Ирэх 7 хоногт болох “Алтан овооны их тахилга”-ын хөтөлбөр гарав
Алтан овооны их тахилга ирэх долоо хоногийн Баасан, Бямба, Ням гаригт /2023.08.04-06/ болно. Тус тэнгэрийг тайх төрийн тахилгын 110 жилийн ой Дарьганга суманд болох бөгөөд зохион байгуулах хорооноос мэдээлэл хийж хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Тахилгаар Дарьганга өв, соёлыг олонд таниулах, сурталчлах, Дарьганга ястнуудын онцлогийг харуулах шийдлийг илүүтэй эрэлхийлж байгаа аж. Энэ хүрээнд их тахилга наадмын үеэр нутгийн урчуудын үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэх бөгөөд, үүнд “Тал нутгийн чулуун цадиг” нэртэй мөнгөн урлалын өв, уран зураг, гэрэл зураг зэрэг үзэсгэлэнг дэлгэхээр болжээ.
Эдгээр үзэсгэлэнгүүд соёлын нэг цогц болон нэг асарт гарах юм. Тахилгын нээлт наймдугаар сарын 4-ний 20:30 цагт болж, 22.30 цагт Эрдэнэмандал хийдийн лам хуврагууд долоон бурхан одны тахилгын зан үйлийг хийх аж.
АЛТАН ОВООНЫ ТАХИЛГАД НЭГ ТЭРБУМЫН ТӨСӨВ ЗАРЦУУЛНА
Алтан-Овооны их тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандивлагчдын нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулагдана хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. Өнөөдрийн байдлаар дөрвөн насны хурдан морины бай шагналын хандив төвлөрөөд байгаа бол хоёр насны морьдын бай шагналын асуудал яриа хэлэлцээрийн түвшинд байгаа аж.
Дарьганга суманд шинээр барьж байгаа наадмын талбайг тойруулан 18 асар байршуулах бөгөөд сум сумаараа асартаа сууж, тахилга наадмаа үзэх боломжийг бүрдүүлэхийг зорьжээ. Мөн наадмын талбайг тойруулан сум бүр өөрийн гэрээ барьж сумдынхаа иргэдэд үйлчлэх төлөвлөгөөг гаргасан байна.
Тахилга наадамд зургаан насны морьд уралдана. Сонгомол нас уралдахгүй бөгөөд уралдаанд орох морьдыг сэрвээний өндрөөр хэмжих юм. Мөн хуульд заасан хэмжээгээр уралдах зайг тогтооно.
- Наймдугаар сарын 5-нд азарга, соёолон, даага,
- 6-нд их нас, хязаалан, шүдлэн насны морьд,
Уралдах морьдыг наймдугаар сарын 3-ны үдийн хойно бүртгэж эхлэх бөгөөд бүртгэл Дарьганга сумын ЕБС-ийн Спорт заланд явагдана. Энэ үеэр Алтан-Овооны наадамд зориулан хийсэн номерыг уралдаанч хүүхдүүд үнэгүй тараах аж. Мөн хөтөлбөрт зочид төлөөлөгчдийн байрших асар, гэр, хүлээн авалт, хүндэтгэлийн арга хэмжээ зэргийг тусгасан бөгөөд маргааш эцэслэн батлагдах аж.