ЦАГДААГИЙН ХУРАНДААГИЙН ЭХНЭР ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС АМИА ХОРЛОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ БАЙНА

0

Цагдаагийн хурандаагийн эхнэр гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлосон байж болзошгүй ноцтой хэрэг гарчээ. Амиа хорлосон бүсгүйн хэрэгт цагдаагийн хурандаа ..-ыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

      Тодруулбал, баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагын шуурхай дуудлагын утсанд “Эмэгтэй хүн амиа хорлочихлоо” гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 40 гаруй насны эмэгтэй өөрийнхөө амийг егүүтгэж, нас барсан байдалтай байжээ. Талийгаачийн цогцсыг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлж, нөхөр болох цагдаагийн хурандаагаас мэдүүлэг авсан байна. Мөн гэрт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлосон байж болзошгүй гэж үзсэн учир цагдаагийн хурандаагийн хэргийг АТГ-т шилжүүлжээ.

Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Талийгаач эмэгтэй олон жил гэр бүлийн хүчирхийлэлд байсан байж болзошгүй юм байна лээ. Ийм учраас хууль хяналтын байгууллагаас нухацтай шалгаж байгаа гэсэн. Цагдаа цагдаагаа шалгаж болохгуй учраас АТГ шалгаж байгаа. Одоогийн байдлаар цагдаагийн хурандаа эхнэрээ удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болзошгүй сэжүүрүүд олдсон гэсэн. Энэ нь нотлох баримтаар тогтоогдвол хурандааг цагдан хорих юм шиг байна лээ. Бараг цагдан хорих тогтоол тун удахгүй гарах байх. Одоогийн байдлаар эхнэрийнхээ үхэлд буруутгагдаж шалгаж байгаа цагдаагийн хурандаагийн хэргийг хууль хяналтын байгууллагынхан ихэд нууцалж байгаа бололтой. Энэ хэрэг цагдаагийн баярын өдөр гарсан бололтой. Согтуурсан үедээ эхнэрээ үхэлд хүргэсэн байж болзошгүй” гэлээ.

      Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Хэргийн талаар судалж үзье. Амиа алдсан хохирогчийн ар гэрийн мэдээлэл байдаггүй учраас цагдаагийн хурандаагийн эхнэр амиа хорлосон эсэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Цагдаагийн албан хаагчийн гэр бүлийн хүн амиа хорлосон, учир битүүлгээр нас барсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан тухай дуудлага, мэдээлэл олон бий. Тэр бүү хэл эхнэрийнхээ аминд хүрсэн цагдаагийн хэрэг ч олон байгаа билээ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс амиа хорлосон, нөхрийнхөө гарт амиа алдсан хоёр ч эмэгтэйн хэргийг тоймлон хүргэж байна.

АМИА ХОРЛОСОН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭХНЭРИЙН ХЭРЭГ

    2016 он: Сэлэнгэ аймгийн Сант сумын хэсгийн төлөөлөгч Н-ийн эхнэр Э өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарч байлаа. Талийгаач эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас өөрийгөө боомилж амиа хорлосон гэх. Тодруулбал, хэсгийн төлөөлөгч Н эхнэрээ согтуу байна гэх шалтгаанаар зодож, амиа хорлоход хүргэсэн зүйл ангиар шалгагдаж байсан юм. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр дээд уруулын дотор салст язарч, уруул болон духанд цус хурж, баруун нүдний доод зовхи нь зулгарсан хөнгөн гэмтэлтэй нь тогтоогдож байжээ. Мөн Э нас барах үедээ согтуурлын зэрэг өндөртэй байсан гэх дүгнэлт гарсан байсан юм. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хэргийг гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Н-ийг талийгаач Э-г байнга зодож тарчлаан харгис хэрцгий хандаж, тарчлаах замаар бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэг үйлдсэн хэмээж яллах дүгнэлт үйлдэж байсан. Хачирхалтай нь, Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н-ийг бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100-р зүйлийн 100.1-д зааснаар гэм буруутайд тооцохоор зүйлчилсэн байдаг. Хэсгийн төлөөлөгч Н-ийн үйлдсэн гэх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул оногдуулсан ялыг нь өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэх дүгнэлт гаргасан байдаг билээ.

      Талийгаач эмэгтэйн ээж гомдолтой байгаагаа илэрхийлж, охиныг нь цагдаагийн албан хаагч нөхөр нь удаа дараа зодож байсан талаар мэдээлсэн ч өршөөлийн хуулиар өршөөл үзүүлсэн юм. Харин талийгаачийн нөхөр, хэсгийн төлөөлөгч тухайн үед мэдүүлэхдээ “Хэрэг гардаг өдөр ажлаа амжуулаад гэртээ иртэл талийгаач архи уучихсан, байсан. Талийгаачийг согтуу байхаар нь “Архи уулаа” гэж уурласан. Талийгаач гэртээ орж ирээд хувцасны шкапнаас тамхи аваад гал тогооны шүүгээнээс заазуур авч гарсан гэж манай хүү Б надад хэлсэн. Тэгэхээр нь би тамхи татаж тайвшрах гэж байна гэж бодчихоод таван минутын дараа хажуугийн өрөөний хаалгыг тогшиход хаалга онгойлгож өгөхгүй байсан. Тэгэхээр нь тойроод арын цонхоороо хартал өөрийгөө боомилж, хойд талын хана руу харсан байдалтай байхаар нь цонхыг хагалж орсон. Ингээд ороод хиймэл амьсгал хийхэд миний өөдөөс хий гараад байхаар нь эмч дуудсан юм. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Би өөрийн эхнэр Э-г зодож цохиж байгаагүй” гэж мэдүүлж байжээ. Угтаа энэ хэрэг ийн хаагдаж, хэрэгсэхгүй болсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *