Усанд автсан байршилд эрсдэлийн үнэлгээ хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Ар Зайсангийн зүүн тал /Соёмботой уул/-ын орчмын үерт автсан байршилд ажиллан, иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ хэсгийн усанд автсан бүсэд 28 айл амьдардаг бөгөөд тэдгээрийг нүүлгэн шилжүүлээд буй. Хан-Уул дүүргийн удирдлагуудын зүгээс усанд автсан хэсэгт амьдарч буй 10 өрх газрын бичиг баримтгүй, түрээсээр оршин суудаг гэдгийг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Туул голоос урагш тухайн хэсгийн газар тусгай бүс учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа. Нийслэлийн захиргаанд харьяалагддаггүй. Гэвч асуудал тулгарахад нийслэл рүү бүх хариуцлагыг өгч байдаг. Үр дүнд нь Улаанбаатар хотын иргэд төөрөгдөж, хохирч байна. Нийслэлийн хувьд цэвэрлэгээ, хог тээвэр, тог, ус дулаан гэх мэт хот, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээг хариуцдаг. Үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийн, хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх Ажлын хэсгийг байгуулсан. Хохирлын хэмжээг тогтоон НОК-т танилцуулна. Дахин үер болох магадлалтай учраас эрсдэлийн үнэлгээг ч мөн хийнэ хэмээлээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:
-Үер дахин болох магадлалтай учраас иргэдийн амь насыг хамгаалах үүднээс дараагийн шатны арга хэмжээндээ орох шаардлагатай. Хотын даргын өгсөн чиглэлийн дагуу өрхүүдийн мэдээллийг гаргаж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болно. Нэн түрүүнд дараа дараагийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй байна гэсэн юм.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:
-Энэ орчимд үерийн далан байхгүй, голын сав газар учраас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Дахин бороо орж, нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий тул иргэд ч мөн эд хөрөнгө, амь насаа хамгаалах үүднээс хамтарч ажиллах хэрэгтэй байна хэмээв.
Иргэдийн зарим нь олон жил оршин суусан, зарим нь олон дахин нүүж байсан учраас тухайн байршилдаа үргэлжлүүлэн амьдрах, мөн нүүх байршил зааж өгөх зэрэг хүсэлт хэлж байлаа. Хотын дарга дүүргийн удирдлагуудад тухайн хэсэгт олон жил амьдарсан өрхүүд болон түрээсээр оршин сууж буй айлууд, тухайн газрын эзэмшигчдийн жагсаалт, мэдээллийг гаргахыг үүрэг болгов. Тухайн мэдээлэл болон эрсдэлийн үнэлгээнд үндэслэн зохих түвшний удирдлагуудад танилцуулж, дараагийн шатны арга хэмжээг авна гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС