Үерт өртсөн иргэд шинэ суурьшлын бүсэд төвхнөж эхэлсэн бөгөөд нийтийн тээврийн асуудлыг шийдэж өгөхийг хүслээ
Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж үзүүлж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд шинэ суурьшлын бүс үүсгэхээр болсон. Тухайн айл өрхүүд нь хэрхэн суурьшиж байгаа талаарх сурвалжилгыг бид энэ удаад бэлтгэлээ.
Дарь эхийн тоосгоны үйлдвэрийн хойно байрлах шинэ суурьшлын бүсэд үерийн улмаас орон гэргүй болсон, газрын зөвшөөрөлгүй байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Тухайн бүс хүртлэх автозамыг эхний ээлжинд хусаж, сайжруулсан шороон замтай болгожээ.
Үер буусан газраас гурван км орчим замыг туулж очвол уулын энгэр хэсэгт 20 орчим шинэ гэр барьсан байх бөгөөд зарим айл нь эхнээсээ нүүж ирээд хашаагаа барьж байлаа. Мөн УБЦТС-ний ажилчид тог цахилгааны асуудлыг шийдэхээр ажиллаж байв. Тэдний өгч буй мэдээллээр “Цахилгааны шугамыг 1.1 км газраас татаж, дэд өртөө, тоолууржуулалтын ажил хийж байна. Өнөөдөр оройноос холболтоо хийж, эхнээс нь айлуудын цахилгаантай болгоно” гэв.
Газрын зөвшөөрөлгүй эрсдэлтэй бүсэд амьдарч, үерийн улмаас орон гэргүй болсон иргэд шинэ суурьшлын бүсэд хэрхэн төвхнөж байгаа талаар иргэдтэй уулзаж тодруулахад “Үерт өртөж, өмсөх хувцастайгаа үлдээд айл гурав хонож байхад нийслэлээс бидэнд тавилгатай шинэ гэр олголоо. Гэр өгсөн эхний өдөр л эндээ нүүж ирсэн.
Үер ус гэдэг ямар аюултай зүйл байдгийг биеэр мэдэрлээ. Монгол гэр чинь үерт мушгисан даавуу шиг л болдог юм байна. Цээжээр татсан их ус гэрт орж ирсэн. Тэр үед ач хүү минь гаднаас орж ирж намайг аварсан. Ус уух хувьтай байжээ гээд амьд үлдсэндээ баярлаад сууж байна. Энд газраа айл бүрт 07 га газар олгож, айл бүрээр нь цагаан зураасаар тэмдэглэж өгчээ. Одоо эндээ суурьшиж, амьдарна даа. Хөдөө байгаа юм шиг агаар нь цэвэр, хөрс нь цэвэр сайхан л байна” гэсэн юм.
Харин хашаагаа барьж буй иргэнээс шинэ газар нүүж ирээд хүндрэл бэрхшээл юу байгаа талаар тодруулахад “Энд ирээд гурав хонож байна. Улсаас газар, гэр хоёр өгөхөөр нь өчигдөр өнөөдөр хоёр ажлынхаа хамт олныхоо хүчээр хашаа, жорлонгоо бариад байж байна.
Үерийн дараа өмсөх хувцастайгаа л гэрээсээ гарсан. Өөрсдөө амьд үлдсэндээ баярлаж байтал улсаас гэр өгч, газар олголоо. Үнэхээр их баярлаж байна. Үерийн дараа цаашид яаж амьдарна даа гэж бодоод айж байсан шүү. Ус гэдэг үнэхээр чинь аймаар зүйл байдаг юм байна. Хэсэгхэн зуур л ийм аймаар юм болдог юм байна лээ. Тиймээс цаашид эрсдэлтэй бүсэд амьдарч, амь насаараа дэнчин тавихгүйн тулд улсаас олгож байгаа шинэ газарт ирээд сэтгэл амараад байж байна. Асуудал гэх юм гайгүй. Хамгийн гол нь нийтийн тээврийн асуудлыг л шийдээд өгвөл тэгээд болно. Уг нь энэ хавиар бага оврын нийтийн тээвэр явна гэдэг зүйл яригдаж байна лээ. Харин хэзээ хэрхэн шийдэхийг нь мэдээгүй” гэв.
Газрын зөвшөөрөлгүй эрсдэлтэй бүсэд амьдарч байсан зарим иргэд шинэ суурьшлын бүсэд шилжин ирэхийг төдийлөн хүсэхгүй, газрын байршлыг нь голж байгаа бол зарим нь агаар сайтай, аюулгүй орчинд амьдрахаар болж байгаадаа ийнхүү талархалтай хандаж байна.