Эрүүл мэндийн 12 баг бэлэн байна
Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 8-ны 16:00 цагийн байдлаар эрүүл мэндийн 12 баг бэлэн байдлаа хангасан. Үүнээс Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатад дөрвөн баг, Сэлбэ гол дагуу буюу “Улаанбаатар буян” ХХК-ийн орчим нэг баг ажиллаж байна.
Эрүүл мэндийн яаралтай тусламжийн багууд эмч, сувилагч, жолоочоос бүрдэх бөгөөд тоноглосон автомашин, яаралтай тусламжийн иж бүрэн хэрэгсэл, эм тариа, ороох боох материалаар хангагдсан.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Био салбар эмнэлэг
- Хан-Уул дүүргийн онцгой комиссоос Био салбар эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргасан.
- 42 хүн хэвтэн эмчлүүлж байснаас 27 хүнд эрэмбэлэлт хийн, эмнэлгээс гаргасан. 15 хүний эмчилгээ үргэлжилж байна.
- Эмнэлгийн зоорийн давхрыг зөөн, эмнэлгийн барилгыг тойруулан элстэй шуудай бэлтгэсэн, бүх худаг, муу усны нүхэн дээрээ үерийн бэхлэлт хийн ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС