Үндэсний аудитын газар: Иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байна

Мэдээлэл технологийн нэгдсэн төвийн захирал, тэргүүлэх аудитор Б.Сэр-Од, зүүн гар талд
Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх, иргэдтэй харилцан ойлголцох, хамтран ажиллахад энэ сургалт чиглэжээ.
Тус байгууллагын ил тод байдал, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудит, гүйцэтгэлийн аудит гэж юу болох, www.audit.mn сайтын танилцуулга болон сайтаас хэрхэн тайланг хайх ашиглах талаар тус бүр хариуцсан мэргэжилтнүүд мэдээлэл өгөв.
Аливаа тайланг жирийн иргэд ойлгох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Үндэсний аудитын газрын тамгын дарга Б.Бундхорол, ”Төрийн аудитын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Бидний хамтарч аудитын тайлангийн үр дүнг олон нийтэд хүргэж байна.
Иргэд тоон мэдээлэлд үндэслэн гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, үйл ажиллагааг илүү сайжруулах боломжтой. Бид хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдтэй мэдлэг хуваалцах цагийг улирал тутам зохион байгуулдаг юм. Санхүү, гүйцэтгэлийн аудитууд, нэгдсэн тайлан, хавсралтууд, дүгнэлт зөвлөмжүүд, албан шаардлагуудын тусламжтайгаар тухайн байгууллагын хяналтыг сайжруулах нь уулзалт хэлэлцүүлгийн гол зорилго’’ гэв.

Үндэсний аудитын газрын тамгын дарга Б.Бундхорол
Энэ удаагийн уулзалт шинээр томилогдсон Монгол улсын Ерөнхий аудитор үйл ажиллагааны чиг баримжаа, бодлогын хувьд юун дээр анхаарах вэ зэргийг тодорхойлох цаг мөчид боллоо.
Түүний баримтлах гол бодлого нь иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах, иргэдийн мэдэх эрхийг хангах, аудитын тайлан дүгнэлт зөвлөмжийг иргэдэд нээлттэй мэдээлэх гэв.
Улмаар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд засгийн газрын үйл ажиллагааг хянаж, шахалт үзүүлэх тал дээр илүү анхаарч ажиллана гэсэн юм.
Сүүлд хийсэн ажлуудаас дурдвал аудитын цахим портал сайтаа шинэчилсэн байна. Аудитын бүх тайланг түлхүүр үгээр хайх боломжтой бүрдүүлжээ. Улсын хэмжээнд явуулж буй төслүүдийн хэрэгжилт, хөрөнгө зарцуулалтыг иргэдэд хүргэх боломжийг хэвлэл мэдээллийн салбарынханд илүү хялбарчлан дамжуулдаг болохоор ажиллаж байгаа аж.
Мөн дараагийн аудитын сэдвийн талаар E-mongolia цахим сайтаар дамжуулж иргэдээс хүсэлт авдаг болжээ. Ямар асуудалд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлэх боломжийг нээсэн тул иргэд идэвхтэй оролцохыг Үндэсний аудитын газрын тамгын дарга Б.Бундхорол уриаллаа.
Хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчид аудитын тайлан боловсруулахад ашигладаг эх сурвалжийг нээлттэй болгох, цахим сайтад тулгарч буй хүндрэлүүд, дотоод хяналтын асуудлыг хөндөж, сонирхсон асуултуудад мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авав.
Мэдээлэл технологийн нэгдсэн төвийн захирал, тэргүүлэх аудитор Б.Сэр-Од сайтын талаарх санал хүсэлтийг хүлээн авч, дөрвөн сарын дотор шинэчлэл хийхээ мэдэгдсэн юм.
Аливаа систем үргэлж сайжирч байх ёстой учир цаашид иргэд олон нийт санал хүсэлтээ өгөх нь системийг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно гэдгийг хэллээ.