Талийгаач охины эгч: “Дүү нараа эмнэлгийн орон дээр харав аа!” гэх заналхийлсэн чатууд ихээр ирсэн
Ховд аймгийн ЕБС-ийн наймдугаар ангийн 15 настай охин үе тэнгийнхээ гурван охинд зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар талийгаач охины ар гэрийнхэн Ховд.мн сайтад мэдээлэл өгснийг та бүхэнд хүргэе.
Талийгаач охины ээж:
-Миний охин энэ сарын 12-ны өдөр “Гурван охин толгой руу цохисон” гээд толгойгоо боолгочихсон ирсэн. Тухайн үед толгой зүгээр, өвдөхгүй байна гээд хэд хоног явсан. 01 дүгээр сарын 27-ны өдөр бие нь тааруу байна гээд царай нь цонхийсон байдалтай байсан. Тэр өдөр юу болсныг шалгаахаар уурлаж, цааргалаад сэтгэлийн зовуурь ихтэй хэлэхгүй байсан.
Өвдөлт нь ихсээд, эмнэлэгт хэвтсэн. Бөөлжих, өвчин намдаах тариулах гэх мэтээр зовуурь ихтэй байсан. Эрчимт эмчилгээний тасаг руу ороход аппарат залгасан, хөл нь хүйтэн. Эмч “Сахиурын хэрэг алга. Гар” гээд гаргасан. Удалгүй үүдэнд сууж байтал гарын үсэг зуруулахаар гарч ирсэн. Тэгээд л “Ар гэрийнхнээ дууд” гээд охин нас барсан талаар дуулгасан. Бид эмнэлэгт гомдолтой байна. Яагаад толгойндоо гэмтэл авсан хүүхдийг “Гэмтэлгүй, зүгээр” гээд явуулав?
Талийгаач охин “ХААИС-ийн дөрвөн оюутан охин тамхи татаж зогсож байгаад намайг трубагаар цохисон. Би ухаан алдчихсан байсан” гэсэн. Зулай дээр нь санаатай цохисон. Эмнэлэгт хандахаар “Зүгээр” гэж цаг алдсанаас болж охиноо алдлаа.
Дээрэлхүүлээд байгаа гэдгээ хэлж чадахгүй нуудаг байсан байна лээ. Ингээд бодоод үзэхээр үнэхээр их сүрдүүлэг дунд байсан гэж бодож байна. Эмнэлгийн хаалга руу орохоосоо өмнө сүүлийн удаа ээжийгээ татаж үнссэн. Үнэхээр гомдолтой байна гэв.
Нагац эгч: Цагдаагийн байгууллагаас тухайн хүүхдүүдийг олоогүй байгаа гэсэн. Манай хоёр дүү талийгаач охинтой гурвуулаа дотно байдаг байсан. Манай дүүгийн утсанд “Дүү нараа эмнэлгийн орон дээр харав аа!” гэх заналхийлсэн чатууд ихээр ирсэн байсан гэв.