Энэтхэгийн шашны төлөөлөгчид Монгол, ОХУ-д айлчиллаа

0
Энэтхэгийн шашны төлөөлөгчид Монгол, ОХУ-д айлчиллаа

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын багш Линг Ринбүүчи тэргүүтэй Энэтхэгийн шашны төлөөлөгчид саяхан Монголтой хил залгаа ОХУ-ын Өвөр Байгальд айлчиллаа.

Өнгөрсөн 2022 онд Энэтхэгийн Засгийн газраас Чита хотын дацанд Бакула Ринбүүчийн алтадсан хөшөөг бэлэглэсэн юм. Линг Ринбүүчи тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлалын нэг зорилго энэхүү хөшөөг аравнайлах юм.

Төвөдийн бурхны шашны их багш, шашин болоод улс төрийн нэрт зүтгэлтэн Бакула Ринбүүчийн хөшөөг Агийн дацанд өмнө нь мөн залсан билээ. Энэтхэгээс нийтдээ 10 хөшөөг авчран Орост залжээ. Мөн Энэтхэгийн Засгийн газар буддийн ховор судар болох 108 боть Ганжуурыг Өвөр Байгальд бэлэглэж байсан. Модон барын аргаар хэвлэсэн, хуучин монгол бичиг рүү хөрвүүлсэн Ганжуур сударт Будда Шагжамунийн амьдралыг өгүүлсэн байдаг.

Өнгөрсөн 2022 Энэтхэгийн шашны төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Тухайн үед Энэтхэгийн төлөөлөгчид Буддын дөрвөн ариун шүтээнийг Монголд авчирсан бөгөөд эдгээр шүтээнийг Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганд 11 хоног байрлуулан олны хүртээл болгосон.

“Бид Бакула Ринбүүчийн хөшөөг аравнайлахаар Орост ирлээ. Бакула Ринбүүчи бол Зөвлөлт Холбоот улсад буддын сургаалийг анх түгээсэн хүн. Түүний идэвх зүтгэлээр Оросын Буриад, Тува, Халимагт Төвөдийн буддизмын уламжлалыг хадгалж үлдэж чадсан юм” хэмээн Линг Ринбүүчи хэллээ.

Чита хотын буддын дацангийн тэргүүнтэй уулзах үеэрээ Линг Ринбүүчи “Буддизмын үндэс суурь нь оюун санаа, ёс зүйн үнэт зүйл байдаг, энэ үндэс суурь эдүгээ орчин цагийн соёл иргэншлийн амьд үлдэх эх сурвалж болж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Буддын шашны ийм өндөр хэргэм бүхий төлөөлөгчид эхлээд Монголд, дараа нь Орост айлчилж байгаа нь “сайны дохио” хэмээн Чита хотын дацангийн тэргүүн лам Баяр онцоллоо.

“Орос, Энэтхэг, Монгол улс нь уламжлалт үнэт зүйлсээ хадгалахын төлөө тэмцэлд тэргүүлдэг улс орнууд. Зарим улс оронд нийгмийн үнэт зүйлийн хямрал ажиглагдаж, шашны сүсэгтнүүдийн итгэлийг гутаах, уламжлалт бус итгэл үнэмшил тархах болсон одоо цагт энэ нь маш чухал юм. Энэтхэг, Орос, Монголын хамтын хүчин чармайлтаар улам бүр өөрчлөгдөж буй дэлхийд зөв үнэт зүйлсийг бэхжүүлэх болно” хэмээн лам Баяр хэллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *