Өмгөөлөгч Ц.Оюунбаатар: Ц.Хуланг сонгуулиар хийсэн хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидлаар буруутгаж буй
Яруу найрагч Ц.Хулангийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Оюунбаатартай ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил хүний эрхээр мэргэшин ажиллаж буй судлаач, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг хүн юм.
Д.Оюунбаатар ХЭҮК-ын хуулийг санаачлан баталж, Европын холбооны парламентийн салбар хорооны хуралд илтгэл тавьж, Парисын гудамжинд хүний эрхийг хамгаалан жагсаж явсан.
-Яруу найрагч Ц.Хуланд есөн жил, зургаан сарын хорих ял оноосон тухай зарласан нь олон нийтэд эргэлзээ тээнэгэлзэл төрүүлж байна. Та ямар мэдээлэл өгөх боломжтой вэ?
-Ц.Хуланд тагнуулын гэх хэргийг үүсгэж, барьж хорьсноос хойш сар гаруйн дараа Монголын алдартай зохиолчид, урлагийн соёлын төлөөлөл ерөнхийлөгчид хандсан. Тэдний зарим төлөөлөл, олон нийтийн шаардлагаар энэ хэргийн өмгөөлөгчөөр ажилласан. Ц.Хулан өөрийн чинь хэлснээр уран бүтээл, ажил үйлсээрээ, бүх түвшинд эх оронч, цогтой тэмцэгч хүн. Их цоглог, дайчин бас хувьсгалч эмэгтэй. Уран бүтээлийг нь мэддэгийн хувьд эртнээс өөртэй нь ч, эцэг эхтэй нь ч дотно танилууд. Би Ц.Хуланг сайн мэднэ. 2000-аад оны дундуур ардын уран зохиолч Д.Пүрэвдорж бид хоёр Ц.Хуланг хоёрдугаар эмнэлэгт хүнд өвчтэй байхад уулзаж, өдөржин ярьж хөөрч сууж байлаа. Монголын алдар цуутай нэрт ардын уран зохиолч, яруу найрагч, зохиолч уран бүтээлчдийн хүсэлтээр энэ хэрэг дээр цаг гаргаж, судалсан.
Би өмгөөллийн ажлыг дагнаж хийдэггүй. Жилдээ би хоёр, гурван удаа зөвхөн хүний эрх, улс төрийн шинж чанартай хэрэгт өмгөөлөгчөөр ордог. Авилга, хулгай дээрэм, албан тушаалын гэх мэт өөр хэрэг дээр ажилладаггүй. Үүний өмнө “Тусгаар тогтнол” хөдөлгөөний эх оронч таван залуу буюу “Халуун цуст” хочит Б.Тулга, Д.Банзрагч нарын хэрэг дээр өмгөөлөл явуулсан.
Ц.Хулангийн хэргийн тухайд, өмгөөлөгч нарт маш хатуу хяналт хязгаарлалт тавьж, өмгөөллийн ажилд хүндрэл учруулж байсан. Бидний тэмдэглэлийг хураан авч, ганцаарчилсан уулзалтыг бичлэг, камераар хянаж байсан талаар тухай бүр гомдол гаргаж байсан. Миний бие УИХ-ын гишүүн байхдаа энэ эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсэгт орж дагнан ажилласан. Хүний эрхийн асуудал дээр ихээхэн анхаарч байсан. Бодит амьдрал дээр мөрдөн байцаах, прокурор, шүүгчийн хүний эрхийн талаарх мэдлэг маш сул дорой, хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, завхрал гаргаж байна.
Тухайлбал эрүүгийн хуулийн 19-ийн дөрөвдүгээр зүйл дээр үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан, учруулахыг зорьсон үйлдэл, эс үйлдлийг шаарддаг. Хоёрдугаарт улсын нууцын асуудалтой холбоотой байх, гадаадын тусгай албадыг мэдсээр байж харьцсан, тохиролцсон, тодорхой үүрэг даалгавар авсан байхыг шаарддаг. Ц.Хуланд холбогдох хэрэгт эдгээрийн аль нь ч байхгүй.
Прокурор өөрсдөө улсын нууцын асуудал огт байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хуралдааны тэмдэглэлд хар цагаанаар бичигдсэн. Тэгсэн мөртлөө яллах гээд улайраад дайраад байдаг. Хуульчдын мэргэжлийн байх, яллах, цагаатгах бүх л баримтыг тал бүрээс нь шалгах, хүний эрхийг дээдлэх үүргээ хэрэгжүүлэхгүй орхигдуулж байгаад гайхаж байна. Энд хүний эрхийг зөрчсөн зарим нэг асуудлыг л ярьж байна.
-Ц.Хулангаар нууц хадгалах баталгаа гаргуулж авсан нь өөрийгөө хамгаалах боломжгүй болгосон-
Би хянан шийдвэрлэх ажиллагаа болон зарим шаардлагыг хүлээж авахгүй гэх хүсэлтээ бичгээр өгсөн. Ц.Хулангаар хүртэл нууц хадгалах баталгаа гаргуулж авсан. Энэ бол бүр үндсээрээ буруу. Хэрэгт холбогдон шалгуулж буй хүнийг өөрөө өөрийгөө хамгаалах боломжгүй болгож байна. Хэлмэгдлийн үед алах ял авсан хүнийг нүхийг нь өөрөөр нь ухуулж бууддаг байсан гэдэг шиг. Мөн өмгөөлөгчийн гүйцэтгэх ажил, хүний эрхийн хууль зөрчиж мөрдөн тагнаж, элдэв шантааж, дарамт үүсгэн сүрдүүлэх гэж оролдлого хийсэн нь Ардчилсан гэх Монгол Улсад байж болохгүй асуудал юм. Татвар төлөгчдийн олон тэрбумын төсвөөс санхүүждэг УИХ, ХЭҮК дүгнэлт хийх цаг болжээ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ дээр эх оронч яруу найрагч Цоодолын Хулан гадаадын тагнуул байсан мэтээр бичлэг үзүүлсэн тухай мэдээлэл байгаа. Энэ маш ноцтой. Монгол улсын нэр хүнд, ардчилал, хүний эрхийн хэмжүүрээр маш доошоо оржээ.
-Гэвч та бүхэн чимээгүй л байсаар ирлээ. Энэ ямар учиртай вэ?
-Бид энэ асуудлаар бодитой мэдээлэл гаргаагүй. Зөвхөн эрх зөрчигдөж байгаа асуудлаар холбогдох байгууллага, шүүхэд удаа дараа хандсан. Ц.Хулан Монгол Улсын нууцтай, маш нууц, нууцын зэрэглэлтэй ямар нэгэн бичиг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй. Тэр дундаа Ерөнхийлөгчийн Шашин соёлын асуудал хариуцсан зөвлөх байхдаа ийм төрлийн бичиг баримттай танилцаагүй.
Хоёрдугаарт, Ц.Хулан гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, тохиролцоо хийсэн нэг ч баримт байхгүй. Гуравдугаарт, гадаадын тагнуулын байгууллагад Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, цэрэг зэвсгийн нууцад холбогдох мэдээ материал дамжуулж өгч байгаагүй.
Х Богдыг сонгох, залах асуудал яригдаж эхэлсэн 2014 оноос жирийн ард түмний хүүхдээс сонгон шалгаруулахыг шаардаж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр ярьсан байдаг. Энэ нь гэрчийн мэдүүлгээр маргаангүй тогтоогдсон. Үндсэн хуулиар төр шашны үйл ажиллагаа бие биенийхээ дотоод үйл хэрэгт оролцохгүй, шашин төрөө хүндэлнэ, төр шашнаа хүндэлнэ гэсэн байгаа. Богдын асуудал улсын нууцад огт хамаагүй. Энэ асуудлаар надтай хэн ч маргалдаж, мэтгэлцээд хол явахгүй.
Өөрөөр хэлбэл, тагнуулын, үндэсний аюулгүй байдалд харьяалагдах үйлдэл, үйл ажиллагаа хийсэн нь 15-16 хавтаст хэрэгт огт нотлогдоогүй. Шүүх дээр бид бүтэн дөрөв хоног мэтгэлцлээ, шүүгчээс, прокуророос шаардлаа. Бүр удаа дараа шаардсан. “Гадаадын тусгай албадтай тохиролцсон ямар тохиролцоо байна. Хэзээ, хаана тохиролцсон, ямар даалгавар авсныг нь та нар 2018 оноос хойш таван жил мөрдөж тогтоосон гэж байгаа. Үүнийгээ яг юугаар нотолж байгаа юм бэ” гэж. Нотолж чадахгүй байна.
Өнөөдөр шүүх зөвхөн гадаадын тусгай албадтай хамтарч ажилласан гэж тогтоолоо, 9 жил 6 сараар хорьсугай гэсэн тогтоол танилцуулж байгаа нь олон түмнийг эргэлзээнд орууулж байна. Эх орон газар шороогоо гэсэн шударга ёс шаардсан болгоныг шоронд хийж амыг нь барилаа гэж нийгэм тэр аяараа шүүмжлэхэд хүргэж байгаад харамсаж байна.
-Нийгэм, яруу найрагчийг дэмжигчид яагаад ийм ял өгөв гэдэг дээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Ийм байдалд яагаад есөн жил, зургаан сар хорих ял өгөв?
-Ц.Хулангийн холбогдсон асуудлын хувьд хэвлэл мэдээллээр худал ташаа ярих, цуу тараах явдал хэрээс хэтэрсэн. 800 мянган ам.доллар авсан, Ц.Хуланг гандан хэлмэгдүүлж байна гэж өмгөөлөгч нь ярилаа гэх мэтээр худал мэдээллийг сошиал орчинд цацаж байгаа. Энэ хүн 2017 оноос 2020 оны гуравдугаар сарын 20 хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын асуудал хариуцсан зөвлөх байсан. Тэр үед Чингис хаан, Чанжинбумба хоёрын уулзалтын тухай монгол кино хийхээр БНХАУ-ын шинжлэх ухааны академийн урилгаар хэсэг хүн томилолтоор явахад Сажи ёсны хийдийн тэргүүн Б.Отгонбаатар, Ц.Хулан нарын хэдэн хүн хамт явсан байдаг. Мөн Монголд дөрвөлжин бичиг үүссэний 750 жилийн ойд зориулж, дөрвөлжин бичгийн хөшөө дурсгал байгуулж, эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор хийсэн. Үүнд 6000 мянган ам.доллар БНХАУ-ын ШУА-иас өгсөн. Ном гаргасан, хөшөө дурсгал хийсэн, үйл ажиллагаан дээр нь манай төрийн олон албан тушаалтнууд очсон байдаг. Энд ямар нэг холбогдол байхгүй. Энэ бол нотлогдсон зүйл. Ингээд 2020 оны гуравдугаар сард ажлаа өгсөн.
-Тэгээд УИХ-ын сонгуульд нэр дэвшснийг санаж байна…?
-Тэгсэн. Баянзүрх дүүрэг буюу 100 гаруй мянган сонгогчтой тойрогт нэр дэвшсэн. Эрх мэдэлтэй МАН, АН-ын аль ч нэр дэвшигч бүх хэвлэмэл материалаа урд хөршид хийлгэдэг. Түүнээс Ц.Хулан тойрч гараагүй шиг байгаа юм. Мөн манай бүх л зохиолчид, яруу найрагчид бүтээлээ Өвөрмонгол, Хятадад хэвлүүлдэг.
Тухайлбал, Ц.Хулан “Алтан загасны зэгсний ангир” номоо Өвөрмонголд гурав дахь удаагаа худам монгол бичгээр хэвлүүлсэн байна. Энэ номныхоо мөнгийг авч байсан. БНХАУ-д томилолтоор явахдаа номоо хүмүүст бэлэглэж байсан. Бас борлуулсан, борлуулалтынхаа орлогыг авсан. Энэ мөнгийг сонгуулийн үеэр орж ирсэн гэж тайлбарладаг.
Сүүлд нь Монголын яруу найрагчдын бүтээл Бээжинд, хятад хэлээр хэвлэгдсэн. Номын шагнал гэж 3000 ам.доллар орж ирсэн гэдэг. Үүнийгээ бүтээлийн шагналын журмаар хүлээн авсан гэж тайлбарладаг. Ц.Хуланг барьж аваад, шоронд хийчихсэн. Зургаан сар шоронд суусан. Ямар ч өөрийгөө цагаатгах, ном хэвлүүлсэн борлуулсан гэрээ нотолгоог гаргах боломж олгоогүй. Өөрөөр хэлбэл зөвхөн яллах, буруутгах талаас нь л үйл ажиллагаа явуулсанд харамсаж байгаа.
-Шүүх гэмт хэргийн улмаас түүнийг 170 сая төгрөгийн орлого олсон гэж дүгнэсэн байсан?
-170 сая төгрөг гэдэг нь сонгуульдаа зарцуулсан мөнгө нь. Ц.Хулан сонгуулийн үеэр хоёр уран бүтээл хийсэн. Нэг нь, Х Богдыг залах асуудалд маш шүүмжлэлтэй хандсан агуулгатай. Тухайн үеийнхээ улс төр, нийгмийн асуудал дээр маш шүүмжлэлтэй хандсан. Х Богдоор улс төрчийн, эсвэл олигарх бизнес эрхлэгчдийн хүүхдийг тодруулахыг эсэргүүцэж байсан. 2014 оноос л энэ хүн эсэргүүцэж ирсэн. Тэр нь бол нотлогдсон. Хавтаст хэрэгт бий.
Энэ үзэл бодлоороо телевизийн хоёр нэвтрүүлэг хийсэн. Монголын ард түмний хүртээл болсон “Төрд шүгэлсэн зэтгэр” нэвтрүүлэгт гадаадын шашин орж ирж байгаа асуудлыг хөндөж, тодорхой хуулийг УИХ дээр болиулсан байдаг. Их ноцтой асуудал л даа.
Ц.Хулан бол өөрөө дээрх хуулийг зогсоолгосонд нь өширхсөн хүмүүсийн ажил гэж энэ бүхнийг тайлбарладаг. Мөн хоёр дахь нь болох “Аравдугаар богдын наймаа” гэдэг нэвтрүүлэг хийсэн.
Гурав дахь асуудал нь, Ц.Хулан XIV Далай ламд Х Богдыг залах асуудлаар захидал бичсэн байдаг. Энэтхэгт явж байхдаа далай багштай тааралдах гэнэтийн боломж тохиож, уулзалтын өмнөх өдөр сурагчийн дэвтрийн хуудас дээр /Төвд айлаас авсан/ захидал бичиж өгсөн. Ингээд хоёр нэвтрүүлэг, нэг захидлын асуудлаар мань хүн Монгол улсад тагнуулын гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдлаа. Энэ захидал олон нийтэд удахгүй ил болно. Би шүүх хурлын өмнө олон нийтэд нийтэлж хэрэггүй гээд зөвлөсөн. Олон нийтэд очих биз ээ. Монголын 3 сая иргэн хэнд ч захидал бичиж болно, хуулиараа.
Ц.Хуланд нотлох баримт гаргаж өгөх бололцоо огт олдоогүй. Шоронд аваачаад хийчихсэн. Түүнтэй холбогдуулж Хөххотод тоглуулсан хүүхдийн жүжгийн шагналын мөнгө гээд л бас бус олон юм ярьдаг. Тэр бүхнийг тайлбарлах, нотлох ямар ч боломж олголгүй хорьж байгаад өнөөдөр тасаллаа.
-Ц.Хулан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн-
-Өмгөөлөгчийн хувьд та энэ бүхнийг хэрхэн дүгнэн харж байна вэ?
-Дээрх бүгд бол Ц.Хулан Үндсэн хуулийн 16.16-д заасан Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн явдал. 2020 он шүү дээ. Өнөөдөр 2023 он. УИХ-ын сонгууль, нийгмийн халуун уур амьсгал, өрсөлдөөн бухимдлын дунд хийсэн хоёр нэвтрүүлэгтээ тэр өөрийн байр сууриа хурц, эмоцитойгоор илэрхийлсэн байж болно. Бид шүүхэд хандан, “Энд улсын нууц агуулагдаж уу. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хор уршигтай юм байна уу” гэдгийг тогтоох шинжээч томилж өгөхийг хүссэн. Шүүгч “Үгүй” гээд л алх цохисон. Мөн байцаан шийтгэх үйл ажиллагаатай холбоотой маш олон зөрчил гарсан.
-Хүний эрхийг зөрчсөн асуудал гарсан уу. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой шүүх хуралд шүүгч нь оролцож байгаа тул гэсэн шалтгаанаар хурлын тов хойшилж байсан?
-Зөрчсөн.
Хэргийг цагаатгах болон яллах хоёр талаас шалгах ёстой. Ц.Хулангийн тухайд асуудлыг хэзээ ч цагаатгах, хөнгөрүүлэх талаас авч үзээгүй. Яагаад Монгол Улсынхаа иргэнд ийм хатуу ханддаг юм бэ. Хэн үүнийг захиалж байна вэ гэж бодогдож байна.
Маш хатуу хандсан. Энэ зургаан сард шоронгоос нэг ч өдөр толгойг нь цухуйлгаагүй. Би өөрийнх нь үгээр хэлж байна шүү, Ц.Хулан “Намайг эрүүдэн шүүсэн, би ухаан алдаж унасан” гэж ярьсан. Ухаан алдаж унасан нь үнэн, эмч нарын магадлагаагаар тогтоогдсон. Бие нь муудсан, агаар салхинд гаргаад өгөөч гэхэд нь зөвшөөрөөгүй. Тэгээд Б.Отгонбаатарыг өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлэхийн тулд хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан. Энэ нь Ц.Хулангийн ч, Б.Отгонбаатарын эрхийг ч ноцтой зөрчсөн хэрэг. Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ хуулиудыг хийсэн, хийлцсэн. Цаг ямагт хүний эрхийн асуудлыг нэгдүгээрт тавьж ажилласан. Гэтэл энэ бүх процесс зөвхөн Ц.Хуланд ял өгөх зорилгод чиглэсэн.
Ц.Хуланд алдаа бий. Бодсон санаснаа хамаагүй илэрхийлдэг. Билэг танхай. Гэхдээ түүний эрхийг үнэхээр зөрчсөн, мөн өмгөөлөгчид чөлөөтэй ажиллах боломж олгоогүй. Шүүх хуралдааны явцад ч, зарим хэргийг өмгөөлөгчид танилцуулахгүй байх жишээтэй. Тийм хууль лав байхгүй, би өөрөө энэ хуулийг хийлцсэн хүн шүү дээ.
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийг шүүсэн шүүгч Ц.Хуланг шүүсэн. Шүүхийн танхимын гадаа жагсаж байсан иргэд хэлж байна. 300 тэрбум төгрөгөөр улсыг хохироосон хүнд 3 сая төгрөгийн торгууль оноодог шүүгч Ц.Хуланг яасан гэж 9 жил 6 сараар хорих ял оноож байгаа юм бэ. Үүнийгээ тайлбарлаач гэцгээсэн.
-Яруу найрагч Ц.Хулан өөрөө энэ шийдвэр дээр ямар суурьтай байгаа вэ?
-Яруу найрагч цоглог байгаа. Нууцад хамаарахгүй учир би үүнийг хэлж байгаа юм шүү. Эмэгтэй хүн нэг зүтгэвэл хүчтэй юм даа, би олон зүйл дээрээс харлаа. Зургаан сар шоронд сууж, эрүүл мэндээр хохирлоо. Нэг нүд нь хараагүй болж байна. Дархлаа унах асар хүнд өвчтэй хүн. Ийм хүнийг зургаан сар хорилоо шүү дээ. Тэр шүүх хурал дээр “Б.Отгонбаатар ламыг шийтгээд яах юм бэ, намайг шийтгэ. Та нар энэ хүнийг тэртэй тэргүй хамтран ажиллана гэж хуураад, элдэв худлаагаар хэлүүлсэн ч битгий шийтгэ. Цаг үеийн салхиар намайг хорьсон ч түүх намайг цагаатгана” гэж хэлсэн. Би түүний үгийг ард түмэнд дамжуулж хэлэх нь зүйтэй болов уу.
-Давж заалдах шатанд та найдаж байна гэлээ. Яагаад?
-Мэдээж шүүх шударга байна гэдэгт найдаж байна. Асуудлыг өөр өнцгөөс харна. Адаглаж нотлох баримтгүйгээр хүнийг яллаж болохгүй. Өөрийгөө цагаатгах, тэр мөнгийг “Уран бүтээлийн шагнал хэлбэрээр авсан” гэдгээ нотлох бололцоог нь олгох хэрэгтэй шүү дээ.