. Яг шашны харгис, гаж урсгалууд бол хүнд генийн инженерчлэл хийж, зомби болгож байна.
Бодоод үз дээ, манайд амжилттай явж байгаа бизнесменүүд бол залуу цагтаа англи хэл сурахын тулд Христийн шашинд орж, “сайн мэдээ” түгээж явсан улс. “Сайн мэдээ” түгээхийн тулд тэд харилцааны соёл сурсан. Огт дуулаагүй юмыг нь бусдад итгүүлж сурсан. Ингэсэн хүмүүс нийгэмд гарч ирээд ямар л бол ямар бизнес хийж чадна. Эсрэгээрээ Гандан лам нартаа ямар ч бодит амьдралыг ойлгуулаагүй. Хуульч ч тэнд алга. Гандангийн гурван лам гарч ирээд энэ асуудлыг улам дэвэргэчихлээ гэж харсан.
Үүнээс хойш гандан лобби гэдэг зүйлийг мэддэг болох ёстой. Энэ хямрал нэлээд удаан үргэлжилнэ. Хүссэн хүсээгүй, үнэн ч бай худлаа ч бай “Гандан бол ийм” гэсэн сигнал бүгдэд суучихлаа. Уг нь Гандан хэвлэлийн төлөөлөгч, хуульч хоёр суулгаж байгаад л товчхон мэдэгдэл хийчих байсан. Бодлогогүй үг гэдэг олз. Үүнийг ашиглах санхүүжилтийн давлагаа цаана нь явж байгаа. Үүний эсрэг Гандан медиа салбартаа жинхэнэ мэргэжлийн хүмүүс ажиллуулах ёстой. Дараа нь мэдээж хуульч хэрэгтэй. Өнөөдөр бид хуультай ертөнцөд амьдарч байгаа. Хэрэв яг хуулийн зохицуулалтаар нь шалгавал өнөөдөр Монголд тэсэж үлдэх нэг ч Буддын сүм хийд байхгүй. Эсрэгээрээ Христийн шашин бол шашин гэж харагдахааргүй болчихсон. Хуулийн дор амьдарч чаддаг бизнесийн байгууллага болж хөгжсөн.
Энэ үүднээс нь харвал, Ромын папыг ирсний дараа хүмүүс сайн дураараа шашнаа зарладаг болох хэрэгтэй. Хууль баталж. Хэрэв тэгвэл энэ эрүүл статистик дээр сая нийгмээ эрүүлжүүлэх алхмуудаа хийх боломж үүснэ. Ер нь Монголын Буддын сүм хийд хоёр зүйл дээр хуульжих хэрэгтэй байна. Нэгдүгээрт, сүм хийд хэний өмч вэ гэдэг асуудал. Хоёрт, дэлхий дээр дэлгэрч байгаа бурхны шашны чиг хандлага өөр явж байна.
Дэлхий дээрх найман тэрбум хүн бурхны шашнаас юу авч байна гэхээр, тэр дотоод сэтгэлээ удирдах ухаан. Энэ техникийг л суралцаж байгаа. Түүнээс ямар ч хувцас форм, хутагт хувилгаан хэрэггүй. Японоос, баруунаас бидэнд их судалгаа хийж байгаа л даа. Хараад үзвэл, манай 80-аас дээш настай хүн амын дийлэнх нь буддист байна. Үхэхээс айхгүй, аятайхан. “Шашингүй” гэж хэлдэг, коммунизмаар хүмүүжсэн хүмүүс харин эсрэгээрээ их айдастай, үр хүүхдэдээ дарамттай байна. 70-аас доош насныхан гэсэн үг. Тэр хүмүүс Христийн шашны гаж урсгалд автах хамгийн өндөр боломжтой. Харин 20+ насныхан бол юмыг шинээр уншиж байна, англиар уншиж байна. Харьцангуй буурьтай уншдаг цаг үе ирж байна.
Миний ирээдүйн тухай төсөөлөл жаахан гутранги байчих гээд байдаг. Гэхдээ урд түүхэн дэх олон үйл явдлууд, цикл, давталтууд дээр тулгуурлаад аваад үзвэл, Чингис хаан гэдэг шашин шахуу зүйл монголчуудад далд, сүүдэрт явж ирж л дээ. Чингис хааны үед бүх монгол хүн баян амьдарч үзлээ. Дараа нь Юань улс унаж, цөмөөрөө хөөгдөөд ирсэн. Тэр хүмүүс Чингис хаан гэсэн нэгдмэл үнэт зүйл дээр тогтож, түүнийгээ шашин болгоод дахин хүчирхэгжсэн. 200 жил. Дахиад унасан. Унаад, Манжийн дарлалд 200 гаруй жил явсан. Богд хааныг хаан ширээнд залах үед дахиад нэг боссон. Харин тэр үед Богд гэдэг хүнийг амьд Чингис хаан мэтээр ойлгож, тойрон нягтарч чадсан онцлогтой.
Ойрын 10-20 жилийн хугацаанд оросууд энэ дайн байлдаанаас болж, хүч нь муудна. Дагаад Хятад жаахан дарагдана. Харин Зүүн Сибирь бол дэлхийн худалдаа, үйлдвэрлэлийн дараагийн төв болох шинжтэй. Япон, Солонгос, Монгол гэсэн улсууд тэнд байж байна. Монгол хүчирхэгжих боломжтой. “Бурхан хүн бүрд нөхөн төлбөр олгодог” гэдэгтэй адил, бид одоо нөхөн төлбөрөө авах цаг ирчихсэн. Ээлжилж байна шүү дээ. Сэргэн мандалт гэдэг зүйл рүүгээ бид нэлээн анхаарч харах ёстой байх.
-Х Богд Монголоос тодорсон нь ирээдүйд бурхны шашны төв болох том боломж гэж ойлгож байгаа. Гэхдээ л бид тусгаар улсын дайтай ил тод зарлаж чадахгүй байгаад байна.
-Монгол бол Хятад, Орос хоёрын дунд арал болоод үлдчихгүй юу. Дайн болсон ч наашаа Орос нь ч, Хятад нь ч оруулдаггүй. Бид байгаагаараа л байгаад байсан. Африк шиг давхиж орж ирээд дайн хийж, ухаж цөлмөөд байхыг хэн нь ч зөвшөөрөөгүй. Бид бол уртын дуугаа дуулж, айргаа уугаад байж байсан. Бидний ой санамжид ер гаднын томоохон цохилтод өртсөн зүйл байхгүй. Одоо ч энэ хоёр хөршийг давж, шувуу л нисэж орж ирнэ. Одоо л дөнгөж Ромын пап шувуу шиг нисэж ирэх гэж байна. Монгол бол бараг дэлхий дээрх сүүлчийн “арал” шүү дээ.
Одоо л өрнө дахиныхан Буддын шашны том соёлыг олж нээж байна. Далай ламын дараа юу болох бол гэдгээс эхлээд их олон эргэлзээ, тээнэгэлзэл байна. Хүссэн хүсээгүй монголчууд бол дэлхийн Буддын шашны төв болно. Богд гэдэг институт гарч ирснээр эвлэн нэгдэх процессыг маш хурдтай эхлүүлнэ.
Өмнө нь Богд гэгээний шавар дүрийн өмнө л цам харайж ирсэн. Одоо, энэ жилээс бодит хүн нь байж байна. Цамыг үзэхээсээ илүү Х Богдыг үзэх гэж очно. Гадаадынхан ирнэ. Пап ирлээ гэхэд ч ялгаагүй. БНХАУ 50 сая католик шашинтантай. Тэр үед Улаанбаатарын бүх зочид буудал захиалгаар дүүрнэ. Одоо ч зочид буудлуудын захиалга дүүрээд эхэлсэн тал бий. Шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх ийм бүрэн боломж байгаа.
Монголын бурхны шашин дотор хэд хэдэн бүлэглэл байна. Х Богдоор дамжиж Энэтхэгт сурсан, классик ламууд, шинэчлэгч хэсэг байна. Хуучнаараа үлдэх хэрэгтэй гэсэн хэсэг байна. Ихэнхдээ БНХАУ-аас санхүүжилттэй нэлээд хүчирхэг бүлэг байна. Тэр бүлэг Х богд тодорсон гэнэ, төрсөн гэнэ гэдэг цагаас эхлээд л нээлттэй тендер зарласан. Мэдээллийг нь, фото зургийг нь асар өндөр үнээр худалдаж авна гэж зарласан байдаг. Ер нь бол Хятад их анхаарсан.
Юунаас айсан гэхээр, Өвөрмонголын бүс нутгийг 10-аад жил мартах хооронд тэд нь асар их халхжсан. Баруунд сурч ирээд, монгол маягаар хуримаа хийгээд л. Дээрээс нь манай “Нэпко”, “Монсудар”-ын номуудыг уншдаг болж, монгол бичгээр хөрвүүлээд, дамжуулаад эхэлсэн. Үндсэндээ “Хятадууд биднийг ингэсэн байна” гэж ойлгоод эхэлсэн. Үүнийг нам дарах гээд л үзээд эхэллээ. Одоо дунд сургуульд Монголын нууц товчоог хориглож байна. Долоо хоногт ганцхан цаг монгол хэл зааж байна.
Хятад бол 5000 жилд 400 үндэстэнг “миксэрдэж”, дөрвөлжин үсгээр бичдэг, савхаар хоол иддэг болгочихсон улс. Шавар торхтой цуу гэсэн үг. Энэ салхи шуурганд өвөрмонголчуудын ихэнх нь гарахын аргагүй орсон, Төвөд ч тэр. Дараагийн бай нь бид байгаа юм л даа. Хятад гэдэг хуй салхи бол хүрээгээ тэлээд, аваад л явна. Энэ хуй салхинаас хамгаалж байгаа гол зүйл бол кирилл үсэг ч юм шиг санагдах тал бас байна.
-Монголчууд өнөөдөр сэргэн мандахыг, таны хэлсэн шиг “нөхөн төлбөр”-өө авахыг ний нуугүй хүсэж байгаа. Үүний тулд сэтгэлгээний нэгдмэл үнэт зүйл байх хэрэгтэй гэж эрж хайгаад эхэлцгээсэн тал бий. Энэ нь буддизм байж болох юм. Гэтэл манайд яг буддизм гэхэд хэцүү урсгал тогтчихсон юм биш үү?
-Манай буддизм бол бусдаас их өөр, сонин. Эхнэр авч болдог, наймаа хийдэг. Тэр бүү хэл цэрэгт явж болдог. Ер нь бол суурь нь бон буюу бидний бөө гэж хэлдэг ойлголтоос үүдсэн. Бонгийн үнэт зүйл дээр тулгуурласан. Буддизм гэж хэлэхэд асар хэцүү. Чингис хааныг дахин төрүүлэхийн тулд монголчуудын гаргаж ирсэн технологи гэж болно. Харин цэвэр буддизм болох чиглэлдээ явъя гэвэл лам номоо л үздэг болж, хар бор ажил, санхүүжилт, хэвлэл мэдээлэл энэ тэрийг нь энгийн бөгөөд мэргэжлийн хүмүүст даатгах ёстой юм.
Монголын бурхны шашин том байгаасай. Х Богд ил гарсны дараа Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг түүнд өгөх ёстой. Тэр хүний өмч юм чинь. Аль ч Соёлын сайд энэ сүм хийдийг засаж чадахгүй. 100 айлын “Би чадна”-чууд хүрч ирээд тоосгыг нь цохино. Харин Бээжинд дан монгол лам нар суудаг сүм байна шүү. Шашин ба иргэний захиргаатай. Шашны захиргаа нь 17.00-08.00 цаг хүртэл номоо уншдаг. Бурхан тахил нь зултай, хүжтэй, амьд байдаг. 09.00-17.00 цаг хүртэл иргэний захиргаа ажиллана, жуулчид үзнэ. Музей нь ажилладаг гэсэн үг. Сонгодог арга нь энэ, Хятадад байна. Манайх болохоор эзэнгүй хаясан. Эзэнгүй болохоор дуртай нь очоод төрсөн өдрөө, хуримаа хийж болдог болгочхоод байна л даа. Судлаач хүний хувьд хэлээд л байгаа юм. Үүнд сэргээн засварлалт огт хэрэггүй. Харин шашны захиргаатай л болгох ёстой.
Угтаа манай сүм хийдүүдийн гол үнэт зүйл Бурхан багшийн шүдэн дээр тогтдог. “Эрдэнэ зуу” хийдийг барихын тулд авчирсан тэр эрдэнэ буюу ратна нь бурхан багшийн шүд. Одоо Богд хааны ордон музейд байна л даа. Энэ эрдэнэд тулгуурлахад л хавь ойрын бурхны шашинтнуудыг татна. Соёлыг шашин гэж ойлгодог хүн гарч ирсэн цагт энэ чиглэл рүү сая орох байх. Х Богдод Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг өгчих юм бол институтийн хувьд баталгаажна. Гурван жилийн дотор Богд хааны ордон музей цоо шинэ юм шиг болно. ОХУ ч гэсэн сүм хийдээ цоожилчхоод, зөвхөн жуулчдад үзүүлнэ гээд байж байдаггүй. Үүнийг ганцхан монголчууд л чадна (Инээв). Бид ойрын хугацаанд шашны тоглоомын дүрмийг тогтоож, шашныг соёлтой холбож ойлгодог болох хэрэгтэй. Ийм шинэчлэлийг хийж чадах нэлээд зоригтой улстөрч хэрэгтэй. Магадгүй Л.Оюун-Эрдэнийг хийж чадаж магадгүй гэж харах юм. Өмнөх үеийн алдааг засаж байна шүү дээ, тэр.
-Монголын бурхны шашныг нэг цэгцрэх хэрэгтэй гэж ярьж байна. Гэхдээ та коммунизмээс өмнө бий болсон байсан тэр хэлбэрээ эргэж олж авах ёстой гэх үү. Эсвэл эхнэр ч авдаг, арилжаа наймаа ч хийчихдэг энэ өөр хэлбэрээ төгөлдөржүүлэх үү. Нэг бол дэлхийн чиг хандлагыг дагаж өөрчлөгдөх үү?
-Буддын шашин мянган жил хөгжиж ирэхдээ мянган зовлон, түмэн бэрхшээлийг давсан. Энэ бол юу ч биш. Цаг үе бүрд хувьсаж, тэсэж үлдэж чадсан.
Өнөөдөр иог, бясалгал их дэлгэрч байна. Энэ орж ирэх байх. Барууны хэв загвартай, өдөр тутмын дасгалжилт маягтай, лам төвтэй биш хувь хүн төвтэй болж өөрчлөгдөх болов уу гэж бодох юм. Гэхдээ монголчуудад ер бусын, ид шидэд найдсан маягийн сэтгэлгээний үнэт зүйл байхгүй бол цаашаа явахад их хэцүү.
Хүн бүр ид шидэд дуртай. Ид шид буюу гайхамшгаар ямар нэг үйл явдал болоосой гэж боддоггүй хүн гэж байхгүй. Жишээ нь би “Тэнгэр андгай” цогцолборт зургаан жилээ зарцуулж байна. 9-11 настай хүүхдүүд тэнд эвент хийнэ. “Чингис хааны эзэн сан” гэдэг юмыг уншина. Монгол цэргийн дууг дуулна. Монгол цэргийн цусан тангарга гэдэг зүйлийг хийнэ. Хүүхэд эзэн сан уншаад, “Чингис хаан бууж ирлээ. За, тангаргаа тавиарай, монгол цэргийн дуу гэж ийм юм бий” гэж хэлээд ирэхээр хүмүүсийн хөл өөрийн эрхгүй бохирдог. Өнгөрсөн жил 3000 хүнд энэ эвентийг хийсэн л дээ. Энэ жил 10 хүүхэд бэлдээд байна. Бидэнд түгээх соёл бол энэ мэтээр байна.
Амьдралынхаа үлдсэн хугацааг бол төсөөлөөд байна. Одоо нэг их Төвөд судлалаар ажиллахгүй. Ер нь шинжлэх ухаанаас аль эрт зодог тайлсан. Чингис хаантайгаа сэтгэлгээний хувьд харилцдаг тэр соёлыг хүүхдүүдэд суулгаж өгөөд л, “Баяртай”. Сурсан хэдэн хүүхэд цааш түгээг.
Бидэнд тавдугаар ангийн хүүхэд унших Чингис хааны тухай ном байдаггүй. Комикийг нь хүүхэд тоодоггүй. Том болоод асар хүнд Монголын нууц товчоо гэдэг номтой тулдаг. Би зүгээр ч хий хоосон дөвчигнөөд байгаа юм биш. Олон жилийн судалгааны үндсэн дээр бодож олсон хэрэг. Энэ л миний үлдээх легаси, тэгээд л болоо.
Юу гээч, манай аман зохиол буюу гүүний үүрс гаргах уншлага, ганзагын сан энэ тэрд байсан “Чингис хаан” гэдэг үгийг оросууд аваад хаячихсан юм билээ. Өвөрмонголын номын санд болохоор тэд “Чингис хаан”-тайгаа байгаа байхгүй юу. Бүх зүйлээ бид Чингистэй холбосон байсан юм билээ. Коммунизмын үед л Чингисийг нь хасаад хаячихсан. Чингистэйгээ болоод ирэхээр их ойлгомжтой.
-Хоёулаа сая бурхны шашны ирээдүйн чиг хандлагыг сүсэгтнүүдэд тулгуурлаад ярьчих шиг боллоо. Лам нар нь ямар ёс зүйтэй байх юм бэ?
-Ёс зүйн багш байх ёстой. Лам хүнээс ёс зүйг асуух гэж очно. Ганцхан дорно дахины биш өрнө дахины боловсролтой, маш сайн сэтгэл зүйчид болох ёстой. Лам хүн бусдын төлөө байх, өөрийн хөрөнгө үл хураах Бодьсадвагийн зарчимдаа үнэнч байх учиртай. Тэгэхгүй гэвэл өөр юм хийх хэрэгтэй. Мал малла, эсвэл сүм хийдийнхээ шалыг угаа. Лама гэдэг бол уулын оргил гэсэн үг. Хүнд хэлэх эрдэм байхгүй бол лам биш. Ямар тоть байгаа биш. Бурхны шашны хүнд өгөх ёстой юмыг өгч чадах ёс зүйн багш болохгүй л бол дэмий.
-Өмсгөл зүүсгэл, үс гэзгийн тухайд?
-Энэ бүхэн бол хэлбэр. Тамхи татдаг байж болно, архи уудаг байж болно. Тийм мөртлөө үнэхээр сайн ёс зүйн багш байхыг нь үгүйсгэх аргагүй. Тэр бол хүний гэм. Гэмийг нь биш эрдмийг нь харах ёстой. Би ч гэсэн тийм эерэг хүн биш. Би чинь одоо гудамжны гангстер маягтай хүн. Асуудлыг болохгүй бол гангстер маягтай шийддэг.
-Та Монголд бурхны шашин хөгжсөний уг үндэс нь Чингис хаантай холбоотой гэж ярилаа. Ерөөсөө Чингис хааныг дахин төрүүлэх технологи нь бурхны шашин байж гэж?
-Тийм. Үүний тулд л энэ бүх сүм хийдийг барьсан. Энэ технологийг санхүүжүүлсэн.
-Тэгвэл өнөөдөр Чингис хааныг нэгдмэл үнэт зүйл байлгах тэр сэтгэлгээг бурхны шашиндаа багтааж үлдээх юм уу. Эсвэл тусгаарлаж, тусад нь авч үзэх шаардлагатай гэх үү?
-Чингис хааныг дахин төрүүлэх технологийг мэдээж Буддын лам нар бий болгосон. Буддын шашин орж ирэхээс өмнө уугуул юм байж л дээ. Өндөр уулын орой дээр гарч, маш их утаа тавьж, тэр утааг дамжиж Чингис хаан бууж ирдэг гэдэг ойлголт байж. Энэ бол миний хүүхдүүдээр хийлгээд байгаа “Чингис хааны эзэн хааны сан” уншлага, ёслол.
Чи гайхдаг уу, би гайхдаг. Миний үеийн ор морь мал мэдэхгүй хүмүүс гэнэтхэн л морь уядаг болцгоосон. Морио бурхан шиг шүтээд л. Эсвэл бөх болсон. Эсвэл ямар нэг спорт хөөсөн. Энэ бүгдийн цаад шалтгаан нь наадам. Огт сонирхдоггүй би бол наадмыг эрийн гурван наадам л гэж хардаг байсан. Тэгсэн чинь Чингис хаанаа бууж ирэхэд нь баясгах агуулгатай байж. “Чингис хаан минь буугаад ирээч. Бидэнд ийм хүчирхэг эрс, ийм хурдан морьд, ийм мэргэн харваачид байна” гэдэг тэр итгэл үнэмшлээр бий болсон байна.
Одоо морь уядаг бизнесменүүдэд хүссэн хүсээгүй “Миний морь түрүүлчих юм бол азтай, амжилттай явна” гэсэн итгэл үнэмшил байгаа. Гэтэл өөрсдөө анзаарахгүй байгаа болохоос энэ нь явж явж Чингис хааныг баясгах олон түмний баяр бахдлын тэр давтамжтай нийлдэг. Наадам бол анхнаасаа Чингис хааны цагаан сүлдний тахилга хэлбэртэй явж ирсэн юм билээ. Ерөөсөө л Чингис хааныг буулгаж ирээд баясгах агуулгатай. Хурдан морины дуудлага, бөхийн цол гуншингийн оршилд дандаа “Чингис хааны төлөө энэ морийг уралдууллаа, бөхийг барилдууллаа” гэдэг үг байсан юм билээ. Үүнийг нь л оросууд хасчихсан. Би үүнийг энд тэнд сурвалж бичиг олон уншиж явсны хувьд мэдэж авсан, түүнийгээ яриад байна.
Бид байгаа юмаа жаахан өөр өнцгөөс харчихвал л ойлгомжтой болно. Цаашлаад шашинтай тоглоомын дүрмээ тохирч чадвал бүгд ялгараад явчихна. Үндсэндээ 365 хоногийн турш баяр баясгалантай амьдрах аргачлал шашинд бий. “Чи улс төрийг оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг шиг, шашин мөн л тийм. Хэдий чинээ өөрийгөө шашингүй гэж хэлнэ, төдий чинээ ямар нэг шашинд олзлогдох эрсдэлтэй байдаг. Гэхдээ ер нь шашингүй гэж хэлдэг хүмүүсийн ихэнх нь дандаа нуугдмал буддистууд байдаг л даа.
-Монголчууд сэргэн мандахад бурхны шашны хөгжил, Чингис хааныг нэгдмэл үнэт зүйл болгох хоёрын аль нь илүү жин дарах вэ гэж асууж байгаа юм?
-Чингис хаан. Ямар ч хэл, аль ч шашинтай бай өөрийгөө монгол гэж тодорхойлох том амбиц энд явж байна л даа. Өөрийгөө монгол гэж мэддэг, Чингис хаанд үнэмшдэг хэдэн сая хүн байгааг хэлж мэдэхгүй. Эзэнт гүрэн байсан энэ ард түмнээс үлдсэн далд сэтгэлгээ, үнэмшил дэлхийн хаа сайгүй явж байгаа. Бид өнөөдрийн байгаагаасаа хоёр дахин том нөлөөллийн, лобби бүс болох боломжтой. Ямар шашинтай байх нь хамаагүй, Чингис хаан гэдэг үнэт зүйлээр нэгдсэн олон хэлтэй, олон шашинтай шинэ Монгол Улс. Энэ бол ирээдүйн Монгол Улс.
-Тэгэхээр монголчуудын үндсэн, уламжлалт шашныг бурхны шашин гэж тодорхойлох албагүй гэсэн үг үү?
-Шаардлагагүй.
-Бөө нарыг яах вэ?
-Бөө нар яах ч үгүй. Бөө нар легаси үлдээдэггүй. Нэг хүнийг дагасан цөөн хэдэн хүний ашиг сонирхол явж байдаг онцлогтой. Буулгаж байгаа онгод тэнгэр, сахиус чойжин бүгд нь явж явж мөн л Чингис хаантай холбогддог. Бид Чингис хаан гэдэг үнэт зүйлийг бүр нэгдмэл үнэт зүйл болгох ёстой юм. Хятад гэдэг улс 2018 онд шашнуудад цензур тавьсан. Нэгт, аливаа шашны сүлд тэмдэг байлаа гэхэд түүнээс 10 метр өндөрт БНХАУ-ын далбааг мандуулах ёстой. Хоёрт, тухайн шашныг үүсгэсэн хүний хөрөг зургийн дэргэд, ижил хэмжээтэй Ши Жиньпиний зургийг залах ёстой. Гуравт, тавдугаар сарын 1, аравдугаар сарын 5-ны баярт зориулж шашнууд тодорхой зан үйл хийх ёстой. Хатуу зан үйлтэй шашнууд үүнд тэсэж үлдээгүй. Буддын шашин бол үсэрч гараад далбаа мандуулж, Ши Жиньпиний зургийг бурхан багшийн зургийн дэргэд тавьчихсан. Үүнтэй адил бид хуульдаа “Монгол Улсын үнэт зүйл бол Чингис хаан” гэж заах ёстой. Буддын шашинд харшлахгүй. Тэгж байж энэ бүхэн эмхэндээ орно. Яг энэ зарчмаар маш олон хэл, шашинтай, өөрийгөө Чингисийн үр сад гэж боддог хүмүүсийг татна. Ингэснээр бид хүчирхэгжинэ.
Жалганы фашист, энэ л хужаа, тэр ч тийм гэсэн сэтгэхүйгээр цаашаа явахгүй.
-Таны “Шашингүй” гэж хэлдэг хүмүүсийн цаана нуугдмал буддистууд явж байдаг гэсэн нь анхаарал татлаа. Би ямар нэг бурханд бүх зүйлээ даатгахын эсрэг байдаг учраас өөрийгөө шашингүй гэнэ.
-Чи бол нэгдүгээрт залуу байна. Хоёрдугаарт, шашингүй гэж хэлж байгаад чинь би бүх шашныг хүлээн зөвшөөрдөг гэсэн санаа явж байгаа. Энэ өөрөө Монголын эзэнт гүрний үр хөврөл. Чингис гэдэг үгээс бол хэн ч урваж чадахгүй. Тэгэхээр “Шашингүй” гэж хэлдэг хүмүүсийн цаана нуугдмал буддист гэхээсээ Чингис хааны “шашин”-тай хүмүүс бий гэж ойлгодог.
-Та ямар шашинтай вэ?
-Буддист гэж болно. Буддист ёс суртахуунтай байхыг хичээдэг. Тэр ёс суртахууны дагуу олсон мэдсэнээ хүнд түгээх гэж яваа. 2010 оноос хойш 70, 80-аад ном гаргалаа. Ер нь би Буддын шашныг урлагийн асар өндөр уламжлалтай, уран зохиолын баялаг сан хөмрөгтэй гэж боддог. Бид “Тэгж болдоггүй, ингэж болдоггүй” гэдэг суурь ёс суртахууныг бол хүүхдүүддээ суулгачихлаа. Хүн нас барахад “Ум ма ни бад ми хум” л гэдэг шүү дээ.
“Хүн өөрөө өөрийнхөө аврал” гэдэг бурхан багшийн хэлсэн зарчим их гоё. Би өөрөө өөрийгөө авраад л явж байвал тэр бурхны шашин. Хэн чамайг өөрийгөө ламд даатга гэсэн юм. Хүн өөрөө өөрийнхөө аврал, тэгээд л болоо.
-Хүмүүсийг “Би буддист” гэхээр ер итгэл үнэмшил төрж өгдөггүй юм. Гандан орж ном бичүүлээд л, виз гаргуулахын тулд засал хийлгэдэг, ламаас асуудаг ийм хандлагатай, яг Буддизмын зарчмаа мөрдлөг болгодоггүй тал бий.
-Манайхан Өмнөд Солонгост ажил хийж яваад Христийн шашинд орчихдог. АНУ-д очвол шууд Мормоны шашинтай болгодог. Ямар нэг цуглаанд явдаггүй хүнийг тэнд зэрлэг, яахаас ч буцахгүй нэгэн гэж хардаг. Гэтэл Монголд юу байна. Монголд бол, Чингис хааны үр сад гэдэг л агуулга явж байна. Герман, Японд ажил хийж байгаа бүх хүн шашны татвар төлдөг. Монголд тийм биш. Тэр утгаар Монгол бол маш нээлттэй орон. Гэхдээ бид бусдад Чингис хаан гэдэг үнэт зүйлийг тулгах эрхтэй. Нэлээд боловсролтой хүмүүс монгол хүнтэй сууж, эрлийз хүүхэд гаргах их сонирхолтой байдаг. Монголыг рояль удам гэж хардаг. Ганцхан өнөөдрөөр монгол хүн гэдэг фигурийг харж болохгүй. Монгол хүн гэдэг тэр юмны цаана хүссэн хүсээгүй Чингис хаан явж байгаа.
-Үе хоорондын залгамж тасарлаа гэж эмзэглэж явдаг юм. Тэр ч үүднээс дээд үеийн үгийг сонсож, хүлээж авах, тэр суурь дээрээ залуус хөгжөөсэй гэж хүсдэг гэх үү дээ. Гэвч таны үеийнхэнд хуучин нийгмээ үзэн ядах үзэл санаа гээгдэхгүй юм. Одоо дэлхий өөрчлөгдөж, дараагийн хүчний тэнхлэг Евразид төвлөрч байх шиг мэдрэмж төрж байна. Зурагдсан пянз шиг “Социализм муухай” гэсэн юмаа ярьсаар байх нь эсрэгээрээ хэт туйлшрал болж, дэлхий ертөнцийн шинэ хандлага, ойлголтуудыг хүлээн авахад хаалт тушаа болж байна уу. Та төрсөн цаг үеийнхээ онцлогоос шалтгаалж, хуучин нийгмээ автоматаар буруушаадаг хандлагатай юм биш биз?
-Би үйлийн үр гэж юманд итгэдэг. Юу тарина, түүнийгээ хураана. Буддын шашинд үйлийн үр ба шүтэн барилдлага гэж хоёр чухал ойлголт бий. Учир шалтгаангүйгээр юу ч бий болдоггүй гэдэг нь шүтэн барилдлага. Баруунаар бол материалист диалектик.
Монголд ном уншдаг, юм бодож эргэцүүлдэг хүмүүс нийлээд ирээдүйн тухай төсөөлөл дээр ажиллаасай гэж бодох юм. Сонгуулийн юм уу засаглалын хэлбэрээ дагаад бид дөрвөн жилийн циклээр сэтгээд, нэлээд удаан явчихлаа. Монголчууд ер нь оюун санаа, эдийн засаг, бүх зүйлээрээ шалдаа бууж байж сая ухаардаг ард түмэн. Үйлийн үрийг үүрч бардаг. Бид бол одоо үйлийн үрээ үүрч барж байна. Хамгийн гол нь, ухаантай хүн зовлонгоо үр хүүхдэдээ өвлүүлж үлдээхийг хүсдэггүй. Монголд их сонин мэргэжилтэй хүмүүс “ирж” байна. Урлаг судлаач гэх мэт. Монголоос огт хараат бусаар өөрөө өөрийгөө аваад явчих боломжтой, оюуны, бие даасан хүмүүс эргэж ирж байгаа цаг үе шүү. Тэгээд ч үе солигдож байна. Нийгмийн оюун санааг тогтвортой барьж чадах үе ирж байна. Тодорхой хэмжээнд сэтгэлгээний болоод санхүүгийн эрх чөлөө олсон хүмүүс зовлонгоо үр хүүхдэдээ үлдээхгүй юм сан гэдэг зүйл дээр их анхаарч байгаа. Энэ нь яг гудамжаар явахаар харагдахгүй. Гэхдээ хүмүүсийн оюун санаанд аль хэдийнэ энэ тэмүүлэл үүсээд эхэлсэн. Энэ торгон заагт Х Богд төрж байгаа байхгүй юу. Үүнийг ямар ч скандал, гаднаас чиглүүлсэн шуугиан дийлж барахгүй.
-Монгол дахь либералуудыг та юу гэж хардаг вэ?
-Байх ёстой. Д.Амартүвшин байна. Комедиг нь үзэх дуртай. Болдог бол өөрөө нэг хийж үзэх сэн гэж боддог. Эрх чөлөө гэдэг зүйлийг манай улс бий болгож чадсан нь маш том давуу тал. Угаас цагийн аясаар ялгарч, хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяад явдаг нийгэм л дээ. Харамсалтай нь шашны гаж урсгалууд, хар тамхи, мөрийтэй тоглоом гэх мэт туршилтын шинжтэй гаднын юмнууд их орж ирж байна. Монголчууд их цөөхөн. Энэ туршилтууд дундаас эрүүл саруул ухаантай хүн үлдэхэд хэцүү. Либерал хүнийг би харин эрүүл үлдэж чадна гэж хардаг. Тэд өөрөө өөрийгөө эрүүлжүүлээд явчих чадамжтай. Ямар нэг номлол, нам дагасан хүмүүс бол унаад байна.
Монголчуудын байгальд тэсэж үлдэх зөн гэдэг юм их хүчтэй. Хэн ч анзаараагүй, дэмжээгүй байхад уул руу авирдаг бүхэл бүтэн давхарга бий болчихлоо. Уулын оройг эзэмдэх хүсэл бол нийгмийг өөрчлөх, эрх мэдлийг олж авах хүсэл. Тэд бол өндөр боловсролтой, эрүүл чийрэг, тэсэж үлдэх чадвараа байгаль дээр, ууланд авирч шалгаж байгаа хүмүүс. Тэр хүмүүсийн ихэнх нь либерал, нийгмээс хараат бус. “Чиний толгой хүрээгүй газар миний хөл хүрсэн” гэдэг итгэл үнэмшил тэднийг уул өөд алхуулдаг. Өндөр уулын оройд гараад, эрх мэдлийн гурван бурхан босговол эрх мэдэлтэй болдог гэдэг итгэл үнэмшлээр энэ уулын спорт анх бий болсон. Нэг төрлийн шашин юм даа.
-“Чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн ширэнгийн сэтгэхүйтэй, бүр эсрэгээрээ барууны хатуу номлолд автсан янзтай, “Энэ чинь чөлөөт зах зээл” гээд үнэт зүйлдээ довтлохоос сийхгүй, улс орны язгуур эрх ашгийг хоцрогдсон гэж томъёолдог, Оросыг дэмжигч болгож харлуулдаг хүмүүсийг хэлэх гээд байна л даа. Тэр үүднээс асуусан юм аа?
-Дээд боловсрол гэдэг зүйлийг бид эргэж харах хэрэгтэй байгаа юм. Хамгийн мундгууд нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурдаг гэж өнөөдөр үзээд байна. Тэдний ихэнх нь Христийн шашин суурьтай байдаг. Их, дээд сургууль бүр өөрийн үндсэн шашнаас санхүүждэг. Зэрэгцүүлээд шинжлэх ухааны тэргүүлэх салбараа хөгжүүлж, оюутан татдаг онцлогтой л доо. Манайд бол барууны л бол техникум ч хамаагүй төгсөөд, нэрийнхээ урд нэг гуншин тавихыг хүсээд байна.
20 жил Төвөдөд ном үзээд ирсэн хүүхдээс аав нь асуужээ. “Чи тонилохын ном сурч ирэв үү, тонож идэхийн ном сурч ирэв үү” гэж. Тэр олон жилийн өмнө шүү. Монгол сэтгэлгээ чинь үлдэв үү, харь элгийн хүн болж ирэв үү гэсэн далд санаа явж байна. Юмны учир олдог болсон хойноо хүмүүс дээд боловсролыг эргэж харж байна. Нэг үе Төвөдөд сураад ирсэн хүнийг хамгийн ухаантай гэж ойлгодог байсан. Одоо баруунд сурсан бол ухаалаг, биднийг удирдах ёстой хүмүүс гэсэн ойлголт бий болчихлоо.
Гэхдээ, энэ өргөн тал нутагт морин дэл дээр тээж ирсэн аливаа гадаадын үзэл санаа замдаа хөлддөг юм уу яадаг юм, алга болчихдог. Уугуул ой санамж, үндэсний сэхээтэн үзэл санаа л манай улс орныг авч явдаг. Тийм болохор би чамтай санал нийлж байна. Либертари үзлийн тухайд чамайг дэмжиж байна. Чиний бодол үнэн.
Гэхдээ гарын таван хуруу бол таван өөр үзэл, шашин, боловсрол гэсэн үг. Цагийн аясаар тэд нэгдэж, нэгэн нударга болж зангидагдана. Нэг хуруу нь либертари юм уу социалист байлаа гэж бодоход түүнийг үгүйсгэх, хажиглах учиргүй. Атгахаараа нударга болно. Монгол гэсэн, Чингис хаан гэсэн үнэт үйлд холбогдоно гэсэн үг . Үүнийгээ л ойлгочихвол “оркууд”, “Моячууд” нь либералуудаас өөрсдийгөө олж харна.
Ном гэдэг үг “Сэтгэлээ засах” гэсэн утгатай. Хүн тэнэг л биш бол бусдаас өөрийгөө тольдоод, засаад явдаг. Либералиуд бол тэгж засаад, зөв замаа олох хүмүүс байж магадгүй. Би олон янз үзэл санаатнууд нийлээд халхын хавтгайд тэсэж үлдэх чадварыг бий болгох нэгэн хүчин зүйл л гэж харах юм.
-Та мал ахуйтай хэр ойр өсөв?
-Би анчид дунд өссөн л дөө. Анчид зунжин буга хөөнө. Ууланд амьдарна. Би морь сайн унана. Монгол хүн харх шиг хотод байгаад байдаггүй. Зун болохоор хөдөө явчихдаг. Тэр янзаар багад аав, ээж минь хөдөө гаргачихдаг байсан. Мал ахуйд ойр, ан гөрөөнд сонирхолтой хүүхэд байлаа. Хөдөө миний уугуул зөнг сэрээдэг л дээ. Мал ахуйд ойр, эсвэл анчин гөрөөчин тэр дадал сургууль шинжлэх ухаанд баримт олох, задлан шинжлэх, анчин мэт байх зан чанарыг суулгасан.
Дундговь аймагт зуд болж, нэг мянгат малчин айл хамаг малаа алдаж л дээ. Энэ яг бодит болсон үйл явдал шүү. Авгай нь уйлжээ. Нөхөр нь дуугүй сууж байснаа “Үхсэн. Олсноо алдсан болохоос олохоо алдсан биш дээ” гэж хэлсэн байгаа юм. Энэ том газар нутагт монгол хүнд амьдрах асар их сонголт байна. Амьдралын олон хувилбар байгаа. Өөр улсад бол өөр. Нэг унавал уначихдаг. Күнз “Хүн арьсан дотроо гурван удаа таргалж, гурван удаа турдаг” гэж хэлсэн. Гэхдээ 5000 жилийн өмнө. 5000 жилийн дараа Хятадад бол тийм боломж байхгүй. Монголд бол байна.
Бидэнд хэдэн үеэрээ боол, гуйлгачин явсан сэтгэлгээ байхгүй. Түүхийн олон циклийг үзсэн. Кастын системтэй газар чинь боолын хүүхэд боол шүү дээ, чөлөөт сэтгэлгээ байхгүй. Үүнийг би дахиад л Чингис хаантай холбоотой гэж боддог. Хэт том гүрэн, хэт баян амьдралыг Чингис хаан ой санамж болгон үлдээж. Түүнээс хойш бүх монгол хүн хаан болохыг хүсэж ирсэн. Энэ л монголчуудыг ийм оргилуун болгосон. Монгол хүнд бол “би л эзэн” гэсэн амбиц их өндөр. Энэ бас биднийг авч явдаг болов уу. Либертари гээд байгаа хүмүүс чинь “Би бол хаан гэдэг” үзэлд л далд хурцлагдаад байгаа. Бид бол газар ухаж, үр суулгаж, тэнгэрээс ус гуйдаг ард түмэн биш. Байгалийн өгсөн бүгдийг аясаар нь ашиглаж, амьдарч сурсан.
Харин Монголд хөгжөөгүй салбар бол шашин. Монголчууд яг ямар шашинтай гэдгээ огт судлаагүй. “Нүүдэлчид” гэдэг нэг тодотгол өгчихдөг. Гэтэл үнэндээ дэлхий дээр нүүдэлчин гэдэг ойлголт өөр шүү. Nomad бол тэнүүлчин гэсэн үг. Доромж утгаар бид өөрсдийгөө nomads гэж нэрлээд байгаа. Бид бол өөрсдийн амьдардаг асар том нутагтай хүмүүс. Шууд хаашаа ч хамаагүй тэнээд явчихдаг хүмүүс биш байхгүй юу. Nomads гэдэг чинь угтаа цыгануудыг хэлж байгаа юм. Болдог бол Хималайн ард түмний соёлыг судалмаар, тэр бүс нутагт хүч хаямаар байна л даа.
Нүүдэлчин соёлыг зөвхөн монголчууд өөрсдөө бий болгосон гэж бид бас буруу ойлгодог. Дэлхий бол бидний соёл иргэншлийг Хималайн соёл гэж үздэг. Хятад биш, орос биш, өөр сонин хүмүүс байгаад байдаг. Бид тэгэхээр Хойд энэтхэг, Балба, Непал дамнасан соёл иргэншилд анхаарч үзэх ёстой.
Бид яг хаанаас ирсэн соёлтой хүмүүс гэдгээ одоо хүртэл тодорхойлж чадаагүй. Дэлхий бол биднийг Хималайн бүс нутгийн соёлтой гэж үзэж байгаа. Харин бид нүүдэлчин соёлыг харь гарагаас нисдэг таваг бууж ирээд үүсгэчихсэн юм шиг бодож, өөрсдийгөө хуурч явна. Урд зүгийн лам нар бол “Бид Энэтхэг, Төвөд, Монгол гэж номт гурван улсын соёлтой” гэж түүхээ бичдэг. Харин бид “Дэлхий дээр цорын ганц нүүдэлчин соёл манайх” гэдэг. Соёлын гарал үүсэл, харилцаа холбоо, хувьсал хөгжил гэдэг зүйлийг одоо хүртэл хөрсөн дээр нь буулгаж судлаагүй л дээ. Тийм болохоор үзэл санааны гажуудал үүсээд байгаа юм. Оросууд бидэнд нэг үлгэр зохиогоод өгчихсөн. Түүнд л итгээд яваад байдаг.
Би уг нь бас уран зохиолын тухай бага сага ярья гэж бодсон юм. Угтаа уран зохиолд асар хүндэтгэлтэй ханддаг хүн л дээ.
-За?
-Яруу найраг гэдэг зүйлийг би хүний энэ хорвоод мэндлэхдээ, халин одохдоо гаргадаг “А” авианд хураагдана л гэж ойлгодог. Бэлгийн бойжилтоо яруу найраг гэж боддог хүмүүсээс тэс өөр. Говийн ноён хутагт Данзанравжаагийн,
“Эрдэнэс олоод баярлах
Эрлэгт очоод үгүйрэх
Эвсэл салах бүгд
Илт хоосон чанар юм” гэсэн мөрт бий.
Хоосон чанар гэдэг зүйлийг маш богино үгээр илэрхийлсэн, иймэрхүү, ядаж дөрвөн шад шүлэг бичих сэн гэж мөрөөддөг. Тэгж чадахгүй бол яруу найрагч юм уу шүлэгч гэдэг алдар хүртэх эрхгүй гэж үздэг.
“Ум маха дива раза сарва сидди за” гэж санксрит хэлээр зохиосон Чингис хааны зүрхэн тарни бий. “Эзэн хаан ид шидийн хүчээр миний дэргэд үтэр түргэн бууж ир” гэсэн утгатай. Санскрит буюу сүнсний хэлээр бичигдсэн яруу найраг. Цаад утга нь, хураангуй нь хүнд шууд хоногших боломжтой. Тэгээд амьдралдаа дадал, мөрдлөг болгож болдог. Ер тарни, маанийн утгыг тайлбал цөөн үгэнд хураасан, өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож болох өргөн агуулга явж байдаг. Ийм зүйлийг би яруу найраг гэж ойлгодог. Яруу найрагт хоёр зүйл байна. Нэгт, хоолойн оньс. Хоёрт, оюун санаа. Оюун санаандаа боловсруулж, хоолойгоороо хүний гэм нүглийг улайтал хэлж, улмаар амьдралдаа мөрдлөг болгон өөрөө өөрийгөө засаж явах боломж бүхий ийм зүйлийг би яруу найраг гэж ойлгодог.
-Нээрэн, та яагаад Танхай банди юм бэ?
-Энэ нэрийг Ш.Тэнгисболд гэж зураач ах намайг багад өгсөн. Дараа нь VI Далай лам “Янагийн дуулал”-даа өөрийнхөө тухай бичсэн мөртийг олж уншсан.
“Тагтат Лхасын гадаад байшинд
Тачаалыг бясалгасан танхай банди” гэж. Яруу найрагчийн хувьд VI Далай лам “Янагийн дуулал”-аараа алдартай. Үүнээс танхай банди гэж үг нь их таалагдсан.
Хэдэн жилийн өмнө сошиалд Танхай эмээ гэж хүн гарч ирээд сүйтгэсэн. Тэр хүн алга болоод, харин одоо миний энэ нэр тогтвортой байгаа байх. Нийгэмдээ тэрслүү, өөр үзэл бодолтой гэдгээ илэрхийлэх гэж энэ нэрийг авсан. Бас миний уран зохиолын нууц нэр гэж болно. Учир нь, хүн нь биш ном нь л үнэ цэнтэй байгаасай гэж боддог л доо. Манайхан хүнийг нь л шүүдэг, анхаардаг. Би эсрэгээрээ хүнд таалагдах дургүй, би үзэн ядагдах ёстой. Үзэн ядагдана гэдэг засал. Хүн муу хэлээд байвал баярлана, магтаад байвал уурлана. Таалагдаад байна гэдэг би буруу явж байна гэсэн үг. Тэр бол миний “танхай банди” гэдэг зарчим.
-Банди гэдэг үг шоронгоос үүсэлтэй гэж үнэн үү?
-Энэ бол сурагч, оюутан гэсэн утгатай санскрит үг. Танхай банди бол мөнхийн солиотой оюутан л гэсэн үг. Мөнхийн солиотой оюутан байх нь хүнд ямар ч эрдэм зааж чадаагүй байж багш гэдэг нэр зүүснээс хамаагүй илүү. Шоронгоос үүсэлтэй биш ээ. Эрчүүд олон цугласан газар бий болдог, дэлхийн хаана ч байсаар л ирсэн зүйл шүү дээ, тэр үзэгдэл бол.