Нүүрсний хэргээр улс төрд нөлөө бүхий 7 этгээдийг шалгаж байна
Нийгэмд дуулиан тарьж буй хэргүүдтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.07.05/ Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.ЭНХЖАРГАЛ:
-Нийслэлийн прокурорын газар энэ оны II улиралд нийт 891 гомдол мэдээллийг шалгаж хянасан байна. Энэхүү хэргүүдийн 32.6 хувь нь цагдаагийн байгууллага, 63.4 хувийг Авлигатай тэмцэх газар, 4.3 хувийн хэрэг Тагнуулын ерөнхий газар шалгаж, хянуулахаар ирүүлсэн хэргүүд аж.
Прокурорын байгууллага 1256 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 213 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, 210 хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Нийт 210 хэргээс 30 гаруй хувь нь авлига, албан тушаалын хэрэг аж. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 440 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн, мөн хөрөнгө хамгаалах ажиллагаа хийж, 200 гаруй сая төгрөгийн хохирол барагдуулсан байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргад холбогдох хэрэг,
“Багануур” ХК-ийн Худалдаа хангамж хариуцсан албаны даргад хамаарах албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг,
Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Нүүрс олборлох, худалдах, худалдан авах, тээвэрлэхтэй холбоотой хэрэгт холбогдуулан, 138 хүнд таслан сэргийлэх аргаэ хэмжээ авч, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна. Үүнээс 89 нь албан тушаалтан, долоо нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. Нийт 63 хүнд хувийн баталгаа, таван хүнд тодорхой алба эрхлэх эрхийг түдгэлзүүлэх, 56 хүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх, 21 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Эрх бүхий албан тушаалтнууд нь авлига авсан байж болзошгүй 13.8 тэрбум төгрөгийн авлигын асуудал тогтоогдсон тул хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгдэж байна.
Боловсролын зээлийн сан/БЗС/-тай холбогдуулан 1997-2023 оны хооронд гадаадын их дээд сургуульд суралцахаар 369 суралцагчдад олгосон 230 тэрбум төгрөгийн зээл, мөн 941 хүн зээлээс чөлөөлөгдсөн зэрэг асуудалд хуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Ингэхдээ улс төр, бизнес, нэр нөлөө бүхий хүмүүст олгосон энэхүү 100 зээл нь журмын дагуу олгогдсон эсэх, мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, мөнгө угаасан эсэх дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Бусдын эд хөрөнгийг хүчээр шилжүүлэн авах хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдсэн хэрэг гарсан. Зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Найман прокурор хяналт тавин ажиллаж байна. Энэ хэрэгт холбогдуулан 32 хүнийг яллагдагчаар татан, 28 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.