Засгийн газрын хуралдаан: Нийслэлийн Засаг даргыг шинээр газар олгохыг хориглов
Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааны дараа хийсэн мэдээллийг тоймлон хүргэе.
Газар олголтыг шилэн болгов
Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд газрыг хэн хэнд олгосон, ямар бүрэлдэхүүнтэй комисс хүлээлгэж өгсөн зэрэг газар олголттой холбоотой бүх мэдээллийг харж болно гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.
Энэ үеэр тэрээр Aqua garden хотхоны талаар “Дунд голын ай савд баригдаж буй Aqua garden хотхоны газрыг 2013 онд Эм энд Жи компанид ногоон байгууламжийн зориулалтаар олгосон. Дараа нь 2018 онд НЗД-ын захирамжаар усан парк, үйлчилгээ болгосон. Барилга ашиглалтад ороогүй байгаа тул улсын комисс ажиллаагүй байна. Цаашид 5Ш ажиллагааны хүрээнд мэдээллийг нээлттэй болгосноор хяналт сайжирна. Үерээс илүү хариуцлагын үерт нэрвэгдэж байгааг иргэд олон нийт шүүмжилж байна. Гол дээр байсан барилгыг хүлээн зөвшөөрсөн нь гол анхаарлыг татаж байгаа юм” гэлээ.
- RFID чипийг машинуудад олгож эхлэхтэй холбогдуулан Хяналт удирдлагын нэгдсэн системийг удирдлага зохион байгуулалтад оруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, ЦХХХ-ны сайд Н.Учралаар ахлуулахаар болсон байна. Хяналт удирдлагын нэгдсэн системд цагдаагийн газрын мэдээлэл, авто тээврийн үндэсний төвийн мэдээлэл холбогдох юм байна. Ингэснээр RFID чипээр дамжуулан замын хөдөлгөөн, түгжрэлийг зохицуулах боломжтой гэв.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар газар олголтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ
Нийслэлийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг бууруулах, нийслэлийн хот төлөвлөлтийн талаар Засгийн газрын тогтоолыг баталжээ.
Цаг уурын гамшиг үзэгдэл ойрхон давтамжтай болж, үер усны гамшиг болж байгаа тул инженерийн барилга барих газрын зохион байгуулалт, төлөвлөлтийг авч үзэх юм байна. Энэхүү тогтоолын дагуу Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах аж.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргаас гадна БОАЖЯ, БХБЯ газар олгож байна. Олон газраас газар олголт хийснээр Улаанбаатар хот одоогийн нөхцөл байдал хүрсэн. Тиймээс БХБ-ын сайд Ч.Даваасүрэн бид хоёр хамтран Газрын тухай хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Ингэхдээ газрыг цэгцтэй, нэгдсэн бодлогоор олгох, замбараагүй олгосон газрыг эргэж харах, цуцлах, хүчингүй болгох үүрэг даалгавар авлаа. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргад шинээр дахин газар олгох захирамж гаргахгүй байх үүрэг өгсөн. Хууль зөрчиж газар олгосон, эзэмшсэн, барилга барьсан асуудлыг судалж, шалгахыг мөн үүрэг болгосон” гэлээ.
Үүнээс гадна дараах үүргийг Ерөнхий сайд өгчээ.
- Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалуулж, энэхүү агентлагаар газар олголтыг нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх аж. Энэ чиглэлд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах юм байна.
- Үерийн гамшгийн шинжээчийн нэгдсэн дүгнэлт гаргахыг ОБЕГ-т даалгав. Усны урсгалыг хааж далан босгосноос болж ойр орчимд гамшиг осол учруулсан ААН-ийг иргэний журмаар хохирол нэхэх боломж олгох талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэгдсэн байна. “Авлига” хороолол болон S’Outlets ямар хохирол учруулсныг мөн энэ үеэр судлах юм байна.
- Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийг үнэлгээг олон улсын мэргэшсэн байдлаар дүгнүүлж, эрсдэл бууруулах төлөвлөгөө гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.